Ц.Даваасүрэн: Шаардлагаа биелүүлтэл зогсохгүй,тэмцлээ үргэлжлүүлнэ
2011.10.24

Ц.Даваасүрэн: Шаардлагаа биелүүлтэл зогсохгүй,тэмцлээ үргэлжлүүлнэ


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барилаа. Оюу толгойн асуудлаар та бүхнийг улс төрийн шоу хийж байна гэх хүмүүс ч байна?
-УИХ-ын нэр бүхий 20 гишүүн ажлаа л хийсэн. Өөрсдийн баталж гаргасан УИХ-ын шийдвэрээ хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. Тэр үед мөн л улс төр хийж байна гэж янз бүрээр хэлж байсан. Одоо зарим нэг нь өргөх бичигт гарын үсэг зурахгүй болохоор тэд бол жинхэнэ шаардлага тавьж, харин энэ есөн гишүүн бол улс төр хийж гэвэл утгагүй биз дээ. Янз бүрийн аргаар л бидний зорилгыг олон нийтэд буруу ташаа ойлгуулах гэж оролдож байгаа нь илт харагдаж байна.
Нэг хэсэг хүмүүс Оюу толгойн гэрээнд сайжруулсан өөрчлөлт орчих вий гэхээс үхтлээ айж байгаа нь нууц биш.
Ер нь яагаад, ард түмний сонголтыг гуйвуулаад, хуйвалдаж, хамтарсан эдгээр нөхцөлийг шүүмжлэхээр албан тушаал авч чадаагүйдээ атаархсан, улстөр хийсэн болчихдог байна аа. Байнга л нэг ийм зүйл ярих юм. Нэг талаар, эдгээр хүмүүс албан тушаал авч чадахгүй бол ийм арга хэрэглэдэг байх нь. Нөгөө зүүдээ  ярих гээд хулгайгаа ярина л гэдэг болоод байгаа юм болов уу. Шаардлага тавьж, өргөх бичиг хүргүүлсэн гишүүд олон намын төлөөлөл байгаа. Ц.Шинэбаяр гишүүнтэй гурван ч намын төлөөлөл болчихсон байна. Энэ чинь улс төр биш үндэсний эрх ашиг дээрээ нэгдэж асуу-дал тавьжээ гэдгийн илэрхийлэл юм. Бид харин энэ шаардлагаа биелүүлтэл зогсохгүй, тэмцлээ үргэлжлүүлнэ. Энэ баялаг чинь манай газрын хөрсөнд байгаа биз дээ. Яа-гаад хөрөнгийн эзэн 50 хувиас доош эзэмших ёстой гэж. Манай улсын хувь 50-иас доошгүй болж байж Оюу толгой гадагш зарагдахгүй Монголдоо үлдэх баталгаа хангагдана.
-Засгийн газрын гишүүд Монголын тал 60 хувийн ашиг хүртэнэ гэж тайлбарлаж байгаа шүү дээ?
-Өмчлөлийн хувь, ашгийн хувь хоёрыг ялгаж ойлгох ёстой. Оюу толгой гадагш зарагдахгүй Мон-голдоо үлдэх баталгаа бол манай талын өмчлөх хувь 50-иас доошгүй байх. Үүнд л бидний шаардлагын гол ач холбогдол оршиж байгаа юм. Мэдээж хэрэг, баялгийн эзэн илүү ашиг хүртэх ёстой. Харин манай талын хүртэх ашиг 60 хувь гэдэг бол худлаа. "Айвен-хоу Майнз", "Рио Тинто" компаниудын 2010 онд Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж батлуулсан ТЭЗҮ-ийг харахад татвар, хураамж, ноогдол ашиг, нөөцийн төлбөрөө оруулж тооцоход л манайд орох орлого 50 хувь дөнгөж хүрэх тооцоо бий. Энэ бол манайхан сайн нягтлаагүй тэдний гаргаж өгсөн тооцоо шүү.
Нөгөө талаар, "Айвенхоу Майнз", "Рио Тинто" компаниуд борлуулалтаас зургаан хувийн менежментийн зардал авч байгаагаа энэ дүнгээс хасаагүй байдаг.
Энэ ашгаа зардалд суулгаад шууд авчхаж байгаа. Энэ зардлыг нь хасвал манай талын хүртэх ашгийн хувь дөнгөж 40 болох юм. Яа-гаад арваад хувь хасагдаж байгаа юм гэвэл, менежментийн зардал нь борлуулалтаас тооцогдож байгаа учраас татварын өмнөх ашгаас тооцохоос их болж байгаатай холбоотой. Ер нь олон улсын жишгээр гадны хөрөнгө оруулагчид томоохон ордуудаас 15-20 хувийн ашиг хүртэж байвал хангалттай гэж үздэг юм байна. Бүр 30 хувь хүргэвэл маш өндөр ашиг хүртэж байна гэж үздэг. Гэтэл "Айвенхоу Майнз", "Рио Тинто" компаниуд дор хаяж манайхаас 60 хувийн ашиг хүртэхээр байгаа. Африкийн Ботсвана улсын дэлхийд эхний гуравт орох алмазын ордод хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагч болох Debeers компани нийт ашгийн 15 хувийг л хүртдэг. Түүнийгээ хангалттай гэж ярьж байсныг тэнд туршлага судалж явсан манай гишүүд санаж байгаа байх.
-Монгол Улсын Засгийн газар УИХ-ын 57 тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гэж байгаа?
-Бидний хэсэг гишүүд л УИХ-ын 57 дугаар тогтоол хэрэгжихгүй байна гэж хэлээгүйг та бүхэн санаж байгаа байх. УИХ-ын дарга хаврын чуулганы хаалт, намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ уг тогтоолын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байгааг анхааруулсан байгаа шүү дээ. УИХ-ын 57 дугаар тогтоолын гуравдугаар заалтаар эрх зүйн орчинг нь бүрдүүлэх замаар хөрөнгө оруулагч анхны оруулсан хөрөнгөө нөхсөний дараа Монголын талын хувь хэмжээг 50 хувиас "үй хувьд хүргэж нэмэгдүүлэх заалтыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгсөн. Гэтэл Засгийн газар эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авалгүй 30 жилийн дараа уг уурхайн өрөм болсон хэсгийн аваад дууссаны дараа Монголын талын хувь хэмжээ 50 хүргэх заалтыг гэрээнд оруулчихсан байдаг, Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар гэж зайгаа нь Ашигт малтмалын хуульд байгаа нь хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр ордыг илрүүлсэн олон бол төрийн хувь 34 байх заалтыг өөрчлөх саналыг УИХ-д оруулж хөрөнгө  оруулалтаа нөхсөний дараа монголын талын хувь50 хувиас  доошгүй байх заалтаар өөрчилж, хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах асуудал юм.
Гэтэл  57 дугаар тогтоолын энэ заалтыг орхиод гэнэтийн ашгийн татварыг байхгүй болгох, алдагдлыг ирээдүйд татварт тооцох гэх мэт гадны талд ашигтай байхаар бусад хуулиудад өөрчлөлт оруулах санал оруулж ирээд батлуулсан.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг орхиод гадны талд ашигтай байхаар тухайн үед үйлчилж байсан зарим хуулиудыг өөрчилсөн гэсэн үг л дээ. Энэ үүргээ биелүүлээгүйгээ санаатай ч юм уу мартаад л 57 дугаар тогтоол биелсэн ухааны юм яриад байх юм. Ард түмнээ тохуурхсан хэрэг Тэгж болохгүй ээ. Сонгууль гээд нэг өдөр эргэж тэдэнтэйгээ нүүр тулан уулзаж л таарна. Мөнгөөр аргалчихна гэж боддог л байх. Одоо тэр сонгогчид чинь биш болсон. Хууртсаар байгаад туршлагажиж, хатуужсан. Гэтэл УИХ-ын гишүүдийн зүгээс эрх зүйн орчинг бүрдүүлэх хууль санаачлаад оруулаад ирэхээр хэлэлцэхгүй удаах, эсвэл хэлэлцэхгүй гээд буцаачхаж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, бидний санаачилсан стратегийн ордын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулж байгааг болиулж багасгах, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Батбаяр нарын санаачилсан 14 жилээр гэрээ байгуулах гэсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй буцаачихсан. Тэгэхээр гишүүд бид одоо өөр ямар аргаар энэ гэрээг сайжруулах вэ гэдэг асуудалтай тулгарна биз дээ. Тэр нь шаардлага болоод л хувирсан хэрэг.
-Засгийн газрын зүгээс Оюу толгойн гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнээс болоод Засгийн газрыг огцруулахаар болбол  хөрөнгө оруулагчид найдваргүй гээд гараад явчих юм биш үү?
-УИХ-ын нэр бүхий 20 гишүүнээс тавьсан асуудал бол Оюу толгойн төслийг зогсоох, эсвэл удаашруулах тухай асуудал огт биш гэдгийг хэлэх байна. УИХ-ын шийдвэрээ хэрэгжүүлэх асуудлыг л бид тавьсан. Гадны хөрөнгө оруулагчийн зүгээс энэ Засгийн газар байхгүй бол бид гарна гэвэл утгагүй хэрэг болно. Тэгвэл 2012 оны сонгуулийг энэ компанийн эрх ашигт нийцүүлж хийх болж байна уу гэдэг асуудал гарна аа даа. Нөгөө биднийг дэмждэг нөхдүүд маань сонгуулиар гарч ирсэнгүй одоо хөрөнгө оруулалтаа зогсооно гэх үү. Тийм юм байж таарахгүй. Ямар ч Засгийн газар байсан хамтраад ажиллах ёстой. Монголын төрийг удирдах гэдгээ болих хэрэгтэй.
-Та бүхэн Оюу толгойн гэрээг хууль, тогтоолд нийцэхгүй байна, сайжруулах хэрэгтэй гэж мөн ч их эсэргүүцэх юм. Үр дүн гарч байгаа юм уу?
-Тиймээ, бидний хэсэг гишүүд байнга л тавьж ирсэн асуудал. Үүний үр дүнд анх өргөн баригдахдаа ямар нэг татвар төлөхгүй гэрээний төсөл байсан бол манайд үйлчилж байгаа татваруудыг төлж байхаар болж өөрчлөгдсөн. Мөн давуу эрхийн хувьцаа гаргах замаар Монголын талын 34 хувийг бууруулах гэж байсныг болиулсан гээд нааштай ахицууд гарсан. Үүнээс хэдэн тэрбум төгрөгийн ашиг манайд гарсан гээд Сангийн сайд хэлж байна билээ. Бид шахаж байж л гэрээнд өөрчлөлт орсон болохоос биш гэнэт С.Баярцогт ухаараад л санаачилгаараа гэрээнд өөрчлөлт оруулаагүй гэдгийг та бид мэдэж байгаа.
Энэ удаад бид шаардлага хүргүүлэхдээ бидний тавьсан асуудал дээр тулгуурлаад Засгийн газар маань "Айвен-хоу майнз", "Рио тинто"-той Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тавиасай гэсэн бодлоор хандсан.
Гэтэл харин эсрэгээрээ УИХ-ын шийдвэрээ хуулиар биелүүлэх үүрэгтэй Зас-гийн газар гадны талтай хамтран УИХ-ын гишүүдийнхээ эсрэг мэдэгдэл хийчихсэн. Энэ бол ёс зүйгүй, хуулиа уландаа гишгэсэн хэрэг.
-Энэ хамтарсан мэдэгдлийг Монгол Улсын Засгийн газар "Айвенхоу Майнз" "Рио Тинто" компанитай хамтран гаргаснаас болоод нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан юм уу?
-Тийм ээ. Асуудлын гол нь гадны компанитай хамтран төрийн эрх барих дээд байгууллагынхаа эсрэг агуулгатай мэдэгдэл хийсэнд байгаа юм. УИХ-ын гишүүд болон УИХ-ын дарга удаа дараа 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудал тавьж байхад Засгийн газар гадаадын компанитай хамтран тэднийхээ эсрэг агуулгатай мэдэгдэл хийсэн нь хуулиа дээдлээгүй явдал гэж үзэн хариуц-лага тооцох асуудлыг хөндсөн.
-УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурж байж огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой юм биш үү?
-УИХ-ын 19гишүүн гарын үсэг зурсан байх шаардлагатай гээд байгаа Үндсэн хуулийн 43.4 дүгээр заалт бол Засгийн газрыг огцруулахад тавигдах шаардлага. Гэтэл  Засгийн газар гэдэг бол Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ гээд Үндсэн хуулийн 39.1-д заасан байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн 43.4 дүгээр заалт бол Ерөнхий сайд, гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад л хамааралтай заалт юм. Бид бол Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан, Үндсэн хуулийн 25.6, УИХ-ын хуулийн 7.1.12-д УИХ-аас сонгогдсон, томилогдсон албан тушаалтныг огцруулах эрхийг УИХ-ын гишүүнд "олгосон байгаа гэдгийг үндэслэж бичиг өргөн барьсан юм. Засгийн газар гэдэг бол бүтэц. Харин Ерөнхий сайд гэдэг бол албан тушаал гэдэгт асуудлын гол нь байгаа биз дээ.
-Та бүхний өргөх бичгийг УИХ-ын дэд дарга нар хүлээж авахаас цааргалаад байсан нь ажиглагдаж байлаа?
-Ардчилсан нийгэмд байдаг л зүйл. Муур, хулгана болж тоглох хэрэггүй л байсан юм. Ёс зүйгүй харагдаж байсан. Бичгийг гарч очоод авчихна л биз дээ. Аваргын хэлдгээр улайсгасан чулуу гарт нь бариулах гээд байгаа биш. Хэлэлцээд л шИйдэх асуудал шүү дээ. Хэн нэг нь зугтлаа, авсангүй гээд хэлэлцэхгүй өнгөр чих зүйл биш л баймаар юм. Ер нь тэгээд үндэсний эрх ашигт харшилсан зүйлтэй эвлэрээд байж болохгүй л дээ. Энэ тусгаар тогтнол чинь мөнгөнд уусаад алга болчихвол яана. Ийм төлөө ажиглагдаад байгаа юм биш үү. Сүүлийн үед манай төр чинь юу болоод байна аа гэдэг бодол төрөөд байгааг нуух юм алга. Зарим үед Засгийн газар нь удирдаад ч байгаа юм шиг. Ер нь бол Монголын төр, УИХ байр суурин дээрээ байх асуудал бол гишүүдийн олонх, УИХ-ын удирдлагаас л шалтгаалах асуудал юм.
Нийтлэлч

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.