Б.Бат-Эрдэнэ: Д.Зоригтыг огцруулах шаардлага тавьсан гишүүдтэй нэгдэнэ
-Та Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир нарын гишүүний хамт МАХН-даа үлдэгсдийг өмөөрсөн утга бүхий ил захидал намын даргадаа өргөн барьсан. Энэ асуудлаас үүдэн МАН-ын гишүүд, удирдлагуудын дунд нэлээд хагарал үүсээд байх шиг?
-Бидний ил захидлаас үүдэн хагарал үүссэн гэх нь ч хаашаа юм. Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очиртой ярилцаад гурван үндэслэл, утга бүхий ил захидал намын даргад хүргүүлсэн, Эхнийх нь үзэл бодлынхоо хүрээнд ажиллахаар болсон журмын нөхдөө хавчин гадуурхаад байх хэрэггүй гэсэн утгатай байсан. Зөвхөн сайн муу гэж ялгалгүй эв эеийг хичээе гэж үзсэн юм. Харин дараагийнх нь Оюу толгойн гэрээний асуудал байсан. Манай ард иргэдэд хамгийн их ашиг өгөх маш олон төрлийн гэрээ хэлэлцээрийн санал, хувилбар байсан. Гэтэл ашиггүй гэрээг батлан уул уурхайн үүцээ задаллаа. Мөн урт нэртэй хууль байна. Энэ хууль бидний ард иргэд, ирээдүй, үр хүүхдүүдэд маань мөн л ашиг тусаа өгөх тийм хууль. Гэтэл тэр хууль хэрэгжихгүй байна. Салбарын сайд нь л гэхэд дагаж мөрдөх ёстой хууль батлагдсаар байтал үүргээ биелүүлэхгүй уг хуулийг зөрчсөн тохиолдол илэрсэн. Тэгэхээр бид намын хагарлыг үүсгэсэн юм биш. Зөвхөн ард иргэд, ирээдүй, байгаль экологийнхоо төлөө ажиллах хэрэгтэй байна гэдэг саналыг намынхаа даргад хүргүүлсэн. УИХ нь Монголынхоо сайн сайхны төлөө ажил хийж, хууль батлаад байхад Засгийн газар нь хэрэгжүүлэхгүй байгаа биз дээ. Тиймээс бид Засгийн газар энэ тал дээр хэрхэн байр сууриа илэрхийлэхийг харах хэрэгтэй байсан юм.
-Харин энэ асуудлаас үүдэн та бүхнийг намаа хагалан бутаргалаа гэж яриад байна?
-Тангараг өргөсөн гишүүнийхээ хувьд эх орон, байгаль экологийнхоо цаашдын хувь заяаны төлөө намынхаа даргад ил захидал хүргүүллээ. Үүнийг зарим УИХ-ын гишүүний хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өлгөж аваад ийн бичиж эхлээд байна. Ингэж байгаа нь эрх мэдэл бүхий хүмүүсийн мэдэлд байдаг телевиз, сонин хэвлэл хүмүүсийн үйл ажиллагааг яаж мушгин гуйвуулж, гутаан доромжилж болдгийг харуулж байгаа хэрэг. Энэ бол захиалгаар хийж буй зүйл гэж ойлгож байгаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын хувьд гэвэл манай намын журмын нөхөр байсан. Тэгэхээр хавчин гадуурхах хэрэггүй юм биш үү гэдгийг л намын даргадаа уламжилсан.
-Ц.Шинэбаяр гишүүн болоод намынхаа анхан шатны гишүүдтэй уулзав уу. МАХН-даа үлдэх талаар юу ярьж байх юм?
-Уулзаж учраад сүйд болсон юм байхгүй. Тэд өөрсдийн үзэл бодлоо дагаад явахад болохгүй гэх газаргүй. Учир нь тэр хүмүүсийн өөрсдийнх нь хувийн асуудал шүү дээ. Үүнийг нь ч намын удирдлагаас муу зүйл гэж ойлгон хавчин гадуурхаж үйл хэрэгт нь саад болох хэрэггүй. Мөн бид ч МАН-аас гарч МАХН-д орно гэсэн асуудал яриагүй. Би МАХН-ыг МАН болгоё гэхэд эхнээс нь тууштай дэмжсэн байдаг. Тэгэхээр МАХН-д үлдэгсэдтэй уулзах шаардлага нэг их байхгүй.
-МАХН, МАН болж байхад намын удирдлагууд чинь манайд бүлэг, фракц гэж байхгүй гэж мэдэгдэж байсан. Харин танай намыг ажиглаж байхад нам дотроо хэд хэдээрээ салж эхэллээ. Одоо МАН-ыг албан ёсны бүлэгтэй боллоо гэж ойлгожболох уу?
-Бүлэг үүсгэнэ гэсэн яриа огтхон ч гараагүй. Хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлын хүрээнд хамтран ажиллах тохиолдол гардаг биз дээ.
-Та намынхаа шинэ бат илэрхийлэхийг аваагүй байгаа гэлүү?
-Одоогоор авч амжаагүй байна. Намын батлах авахаас гадна хийх ажил маш их байна шүү дээ. Өнөөдөр цөлжилт манайд ямар хурдацтай бий болж байна. Түүнээс гадна Оюу толгой, Таван толгой гэх мэт өөр олон уурхайн гэрээг ард иргэдэд ашигтайгаар хийх хэрэгтэй байгаа. Тиймд намынхаа батлахыг авах гэж яарахын оронд энэ төрлийн ажилд санаагаа зовоож сууна. Мөн ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах шаардлагыг гаргаад буй гурван гишүүнийг дэмжиж ажиллахаар болсон.
-Танай намын залуус Ц.Шинэбаярыг хаахаар МАХН гэсэн 70 гаруй намын нэр Улсын бүртгэлийн газарт бүртгүүлжээ?
-Дээр хэлсэнчлэн үзэл бодлоороо нэгдэн үйл ажиллагаагаа явуулахаар болсон нөхдөө хавчин гадуурхсан хэрэг болжээ. Гэхдээ манай нам 70 болж хуваагдахгүй байх. Тийм шаардлага ч байхгүй.
-МАН-ын удирдлагууд Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Удирдах зөвлөлдөө оруулаагүй. Мөн байнгын хорооны даргын албан тушаалаас нь буулгасан зэрэг явдалд уурлан намынхаа удирдлагуудыг эсэргүүцэж эхэллээ гэсэн яриа гараад байна?
-Тийм зүйл байхгүй. Угаасаа байнгын хорооны даргын алба нэг жилийн хугацаатай байдаг. Тэгэхээр үүнд уурлаад байх шаардлагагүй. Намынхаа удирдлагуудыг эсэргүүцсэн явдал ч гараагүй. Энэ бүх үйл явдал бол хувь хүний үзэл бодол хийгээд түүнийхээ хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил гэж ойлгох хэрэгтэй.
-Намын чинь ерөнхий нарийн бичгийн даргаар танай нутгийн хүн ажилладаг. Нутгийнхаа дүүтэй яагаад тэмцээд байна вэ. Энэ нь жаахан ёс зүйгүй асуудал биш үү?
-Нутгийнхаа дүүтэй сайн харилцаатай байдаг. Түүний эсрэг тэмцэж хэл ам гаргасан явдал байхгүй. Бид нэг нам, нэг нутаг усны хүмүүс гэхээсээ илүү нэг бодол санаатай явдаг хүмүүс. Гэхдээ зарим зүйл дээр үзэл бодол зөрөх асуудал гаралгүй л яах вэ.