Д.Ганхуяг:”Эрдэнэс Тавантолгой” хувьцааны ханш 3-4 сая төгрөгт хүрнэ
2011.12.07

Д.Ганхуяг:”Эрдэнэс Тавантолгой” хувьцааны ханш 3-4 сая төгрөгт хүрнэ

-Ирэх оны төсөвт эх орны хишиг хувьцаа болж хувирлаа. Амлалт, хувьцаа хоёр ялгаатай ойлголт биз дээ?

-Төсвийн тухай хуульд ирэх оны хоёрдугаар сарын 1-ны дотор нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй тэнцэх хувьцааг иргэдэд олгох шийдвэр гарлаа. Иргэд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны 30 хүртэл хувийг Монголын болон олон улсын хөрөнгийн биржид борлуулж болно. 536 ширхэг хувьцааг хамгийн багадаа нэрлэсэн үнээрээ сая төгрөгөөр зарж болно. Харин түүнийг хадгалбал, 3-4 сая төгрөгийн үнэ хүрнэ гэсэн таамаглал бий.

Нөгөө талаас Хүний хөгжил сангийн тухай хуульд ирэх оны долдугаар сарын 1 хүртэл 21 мянган төгрөгөө өгдгөөрөө өгнө.

Дараа нь хуулийн заалтын дагуу ""Эрдэнэс  МГЛ" компанид стратегийн ордуудын төрийн мэдлийн хувийг нэгтгэж иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ" гэснээр иргэд насан туршдаа ногдол ашгаа авах юм. Нэг сая 500 мянга бол бэлэн мөнгө. Хувь хишиг, хувьцаа тараана гэдэг Үндсэн хуульд зааснаар ашигт малтмал бол ард түмний өмч гэдгийг баталгаажуулж байгаа хэрэг. Улсын төсвөөр хайгуул хийсэн 15 ордын төрийн мэдлийн хувийг  давуу  эрхийн  хувьцаагаар  эзэмшинэ  гэсэн  үг.

-Ахмадуудад нэг сая төгрөгийг 3-4 сард насны ангиллаар олгохоор байсан. Тэгэхээр хоёрдугаар сарын 1-ний дотор бүгдийг олгоно гэсэн үг үү?

-Тийм. Монгол Улсын бүх иргэнд хоёрдугаар сарын 1 гэхэд хувьцааг тараана. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгөжүүлж авна гэвэл шат дараатайгаар зохицуулна.

-536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг хамгийн багадаа нэг сая төгрөг гэж үнэллээ гэсэн. Тэгвэл 1072 ширхэг болж тоо нь өсвөл хэд болно гэж ойлгох вэ?

-Өнөөдөр 39 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс Засгийн газар 1-5 сая төгрөгийг бэлнээр нь тараах асуудлыг УИХ-аар батлуулсан.Хувьцааг хадгалах тусам үнэд орно.

-Оюутнууд 21 мянган төгрөгөөр 500 мянган төгрөгөө авч байна. Нэг сая төгрөгөө хоёр жил дараалан сургалтын төлбөртөө авч байгаа. Хувьцаа авах боломжгүй болж байгаа юм биш үү?

- Оюутнууд нэг сая төгрөгөө сургалтын төлбөрт  аваад байна. 500 мянган төгрөгөө ирэх оны долдугаар сарын 1 хүртэл сар бүр 21 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн авна. Үлдсэн мөнгөө хувьцаагаар авч болно.

-Оюутнууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 70 мянган төгрөг авна. 21 мянган төгрөгөө давхар авахуу?

-Авна. Хуулийн хүрээнд авах эрх нь нээлттэй.

-Хувьцаагаа мөнгөжүүлэх эрх нээлттэй ч он гараад бэлэн мөнгө авна гэсэн иргэд хувьцаа авна гэхээр хүлээлт нь талаар болох вий гэж зарим эдийн засагч шүүмжилдэг. Та үүнд юу хэлэх вэ?

-Нэг сая төгрөгийн хувь хишиг хүртээе гэсэн. Хэрэгжүүлэхдээ хувьцаа болон бэлэн мөнгөөр тараах зэрэг ямар ч хэлбэр байж болно. Ардчилал бол сонголт.

-Хувьцааны үнэ 3-4 сая төгрөгт хүрэх баталгааг та юугаар тайлбарлах вэ?

-Өнөөдөр нэг сая төгрөгийн хувьцааны нэрлэсэн үнийн хамгийн доод баталгааг дөрвөн сая битгий хэл арван сая хүрнэ гэж хэлж чадна. "Эрдэнэ МГЛ"-ийн давуу эрхийн хувьцааны ханш өсөх магадлал өндөр.Үеийн үед ногдол ашиг авна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.