С.Эрдэнэ: С.Батболдод Ерөнхий сайд хийх чадамж байна уу
2011.07.04

С.Эрдэнэ: С.Батболдод Ерөнхий сайд хийх чадамж байна уу

УИХ-ын ,гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барих гэж байгаа юм байна. Танай намын бүлгийнхэн дэмжсэн үү?

-Тийм. Манай бүлэг Сонгуулийн тухай хууль, нефтийн хомсдолын асуудлаар ярилцсан. Ер нь хамтарсан Засгийн газрыг анх байгуулахдаа хоёр нам арван зүйлтэй гэрээ байгуулсан шүү дээ. Тэр гэрээнд Сонгуулийн хуулийг шинэчилнэ гэдэг асуудал тусгагдсан. Тэр тусмаа пропорциональ хувилбарыг сонгоно гэж тохирч байсан. Гэтэл одоо хоёр нам пропорциональ давамгайлсан холимог, мажоритар давамгайлсан холимог хувилбарын алийг сонгох уу гэж баахан маргалаа. 76 жижиг мажоритараас ялгаагүй 52 мажоритарыг сонгоно гэж МАН зүтгэлээ. Пропорциональ хувилбарыг хэлбэр төдий оруулах дүр эсгэлээ. Үүний эсрэг манай нам хатуу зогссон. Улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг, жалга довны барьцаанд ордоггүй, намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд зүтгэдэг хэсэг нь УИХ-д олонх байгаасай гэж манай нам үзсэн учраас тэр л дээ. Мэдээж орон нутаг тодорхой хэмжээний төлөөлөлтэй байх ёстой. Тэр үүднээсээ орон нутгийн төлөөлөл 26 байгаасай гэсэн юм. АН-ын зүгээс ийм л асуудал тавьсан. Харамсалтай нь МАН-ын Удирдах зөвлөл төрийн ажилд оролцлоо. 1990 онд нам төвтэй төрийн тогтолцоог өөрчилсөн. Одоо эргээд төр төвтэй тогтолцооноосоо нам төвтэй тогтолцоо руу үндсэндээ шилжчихээд байна. МАН-ын Удирдах зөвлөлийн өдөр тутмын шийдвэр МАН-ын бүлгийн шийдвэр болон гарч байна. Намын бүлэг бол УИХ-ын бүтцийн байгууллага. УИХ-ын гишүүн өөрийнхөө эрх үүргийн дагуу бүлгээр асуудлаа оруулах эрхийг нь МАН-ын Удирдах зөвлөл хааж байна. Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөл гишүүдээ нэг нэгээр нь дуудаж мажоритар давамгайлсан 52:24 гэсэн хувилбарыг үг дуугүй дэмжихийг үүрэг болгосон гэнэ лээ. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөл төрийн үйл хэрэгт эрээ цээргүй оролцох болж.

-Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулъя гэж үү?

-Тийм. Хуучны коммунизмын үе санагдаад байна шүү дээ. МАН-ын Удирдах зөвлөл Улс төрийн товчоо шиг ажиллах боллоо. Хоёр намын хамтарсан Засгийн газрыг МАН-ын дарга, тус намын Удирдах зөвлөлийн дарга С.Батболд тэргүүлж байгаа. С.Батболд нэг талдаа "зөвшилцье" гэж гар барьчхаад нөгөө талдаа сэлэм далайж хоёр нүүр гаргаад явж байна. Тийм учраас өнөөдөр энэ нөхөртэй хариуцлага тооцъё гэж байгаа. Тэгээд ч С.Батболдод Ерөнхий сайд хийх чадамж байна уу.

-Нефть хомсдчихоод олон хонож байхад "Юу болж байна" гээд сууж байсан байх аа. Өөрийнхөө ажлыг мэдэхгүй, хийхгүй байгаагийнх л байх даа?

-Гүйцэтгэх засаглалын тэргүүн хүн улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өдөр тутаммэдэж, мэдээлэл авч байх ёстой. Гэтэл шатахууны хомсдол бий болоод нийгэм даяараа бухимдажбайхад Ерөнхий сайд нь түүнийг мэдээгүй, салбар хариуцсан сайдаасаа "Юу болж байна" гээд асууж байна гэдэг бол тун хариуцлагагүй, ичмээр зүйл. Ард түмнийг басамжилж доромжилж байгаа хэрэг л дээ. Нийгэмд маш олон асуудал үүсэж байна. Таван толгойн асуудал тодорхойгүй байна. Ажилгүйдэл ядуурал буурахгүй байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Засгийн газар шүү дээ. Тийм учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой. Засгийн газар өчнөөн том зорилтууд дэвшүүлсэн. Ажил болж байгаа нь хаана байна: Нүдэнд харагдаж гарт баригдах юм алга байна шүү дээ. Улиг болсон Оюу толгойгоос өөр юу байгаа юм. Аж үйлдвэрийн парк барина гэсэн хаана байна. Мянганы зам, хатуу хучилттай замынх нь хөрөнгө мөнгө одоо болтол шийдэгдээгүй. Хөгжлийн банк нь ч ажиллаж эхлээгүй байна. Ерөнхий сайд "Удахгүй хөгжүүлээд өгнө" гээд яриад л байдаг, бүтэж байгаа юм хаана байна аа. Спортын цол хэргэм авсан хүн л яваад байдаг. Таэквэндогийн мастер ч гэнэ үү. Тэрүүгээрээ хэнийг айлгах гэж байгаа юм.

-Түүнийг огцруулах саналыг хэзээ өргөн барих юм бэ?

-Э.Бат-Үүл гишүүний нэр дээр гаргасан бичигт манай намын бүлгийн гишүүд гарын үсэг зурна. Түрүүчийн бүлгийн хурлаар гишүүд бүгд дэмжсэн. Тэгэхээр энэ бүлгийн хурлаар асуудлыг оруулж баталгаажуулна. Би хувьдаа бүрэн дэмжиж байгаа.

-МАХН нэрээ авчихлаа. Тэднийхийг танай намтай нэгдэж магадгүй ч гэх яриа байна. Ирэх сонгуулиар МАН МАХН-д ялагдана ч гэсэн таамаг байгаа. Та юу гэж бодож байна?

-МАХН байгуулагдсан явдлыг би хувьдаа сүртэй хүлээж аваагүй. Байдаг л зүйл шүү дээ. АН-д нэгдэн Монголын социал демократ намыг А.Ганбаатар сэргээгээд аваад явж л байна. Үүнээс ялгаа юу байгаа юм. Гайхаад байх асуудал биш. МАХН тэр энэ намтай нэгдэнэ гэдэг бол улс төрд байдаг бор шувуу. Манай нам л МАХН-ын галаар нэг ч үг үсэг яриагүй. МАХН хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулна биз. Сонгуульд оролцоод хэдэн санал авах юм, одоо мэдэхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.