С.Эрдэнэ: Д.Зоригтоос гадна бусад өндөр албан тушаалтан огцрох магадлалтай
2011.06.29

С.Эрдэнэ: Д.Зоригтоос гадна бусад өндөр албан тушаалтан огцрох магадлалтай

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай яриа өрнөсөн аж. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодруулсан юм.

-Танай намын бүлгийн хуралдааны үеэр Д.Зоригт сайдыг огцруулах тухай асуудлыг хөндсөн гэсэн. Энэ нь шатахууны хомсдолтой холбоотой юу?


-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаанаар газрын тосны салбарт нүүрлээд буй асуудлын талаар хэлэлцсэн. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан “Шатахууны нөөц хангалттай байгаа. Харин шатахуун импортлогчид л ийм байдал үүсгээд байна” гэж байсан. Одоо үүсээд буй нөхцөл байдалд дүгнэлт өгөх үүднээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Батбаяр ахалж байгаа. Энэ явцад эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж шатахууны хомсдол үүссэн бол ганцхан Д.Зоригтыг ч бус бусад өндөр албан тушаалтныг нь огцруулах асуудлыг сөхөж, хариуцлага тооцох нь зүйтэй.

-Хэрэв Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы хэлснээр шатахуун импортлогчид ийм асуудал үүсгэсэн байвал яах вэ?

-Бүлгийн хуралдаанаар энэ хувилбарыг ч ярилцсан. Үнэхээр шатахуун импортлогчдын буруугаас болсон бол төрийн өмчит компани байгуулж, шатахууны импортыг хариуцуулах боломжтой. Импортын шатахууныг зөвхөн тухайн компаниар л дамжуулна. Түүний дараа одоогийн импортлогч компаниудыг шатахууныг түгээдэг үүрэгтэй болгох хэрэгтэй. Ингэвэл стратегийн бүтээгдэхүүн болох шатахуунд тавих төрийн хяналт сайжирна. Ер нь “Стратегийн бүтээгдэхүүн төрийн мэдэлд байх нь зөв” гэсэн байр суурийг Ардчилсан намынхан баримталж байгаа. Тиймээс шаардлагатай хуулийн төслийг маш яаралтай санаачлах үүрэг даалгаврыг бүлгээс гаргасан. Мөн нефть боловсруулах үйлдвэр байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.