УИХ-ын гишүүн Я.Батсуурь Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийлээ
2012.02.15

УИХ-ын гишүүн Я.Батсуурь Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийлээ

Тэрээр “Нэр бүхий гишүүд тус, тусдаа хуулийн төсөл санаачилсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж хуулийн төслүүдийг нэгтгэсэн. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтэд бид эсрэг байр суурьтай байна. Ажлын хэсэг бид нарын санаачилсан хуулийн төслийг эсрэгээр нь өөрчилсөн. Иргэдэд дангаар нь өгөх 1072 хувьцааг өнөөх сонгуульд амласан нэг сая төгрөгтэйгээ холиод шууд барьцаалчихлаа. Сая төгрөгөө тусдаа олго.

Сонгууль дөхчихсөн, сая төгрөгөө олгож чадахгүй болчихсон учраас ингэж барьцалдуулж ард түмнийг хуурах гэж байна. Хэрвээ нэг сая төгрөгөө өгч чадахгүй бол үнэнээ хэлээд ард түмнээсээ уучлал гуй.Бид бол Монголын хүн бүрт хувьцаа эзэмшүүлье гэж санаачилсан. Хүн бүр сая төгрөгөө ч авах эрхтэй, 1072 хувьцааг ч эзэмших эрхтэй. Хэрвээ энэхүү хуулийн төсөл дэмжигдэх юм бол Монголын маш олон хүн Тавантолгойн хувьцаа эзэмшиж чадахгүй нь ээ. Амьдрал хэцүү байгаа учраас олон хүн хувьцааг биш сая төгрөгөө авахыг хүснэ.

Сая төгрөгийг Цагаан сараар л идээд дуусчихна. МАН сая төгрөгөө энэ дөрвөн жилийн хугацаанд 300, 300-гаар хуваагаад өгчих боломж байсан. Иргэн бүр Тавантолгойн хувьцаа авах юм бол олон жил үр шимийг нь хүртэнэ. Оюутнууд сургалтын төлбөрөө авсан гээд Тавантолгойн хувьцаа эзэмших эрхгүй болчихлоо.Улс орны ирээдүй болсон олон мянган оюутнууд хохирч үлдэх нь.

МАН олонхоороо дэмжээд Байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдээд явчихсан. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхоороо дэмжигдээд явчихвал ард түмэн хохирч үлдэх нь ээ. Ард түмэн хохирох гэж байгаа учраас Ерөнхийлөгч хориг тавиач ээ. Ягаан, цэнхэр тасалбарт гарсан алдаа давтагдах нь ээ. Хувьцааны үр шимийн талаар учрыг нь олоогүй байхад сүйхээтэй нэгэн нь шил архи, хямдханаар худалдаад авчихсан. Ингээд иргэд хоосорч, хувьцааг нь авсан хүмүүс үйлдвэр, томоохон компанийн эзэн болчихсон байгаа. Бид нар хуулийн төслийг санаачлахдаа Тавантолгойн хувьцааг худалдаж болохгүй гэж зөндөө хэлсэн гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.