Ц.Даваасүрэн: УИХ хяналт, хариуцлага тооцох чадамжаа алджээ
2011.11.07

Ц.Даваасүрэн: УИХ хяналт, хариуцлага тооцох чадамжаа алджээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-УИХ-аар 2012 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Урьд өмнө байгаагүй том төсөв болсон талаар ярих боллоо. Зарим гишүүд бодлогогүй, үр дүнгүй хөрөнгө оруулалт их байна гэж шүүмжилж байна. Харин та яаж харж байгаа вэ?
-Уул уурхайн баялгийн орлогыг дагаад эдийн засаг тэлж, төсөв жилээс жилд хэд дахин томорч байна. Миний төсөвтэй зууралдаж явсан тэртээх 2000 оны эхэн үеийн төсвөөс даруй 15 дахин өссөн байна. Улсын нийт хөрөнгө оруулалт тэр үед 40-50 тэрбумд эргэлддэг байсан бол одоо 30 дахин өсөж, үүнээс дөрөв дахин их хөрөнгийг зөвхөн боловсролд, хоёр дахин их хөрөнгийг эрүүл мэндэд зарцуулдаг болж байна. Харин төлөвлөлтийн хувьд урьдын адил саналуудын цуглуулга хэвээрээ л байна гэхэд хилсдэхгүй. Өөр ч аргагүй биз. Манайд дунд хугацааны хуульчилсан, заавал мөрдөгдөх ёстой улсын хэмжээний нэгдсэн бодлого, төлөвлөлт гэж алга л даа. Хэн эрх мэдэлтэй, овсгоотой ажилласан нь саналуудаа түлхүү оруулчхаж байна. Сайд гишүүд нь байнгын хорооны хуралдаанд оролцож, төсвөө хамгаалж, батлуулах гэж чармайхаа ч байж.
-Төсвийн зарлага хэт өсөж байгаа нь инфляцид сөргөөр нөлөөлж байна гэх. Төв банкны ерөнхийлөгч ийм төсөв батлагдвал инфляци нэг оронтой тооноос давна гэж мэдэгдсэн. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлогыг хаана зангидаж өгөх ёстой юм бэ?
-Үнэндээ манайд макро эдийн засгийн нэгдсэн бодлого гаргаж, томъёолдог газар байхгүйтэй адил. Засгийн газар, төв банкныхан хоорондоо албан болон албан бус байдлаар санал солилцож, ярилцдаг л юм шиг байгаа юм. Тэр Хөгжил шинэтгэлийн хороогоо ч сонсож байгаа юм алга. Статус нь доогуур учраас сайдуудыг нэг бодлого дор яаж зангидаж чадах билээ. Тодруулбал, тооцоо судалгаан дээр үндэслэсэн урьдчилсан прогноз хийн, нэгдсэн бодлого гаргаж, төлөвлөхгүй байна гэсэн үг л дээ. Ийм асуудлыг бусад хөгжилтэй улс орнууд хэдэн зуун хүнтэй төлөвлөлт хариуцсан байгууллагаар дамжуулж хийдэг. Судалгаа, шинжилгээний төвүүд нь ч оролцдог. Манайд болохоор ийм бүтэц байхгүй. Үнэнийг хэлэхэд гадаад эдийн засгийн нөлөөллийг интернетээс мэдээлэл аваад тавьчихаж байгаа гэвэл хилсдэхгүй. Төлөвлөлт хөгжсөн орнуудад бол тухайн эдийн засгийг дагнаж судалдаг судлаачид байдаг. Бид болохоор эдийн засгийн хувь заяагаа зах зээлийн хар гарт харанхуй даатгасаар 20 жилийг үдэж байна.
-Нэгдсэн чуулганы хуралдаан дээр та УИХ-аар төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ нь хариуцлагатай ханд гэсэн үг үү?
-Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцдэг арга барилаа өөрчлөхийг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал биднээс шаардаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ мөнгөний бодлогыг "хэлэлцэх ёстой юм" гэж хайнга хандах бус макро түвшиний тодорхой асуудлаар бодлого, шийдэл гаргах хэрэгтэй болж байна. Валютын ханшаар гадаад худалдаа, үйлдвэрлэлийн бодлогоо дэмжих ёстой. Тодруулбал, хямд импортыг дэмжих үү, эсвэл импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн ханшны бодлого барих уу гэдгээ шийдэх асуудал юм. Гэтэл валютын ханшийг чөлөөтэй орхино, яаж ч мэднэ шүү гэсэн мөнгөний бодлого явж байна. Энэ мөн л макро эдийн засгийн нэгдсэн бодлого гаргадаг төрийн институци байхгүйтэй холбоотой. Бизнес эрхлэгчдэд эдийн засгийн гол параметрүүд тодорхой байх нь эрсдэлийг бууруулдаг. Жишээ нь ханшны талаар баримтлах зарчим тодорхой байвал мөнгөө яаж байршуулах шийдэл гаргахад дөхөмтэй. Ер нь бол мөнгөний бодлого, төсвийн бодлого, үйлдвэрлэлийн бодлого харилцан уялдаатай байж зөв үр дүн гарна. Жишээ нь, улстөрийн амлалтаас болоод нийгмийн нэг хэсэг болох төрийн ажиллагсдын цалин нэмэгдэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүс ажиллагсдынхаа цалингаа яах вэ гэдэг асуудалтай тулгарах нь тодорхой юм.
Тэдэнд цалингаа нэмэх хоёр л арга зам байна. Үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөж, борлуулалтаа нэмэгдүүлэх, эсвэл бараа, бүтээгдэхүүний үнээ нэмэх замаар л цалин нэмэх эх үүсвэрээ гаргаж ирнэ.
Бизнесээ өргөжүүлж, борлуулалтаа нэмэгдүүлье гэхээр өндөр хүүтэй зээлийн орчинд энэ боломж нь хязгаарлагдмал болчихож байна. Тэгэхээр бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэх л арга зам үлдэж байгаа биз. Үүнээс болж яах уу, үнэ өснө, инфляци нэмэгдэнэ. Эндээс төсвийн тэлэх бодлогыг дагаж бий болох нэмэлт эрэлтийг нийлүүлэлт нь гүйцэхгүй байгаа дүр төрхийг харж болно. Ийм л байдлаар эдийн засгийн асуудалд бид хандаж байна. Энэ бол бид уул уурхайн орлогыг дагаж бий болсон хөгжлийг угтаж биш хойноос нь дагасан бодлогоор авч яваагийн тод жишээ юм. Хар ухаанаар улс орноо авч явах боломжгүй эдийн засагтай болж байна. Төсвийн байгууллагад ажиллагсдын цалингийн өндөр өсөлттэй зэрэгцүүлээд Засгийн газраас бизнесийн орчинг сайжруулах, ажлын байргүй, орлогогүй иргэдээ хамгаалах бодлогыг давхар авах ёстой.
-Тухайлбал, инфляциас сэрэмжилж ямар арга хэмжээнүүдийг авах ёстой гэж?
-Инфляцид сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлээ эхэлж тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалав уу, эсвэл бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөснөөс голлон нөлөөлөв үү гэдгийг харах ёстой. Иргэддээ хавтгайруулж бэлэн мөнгө тараасан үед нийлүүлэлтийн асуудал түлхүү гарч ирж байгаа бол хүн амын нэг хэсэг болох төсвийн ажиллагсдын цалин нэмэгдүүлсэн тохиолдолд бизнесийнхэн ажиллагсдынхаа цалинг нэмэх асуудалтай тулгардаг, Үүний тулд бараа, бүтээгдэхүүний үнээ нэмэхэд хүрдэг.
Нийлүүлэлт тал дээр бол тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага харагдаж байна.
Замын Үүдийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлээд өндөр хурдны хар замаар Улаанбаатартай холбох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Замын-Үүд, Эрээн дээр хэдэн сар бараа саатахад л энд үнэ нь нэмэгдчихэж байна. Төсвийн ажиллагсдын цалин огцом нэмэгдэх тохиолдолд төрөөс ялангуяа үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэдээ үйлдвэрлэлээ өргөтгөхөд чиглэсэн бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол бараа, бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэх замаар ажиллагсдынхаа цалинг нэмэх асуудалтай тул-гарна. Шинээр бизнесээ эхлүүлж байгаа хүмүүс барааныхаа үнийг нэмж чадахгүй учраас хаалгаа барихад ч хүргэж мэднэ.Тиймээс бизнесийг нь өргөтгөх, аврахын тулд татварын хөнгөлөлт  үзүүлэх, зээлийн хүүг бууруулах зэрэг бодлогын арга хэмжээг төрөөс авч өгдөг. Жишээ нь, тодорхой хугацаанд НӨАТ-аас чөлөөлөх, эсвэл хөнгөлөлт үзүүлээд бизнес нь тогтворжоод ирэхээр буцаагаад татвараа тавина л биз. Ингэж бизнесийг дэмжих нь ажлын байр шинээр бий болж ажил орлогогүй иргэдэд ч ач тусаа өгдөг. Цалин нэмэгдэж юмны үнэ өсөхөд ажил, орлогогүй нийгмийн эмзэг хамгийн их хэлмэгддэг шүү дээ.
-Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга эцсийн хэлэлцүүлгийн шатандаа орсон. Энэ хуульд таны хэлж байгаа шиг бодлогод суурилж төсвөө төлөвлөх асуудал тусч байгаа юу?
-Ямар ч гэсэн дэвшил гарахаар байгаа. Хөгжил, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байх, түүнээс гарах бодлого, төлөвлөлтийн дагуу хөрөнгө оруулалтыг төлөвлөж байх заалт орсон. Одоо бол салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг Сангийн яамны эдийн засагч хянаж байгаа. Хуучин төлөвлөгөөний хороонд тухайн салбарын мэргэжлийн өндөр түвшиний мэргэжилтнүүд ажиллаж салбарын яамдаас орж ирсэн саналуудыг хянаж нэгдсэн төлөвлөлтийг хийдэг байж. Ийм замаар л салбарын хөгжлийн асуудал зөв тодорхойлогдоно. Төсвийн хуулийн ажлын хэсгийг Үндэсний хөгжлийн газрын сайд байсан, энэ асуудлыг хамгийн сайн мэдэх Ч.Улаан гишүүн ахалсан болохоор төлөвлөлтийн асуудал боломжийн орж өгсөН гэж бодож байгаа. Зарим улс орнууд Төсвийн тухай хуулиас гадна Стратеги төлөвлөлтийн хуультай байдаг. Тиймээс хөгжил, төлөвлөлтийн яамтай болохоор тийм хууль гаргаж зохицуулах шаардлага гарах биз.

-УИХ нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг жил бүр баталдаг. Гэтэл амьдрал дээр үндсэн чиглэлээсээ хазайсан төсөв баталчихдаг. Тэгэхээр хөгжил, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн газартай боллоо гэхэд гаргасан шийдвэр, төлөвлөлтийг нь дагахгүй юм биш үү?
-Өөрөө маш чухал асуудал хөндлөө. Тийм л дээ. Өнөөдөр хуулийг уландаа гишгэх, өөрсдийнхөөрөө тайлбарлах явдал бол хэвийн үзэгдэл болсон байна. Хоёулаа яагаад гэдэг асуултад хариулахыг оролдъё л доо. Миний бодлоор хууль зөрчлөө гэхэд нэг хэсэгт маань үйлчилдэг ямар ч хариуцлагын механизм, тогтолцоо нь алга болсонд үүний учир шалтгаан нь байх шиг. Харин хяналт, хариуцлагын тогтолцоо суларсан гол учир нь 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж сайд, гишүүд бий болгосонд байгаа юм. Тодруулбал, гүйцэтгэх засаглал нь төрийнхөө дээр гараад суучихсан явдал. Дээр нь хамтарч байна гээд цөөнхийн хяналтаа ч байхгүй болгочихсон. Энэ бүгд л төрийг сулруулсан  асуудлуудаа нэн тэргүүнд засаж, төрийн эрх барих байгууллагынхаа хяналт, хариуцлагын чадавхийг нь бий болгож өгөх ёстой. Төр, гүйцэтгэх засаглал байр байрандаа очих шаардлагатай болсон байна. Ингэж чадаагүй цагт ямар ч сайхан санаа ажил хэрэг болж ур дүнгээ өгөхгүй. Би өөрийн чинь асуусантай санал нэг байна.
-Саяхан зоос банкны баталгаа алга болсон талаар байнгын хороон дээр ярьж байхад "Ямар ч ноцтой асуудлыг хэдхэн хүний нөлөөллөөр чимээгүй болчхож байна. Тэгэхээр гишүүд юу ч яриад нэмэргүй" гэж хэлж байсан. Тэгэхээр хариуцлага тооцож чаддаггүйн гол буруутан УИХ өөрөө юм биш үү?
-Тийм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс болоод УИХ хяналт, хариуцлага тооцох чадамжаа алдсан байна.
-Та энэ хуулийн өөрчлөлтийг нь оруулж ирээд засахгүй юм уу?
-УИХ-ын нэр бүхий гишүүд уг асуудлаар хууль санаачлаад өргөчихсөн байгаа. Харамсалтай нь хэлэлцэгдэхгүй л байна.
-Та Сонгуулийн хуулийн асуудлаар тохиролцох намын бүлгийн ажлын хэсэгт байгаа хүний хувьд Сонгуулийн хуулиа өөрчилж сайжруулна гэдэгт хэр итгэлтэй байна. Ингэж байгаад 2008 оны хувилбар л үлдэх юм биш үү?
-Тэгж бодохгүй байна. Миний хувьд өөдрөг төсөөлөлтэй байгаа. Сонгуулийн дараах долдугаар сарын 1-ний үйл явдал бол том сануулга. Тиймээс сонгуулийн хуулиа зайлшгүй сайжруулах шаардлагатай гэдэг дээр бүгд санал нэг байна. Ер нь бол сонгуулийн хуульд тогтолцооноос бусад асуудлаар дэвшилттэй гэсэн өөрчлөлтүүдээ оруулчихаад байна. Өөрөөр хэлбэл, одоо нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа асуудал сонгуулийн ямар тогтолцоог авах вэ гэдэг асуудал болоод байна. Нөгөө яригдаад байгаа мажоритар уу, пропорциональ уу, тойрог нь том уу, жижиг үү гэдэг асуудлыг шийдэх л үлдсэн байна. Дээр нь хариуцлагын асуудлуудыг, тодруулбал, мөнгө, бэлэг тараах замаар хууль бус аргаар төрийн эрх мэдэлд хүрч  байгааг яаж хаах вэ гэх мэт заалтуудыг сонгуулийн хуульд нэмж тусгах асуудал үлдсэн байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын зүгээс сонгуулийн хуулиа сайжруулах талаар ажлаагүй биш ажилласан байгаа биз.
-Мөнгө, бэлэг тараахыг хааж чадах уу?
-Сэтгэл гаргаад хаая, шударга сонгууль явуулъя гэвэл болох зүйл. Яагаад гэвэл энэ асуудал дээр дэлхий улс орнуудын хуримтлуулсан, бий болгосон бэлэн туршлагууд байгаа, үүнээс өөрийн орны онцлогтой нийцүүлээд авч болно. Хэрвээ үүнийг шийдэж чадахгүй юм бол иргэнийхээ эрх ашгийг дээдэл-сэн төртэй болох асуудал маань мөрөөдөл л болох биз. Хэдэн бор төгрөгтэй болохоороо гишүүн болох гээд гүйлдээд унадаг байж болохгүй л дээ. УИХ-ыг хууль бус байдлаар ард иргэдийнхээ баялгийг дээрэмдсэнээ нууж, хамгаалах газар гээд ойлгоод байна уу. Сонгуульд зарсан мөнгөө 4 жилийн хугацаанд хэд дахин үржүүлж авах гээд л зүтгэчихдэг юм биш үү. Ер нь тэгээд зүгээр мөнгө, хөрөнгөө тараадаг хэн ч байхав. Тэр өгсөн мөнгө нь ядуурлаас гаргачихна ч гэж юу байхав.
Цаана нь төрийн эрх мэдэлд хүрч бизнесээ улам өргөжүүлэх санаа л нууц биш.
Би ч одоо хангалттай хөрөнгөтэй болсон, та нарынхаа төлөө зүтгэх үлдлээ л гэдэг юм. Бодит амьдрал дээр сонгогчид нь хууртагдаад үлддэг. Төр бизнест автаж байгаа нь илт болсон зүйл. Ийм төр нь нийгмийн асуудалд сэтгэл гаргадаггүйгээс ард иргэд л илүү хохирч байдаг. Өнгөрсөн хугацаанд улсын төсөв 10 дахин томорсон ч ядуурлын түвшин буураагүй нь үүний тод жишээ юм. Тиймээс төрийн ажил тусдаа, бизнесийн ажил тусдаа явах учиртай.
-Нам дугуйлах асуудал нь Цэц дээр унах тал бий юу?
-Миний хувьд нам дугуйлахын эсрэг байгаа. Нам дугуйлах асуудал ямар нэг хэмжээгээр ший-дэгдлээ гэхэд Үндсэн хуулийн цэц дээр унаж мэдэх л юм. Харин нам дугуйллаа гэхэд хэн төлөөлөхийг нь хамт дугуйлуулж болох. Ер нь бол шинэчилж байна гэсэн нэрээр сонгууль бүрт ард иргэддээ шинэ хувилбар танилцуулах нь буруу юм. Арай гэж нэг учрыг нь олж, сонгуульд туршлагажиж байхад нь өөрчилж байна. Уг нь сонгуулийн тогтолцооныхоо өмнө гаргасан алдаануудыг залруулаад, дэвшилттэй зүйлээр сэлбээд явах нь дээр санагддаг.
-Оюу толгойн гэрээний асуудлаар шаардлага хүргүүлсэн 20 гишүүний нэг нь та. Сүүлийн үед асуудал намжаад байгааг юу гэж ойлгох вэ.УИХ-н 57-р  тогтоол биелсэн гээд Сангийн сайд яриад байна...
-УИХ-ын шийдвэрээ биелүүл гэсэн шаардлага тавиад, хуулийн хүрээнд авч болох бүхий л арга хэмжээгээ бид аваад л явж байна. Оюу толгой ашиглалтад  орсноос хойш 2-4 жилийн дараа Монголын талын хувь 50-аас доошгүй болгох асуудал гэрээнд тустал энэ асуудал зогсохгүй. Гучин жилийн дараа 50 хувь болгох, дөрвөн жилийн дараа болгох хоёрын хооронд хол зөрөө байгаа шүү.
Үр дүн огт гараагүй гэж бас үзэхгүй байна
Ирэх зургадугаар сард үйлдвэрлэл  ашиглалтад  орсны дараа 50 болгох асуудлыг ярилцъя гэсэн үгийг хариуцлагатай улсууд унагаж байгаа нь ахиц шүү. Сонгуулийн дараа биднийг алга болчихно гэж бодоогүй л бол. Ер нь энэ баялаг цаашдаа Монголын талын өмч байхын баталгаа бол бид өөрсдөө 50-иас дээш хувь эзэмших явдал биш гэж үү. Тэр Сангийн сайд "0" хувьтай байсан ч хамаагүй гээд монгол хүний амнаас унамааргүй юм яриад л байгаа юм. Урт хэл хүзүү орооно гэдэг болоод байх шиг. Одоо чинь бүх ярьж байгаа зүйл хальсанд буугаад л хадгалагдаад байгаа. Энэ Оюу толгойн орд урт настай. Ард түмний дунд яригдсаар л байх болно. Улс төрийг цаашдаа ганц нэг хүн байнга тодорхойлоод байна гэж юу байхав. Цаг хугацааны хучин зүйлийн өмнө хэн ч гэсэн хучин мөхөсддөг гэдгийг амьдрал харуулаад байгаа юм биш үү. Ард түмэн олуулаа учраас эцсийн дүндээ ялж, хатуу хариуцлага тооцдог гэдгийг Арабын орнуудад болж байгаа үйл явдлууд харууллаа.
-Нэгэнт төсвөөр яриагаа эхэлсэн учраас тойргийнхоо ямар асуудлуудыг төсөвт тусгаж амжив гэдэг асуултаар яриагаа өндөрлөе. Өнгөрсөн жил таныг байнгын хорооны дарга учраас аймагтаа хамгийн их төсөв авлаа гэж шүүмжилж байсан санагдана...?
-Хардаж л байхгүй юу. Манай аймаг хамгийн их хүн амтай, том аймаг. Нөгөө талаар хөрөнгө оруулалт багатай хөгжлийн хувьд хо-цорсон, шийдэх асуудлууд ихтэй байсан учраас тэгэж харагдсан биз. Бид дөрөв Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан, зайлшгүй шийдэх шаардлага үүссэн асуудлуудаа л төсөвт оруулах гэж чармайж байна. Тухайлбал, хүн амын өсөлтөөс болоод аймгийн эмнэлэг ачааллаа дийлэхээ больсон тул шинэ эмнэлэг бариулах, аялал жуулчлалд чиглэсэн зам харгуйгаа сайжруулах, гүүрний асуудлуудыг шийдэх, ногоон байгалиа хамгаалахад чиглэсэн Дулааны станц бариулах, дулааны шугам татах гэх мэт асуудлуудад түлхүү анхаарч байна. Манайд хотын дараа орох том барааны зах бий. Өвлийн хүйтэнд гадаа зогссоноос олон хүн суурь өвчтэй болдог. Тиймээс ямар ч гэсэн дулааны шугамыг нь татаад өгье гэсэн бодолтой байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.