С.Эрдэнэ: Нэг өдрийн өмнө ч гэсэн хариуцлагыг чангатгамаар байна
2011.05.19

С.Эрдэнэ: Нэг өдрийн өмнө ч гэсэн хариуцлагыг чангатгамаар байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЭБЭХ -ний сайд Д.Зоригтыг огцруулах тухай та гурван гишүүний тавьсан саналыг хэлэлцээд огцруулах шаардлагагүй гэж үзлээ.Та уг асуудлыг хоёр дахь удаагаа тавьсан ч УИХ хүлээн авах боломжгүй гэлээ. Одоо ингээд л зогсох уу?

-Өнөөдөр Монголын төр, хууль дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэж байхгүй болсон, төр дампуурсны нэг тод жишээ, үнэн нүүр царайгаа харуулсан үйл явдал боллоо. Бидний хувьд эрх мэдэл, албан тушаал, асар их мөнгөний эсрэг тэмцэл хийж байгаа. Уул
уурхай ашигт малтмал тойрсон авилга хээл хахууль, хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрлээ. УИХ-аас баталсан олон тогтоол шийдвэрийн биелэлтэд төрөөс тавьж байгаа хяналт гэж алга. Ялангуяа түүний хэрэгжилтэд тавьж байгаа хяналт гэж байхгүй боллоо. Эдгээр байдлын эсрэг УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд цаашид ч үйл ажиллагаагаа явуулна.

-Ирэх намар Д.Зоригт сайдыг огцруулах тухай асуудал дахин тавина гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Мэдэхгүй.Тийм юм би яриагүй. Би лав нэг өдрийн өмнө ч гэсэн хариуцлагыг чангатгамаар байна. Монгол төрийн эмх замбараагүй, хяналтгүй байгаа, хууль зөрчсөн үйлдлийг тааруулж байгаа байдлыг таслан зогсоох бодолтой хүн.

-МАН-ын зарим гишүүд чуулганы үеэр Д.Зоригт сайд ганцаар "Оюу толгой"-н гэрээг байгуулаагүй. Хэрэв огцруулах болбол Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын асуудлыг ч давхар ярих ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хууль боловсруулах, батлахаас гадна баталсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох бүрэн эрх нь давхар байдаг.Тэгэхээр адилхан эрхтэй гишүүд байж чуулганы хуралдааны үеэр надаас асуулт асуугаад байгаа нь инээдтэй л байгаа байхгүй юу.Үнэхээр тэд С.Баярцогт, Л.Гансүх сайдыг буруу үйлдэл хийсэн гэж үзэж байгаа бол асуудлыг тавих эрх нь нээлттэй байгаа. Заавал яагаад надаар хэлүүлэх гээд байгаа юм. Би өргөн барих ёстой Засгийн газрын гишүүнээ л өргөн барилаа. Ж.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд л асуугаад байна лээ.Тэд хэнтэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм, түүнийгээ өргөн бариад юм уу, хянуулаад, шалгуулах эрх нь тэдэнд бий.

-Хариуцлага тооцох эсэх асуудалтай холбоотойгоор та Д.Оюунхорол гишүүнтэй нэлээд маргаан дэгдээгээд авсан?

-Тухайн үеийн маргаан л болсон. Үг хэлж байхад хэлүүлэхгүй тэндээс орилоод байсан. Өөрийг нь үг хэлж байхад би янз бүрийн юм яриагүй шүү. дуугүй бай гэдгээ л хэлсэн.Тийм их сүрхий зүйл болоогүй ээ

-Таныг нам байгуулах  гэж байгаа гэж сонслоо.Үнэхээр тийм юмуу?

-Улс төрд 2 жил явахдаа нам байгуулах, нам улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй хандаж, бүхий л зүйлд оролцож ирлээ. Өнөөдрийн Ардчилсан намын байгуулсан таван намын нь 1 -нийх нь дарга нь би. Ардчилсан нам гэдэг нэрийг авч үлдэхийн тулд таван намын дундаас Монголын Ардчилсан нам гэж нэрийг авсан. Би өөрөө Ардчилсан нам гэдэг айл гэрийг босгосон атал хэн нэгэнд үлдээчхээд дахин хэнд зориулж шинэ гэр барих вэ.Тиймээс надад одоогоор нам байгуулъя, өрх тусгаарлая гэсэн бодол байхгүй.Тийм зүйл огт яриагүй.

-Та саяхан "Өдрийн сонин" болон бусадхэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөнгө авчД.Зоригтсайдыгөмөөрч бичлээ хэмээн телевизээр өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. Яагаад ийм мэдээлэл хийсэн юм бэ?

-'Өдрийн сонин" ямагт шударга, үнэний төлөө дуугардаг, Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь цорын ганц өөрийн байр сууриндаа зогсдог сонин гэж би боддог, үнэлдэг Өнөөдөр зарим нэг нийтлэлээс харахад тийм биш юм байна гэж бодохоос өөр аргагүй байдалд хүргэлээ. Би өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч буй иргэн, УИХ-ын гишүүний хувьд ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.Түүнтэй адил "Өдрийн сонин"-ы ч гэсэн өөрийн нийтлэлийн бодлогоо өөрсдөө тодорхойлох эрх нь нээлттэй гэж ойлгож байгаа. Гэхдээ сүүлийн үеийн зарим нэг нийтлэлээс харахад инээд хүрч байна. Шударга үнэний төлөө гэж харж байсан сонин маань юу бичээд байгаа юм Ардчилсан намын гурав алиалахаа болимоор юм" гэсэн нийтлэл байна. Бид гурав алиалаагүй. Бид гурав монгол түшээ, УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын болохгүй байгаа асуудлыг  тавьсан. Бидний оронд өөр хэн ч байсан тавих л байсан. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд асуудлыг зоригтой гаргаад тавьчих төрийн түшээ байхгүй байна. Өнөөдөр 18-аас дээш гишүүн гарын үсэг зурж байж Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлдэг.Тэр хэмжээний гишүүд өнөөдөр байхгүй байна.Тиймээс бид гурав, дөрвүүлээ нийлээд улс төрийн хүрээнд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын зарим нэг гишүүнд хариуцлага тооцох асуудлыг л тавьсан.Түүнээс бус хэвлэлүүдийн бичээд байгаа шиг шүд сугалах ч гэл үү тийм арга тактикаар Засгийн газрыг оролдоод байгаа юм байхгүй.

-Өмнө нь таныг "Ганц худаг"-т хоригдож байх үед манай сонин таныг өмөөрч бичиж байсан.Тэр үед танаас мөнгө аваагүй биз дээ?

-Тухайн үед намайг биш шударга үнэнийг хамгаалж "Өдрийн сонин" бичсэн байх гэж бодож байна. С.Эрдэнэ гэдэг хүнийг хамгаалаагүй байх аа.Үнэхээр Монголд шударга ёс гэж байдаг юм бол үнэний төлөө дуугарч байсан гэж ойлгож байгаа.

-Манай сонин хэнээс хэдэн төгрөг авсан гэх баталгаа танд байгаа юм уу?

Баталгаа гээд байх юм юу байх вэ. Сая Д.Зоригтыг огцруулах асуудлаас болж сүүлийн долоо хоногт бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл бид гурвыг зүхсэн шүү дээ. Монголд Д.Зоригт шиг сайн хүн байхгүй юм байх аа. Залуу хүн, юм хийх гэж байгаа хүн, Оюу толгойн гэрээг хийсэн, цаашид өөр зүйл хийх ёстой л гэнэ. Оюу толгойн гэрээ үнэхээр хогийн гэрээ болсон байхад "Өдрийн сонин" өмөөрч байгаа нь асар их мөнгөөр худалдагдсан гэж харсан, бодсон. Би бодсоноо л хэлсэн. Ер нь би яг тийм сонин хэвлэл, төчнөөн төгрөг авсан гэж цохож хэлээгүй. Сүүлийн үед эрх баригчдаас хэвлэл  мэдээллийнхэнд асар их мөнгө цацаж байгаа нь тодорхой байгаа шүү дээ.

Ийнхүү биднийярилцлага өндөрлөсөн юм. Ер нь сүүлийн үед манай эрхэм төрийн түшээд үг хэлж, үйлдэл хийснийхээ дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг захиалгаар бичсэн, мөнгө төгрөг авсан гэж ярих нь олонтаа болсон.Тэдний нэг нь эрхэм гишүүн өөрөө. Эцэстээ гишүүн ингэжл хэлж байна. Би яг авсан өгсөн гэж хэлээгүй..." гэхчлэн.Та захиалга өгч бичүүлдэг  болоод л ингэж хардаад байна уу даа" гээд хэлчихвэл гишүүнд хатуу сонсогдохгүй байлгүй дээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.