С.Эрдэнэ: Өс санасандаа Д.Зоригтыг огцруулах гээгүй
2011.05.06

С.Эрдэнэ: Өс санасандаа Д.Зоригтыг огцруулах гээгүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах өргөдлөө өргөн барилаа. Д.Зоригт сайдын хувьд хоёр дахь удаагаа огцрох эсэхээ хэлэлцүүлэх нь. УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урьж энэ талаар ярилцлаа.

-Ардчилсан намын нэр бүхий гурван гишүүн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах санал УИХ-д өргөн барихаар бол­сон ч УИХ-ын дарга Д.Дэм­бэрэл эзгүй байсан учир хойшлуулсан. Са­налаа хэзээ өргөн барих вэ?


-Д.Зоригт гишүүнийг огц­руулахаар өргөн барих бичигт Д.Ганхуяг, Г.Баярсайхан бид гу­рав гарын үсэг зурсан. Өнөө­дөр (өчигдөр) УИХ-ын чуулганы үдээс өмнөх хурал­дааныг  завсарлахад УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.  Үүнийг чуулганаар хэлэлцүүлэхээр орсон тохиол­долд энэ асуудлаар ярих гишүүн олон бий. Гэхдээ энэ бол хэн нэгэн Д.Зоригтын тухай асуудал биш. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үйл ажиллагаа болж бүтэхгүй байгаа болохоор л хөндөж буй асуудал юм. Түүнээс биш хувь хүний хувьд ямар нэгэн өс хонзон, хувийн зөрчил, сонирхол агуулсан зүйл байхгүй.

-Д.Зоригт сайдыг огц­руулахыг та гурваас гадна Ардын намын гишүүдийн олонх нь дэмжиж байгаа гэсэн. Хэн, хэн байгааг нь нэрлэж болох уу?

-Дэмжиж буй гишүүн нэлээд бий. Гэхдээ өөрсдөө ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байхад нь би хүний өмнөөс ярьж, тэднийг нэрлэх нь зохисгүй.

-Ц.Батбаяр гишүүн энэ асуудлыг дахиж сөхөхгүй гэд­гээ хэлсэн. Та бүхнийг өөрийнх нь нэрийг бариад бай­гаа эсэхийг мэдэхгүй бай­на гэсэн байсан?

-Бид Ц.Батбаяр гишүүний нэрийг барьсан явдал огт байхгүй. Үүний өмнө энэ асуудлыг хөндөхдөө ч би Ц.Батбаярыг дагалдаж гарын үсэг зураагүй. Тухайн үед нийгмийн өмнө тулгамдсан, хариуцлага тооцох асуудлын хэмжээнд хүр­чихсэн байсан учир УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд л гарын үсэг зурсан юм. Түүнээс биш Ц.Батбаяр гишүүний албан бланк дээр хэвлээд УИХ-д өргөн барьсанаар Ц.Батбаяр ги­шүү­ний санаачилга бол­чихгүй биз дээ. Өнөөдөр ч гэсэн энэ асуудлыг дахин хөндөж байгаа нь УИХ-ын гишүүд, тэр дундаа гарын үсэг зурсан гурван гишүүн үүрэг, хариуцлагаа ухамсарласны үндсэн дээр л хийж буй үйлдэл гэж бодож байна.

-Д.Зоригт сайдыг огц­руулах шаардлагагүй хэ­мээн УИХ-аар хэлэлцсэн шүү дээ. Гэтэл энэ удаа ямар үндэслэлээр дээрх асуудлыг дахин сөхөв?

-Сүүлийн үеийн том жишээг аваад үзэхэд л хангалттай.
Цахилгаан, дулааны үнийг нэмчихлээ. Гэтэл ард түмний бодит орлого нэмэгдсэн үү. Аж ахуйн нэгж байгууллагууд хөл дээрээ зогсч, чадваржсан уу. Ийм байхад  гол хэрэглээ болсон эрчим хүчний үнийг төр өөрийн монополь эрхийнхээ хүрээнд нэмээд байна гэдэг буруу бодлого. Хэрэглэгчдийн санал, бодлыг огт тусгаагүй, зөвшилцөлд хүрээгүй атлаа Эрчим хүчний удирдах газрынхан үнэ нэмж байхад Засгийн газар мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байгаа байхгүй юу. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч эхэлж байна шүү дээ. Хоёрдугаарт, шатахууны үнийг бас нэмчихлээ. Үүнээс харахад Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа агентлаг, газрууд юмны үнэ нэмж, ард түмнийхээ халаасыг сэгсрэх ажил л хийж байна шүү дээ. Харин шинээр хийж бүтээж байгаа ямар ч ажил алга байна.

-Эрчим хүчний салбарын шинэчлэлийн ажлын эхлэл болгож дулааны V цахилгаан станцыг энэ жилдээ багтаан барьж эхлэхээр болсон нь шинэ ажил биш гэж үү?

-Дулааны V цахилгаан станцыг барих шийдвэр аль 2008 онд гарсан. Гэтэл өнөөдөр зөвхөн цаасаар хийсэн үйлдвэрийн загвар дээр л ярьж байгаа биз дээ. Яг л яст мэлхий шиг ажиллаж байна. Энэ цахилгаан станцыг барихад багаар бодоход 5-6 жил шаардлагатай. Тийм болохоор Улаанбаатар хот эрчим хүчний хангалттай эх үүсвэртэй болох юм бэ. Одоо байгаа эрчим хүчний гурван эх үүсвэр байгууллагдаад олон жил болчихсон. Хэзээ ч зогсоход бэлэн, найдваргүй. Эдний аль нэг нь л зогсоход Улаанбаатар хотод шууд гамшгийн байдал зарлахад хүрнэ шүү дээ. Эрчим хүчний нөөц байна уу. Байхгүй. Манай улс импортын эрчим хүчнээс хараат байснаар өнөөдрийг хүрч байна.  Ид ачааллын үеэрээ ОХУ-аас эрчим хүч импортолж дутуугаа нөхнө. ОХУ-ын импортын эрчим хүчээр Гол үйлдвэрлэгчид нь үйл ажиллагаагаа явуулдаг нь бодит байдал юм. Дэлхийд нүүрснийхээ нөөцөөр эхний тавд багтахаар ийм орон эрчим хүч импортлоод сууж байна гэдэг арчаагүйн л шинж.

-Шатахууны үнийн өсөлтийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үйл ажиллагаатай хол­бохоос илүүтэйгээр “Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруу­лагчдын тендерт өөрийнхөө консорциумыг ялуулахаар ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа аргын нэг гэж тайлбарлаад байгаа?

-Тийм ч байж магадгүй. “Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруу­лагчдыг шалгаруулах, урьд­чилгаа төлбөр угтуулан тавих талаар ярилцсан өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна. Үүнээс болоод Монгол Улсын төсөв цоорхой байдалтай таван сарын нүүр үзлээ. “Хүний хөгжил сан”-гийн 805 тэрбум төгрөгөөс иргэдэд олгох 702 тэрбум төгрөгийн 490 тэрбум нь төсвийн эх үүсвэргүй л байдалтай байна шүү дээ. Ийм байхад хөрөнгө оруулагчдыг шалгарууллаа, гэрээ байгууллаа гэхэд тэр хөрөнгө оруулагчид чинь төсвийн цоорхой болоод байгаа 490 тэрбум төгрөгийг өгөө ч үү, үгүй ч үү. Өгсөн ч Монголд ашиггүй олон нөхцлийг биднээр зөвшөөрүүлж байж л мөнгөө өгнө шүү дээ. Энэ бол залхуу, хариуцлагагүй, салбарын сайдуудаас болж Монгол Улс ашиггүй, үндэснийхээ баялгыг бусдад дээрэмдүүлж байгаа явдал.

-Д.Зоригт сайдыг огцруулахаар Ардчилсан намын гурван ги­шүүн өргөх бичигт гарын үсэг зурсан. Үүнтэй барьцах мэт Ардын намын зарим гишүүн Сангийн сайд С.Баярцогтыг огцруулахаар ярь­сан гэсэн?

-Энэ талаар надад ямар ч мэдээлэл алга. Ийм мэдээлэл зохиогоод байна уу, зориуд яриад байгаа юу гэдгийг мэдэхгүй юм. Эсвэл бидний хийж байгаа хариуцлага тооцох алхмыг мушгин гуйвуулж, хүмүүст буруу ойлголт төрүүлэх гээд байгаа ч байж мэдэх юм.

-Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хамтарсан Засгийн газарт муу дүн тавьсан. Цаашид хэрхэх вэ?
-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хангалтгүй гэсэн дүгнэлт гаргаж, үүнийг зүйл тус бүрээр нь тоо баримттай гаргах үүргийг З.Энхболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт өгсөн. Ажлын хэсгийнхэн үзүүлэлтүүдийг нь гаргачихсан байгаа. Үнэхээр ч хамтарсан Засгийн газрын үед хийсэн гэх гялайж гялтайх зүйл нэг ч байхгүй шүү дээ.

-Хамтарсан Засгийн газрын үед нэлээн удаан дуншсан стратегийн ордуудыг эргэлтэд оруулсан гээд хийсэн ажил цөөнгүй бий шүү дээ?

-Оюутолгой, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулж, том ажил эхэллээ л гээд байсан. Үнэн хэрэгтээ энэ баялгийг ямар ч Засгийн газар эргэлтэд оруулж чадна шүү дээ. Гэхдээ Монголын ард түмэнд ашигтай гэрээ хийх ёстой. Ийм ашиггүй гэрээ хийж, ордыг эргэлтэд оруулах ажлыг жирийн иргэн ч хийж чадна.

-“Эх орон-Тусгаар тогтнол-Шударга  ёс” хөдөлгөөнийхөн Оюу­­толгойн гэрээг хүчингүй бол­гох шаардлага тавьсан. Та үүнийг дэмжиж байгаа хэрэг үү?

-Оюутолгой, Тавантолгойн асууд­­лаар Ерөнхий сайдад ми­ний тавьсан асуулгууд бүгд л энэ чиглэлтэй холбоотой. Оюутолгой, Тавантолгойн гэрээг Монголын ард түмэнд ашигтайгаар л хийх ёстой. Түүнээс биш хэн нэгэн эрх мэдэлтэн тэр дундаас ашиг хонжоо олох нөхцлийг өөртөө бий болгох эрх байхгүй. Миний хувьд Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдэлтнүүд хувийн ашиг сонирхлоо илүүд үзсэн гэж харж байгаа.

-Ард түмний их хуралдайгаас 15 олигархийг нэрлэсэн. Та үүнтэй санал нэг байгаа юу?

-Тэр бол албан ёсоор тогтоогоод, баталгаажуулаагүй зүйл. Иргэдийн гаргаж байгаа саналын л нэг шүү дээ. Хүн үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх эрхтэй. Үүний дагуу ард түмний нэг хэсэг талбай дээр жагсч, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө буруутгах хэрэггүй.

-Сонинд өгсөн ярилцлагаас нь болж Ш.Сайхансамуу гишүүнд эрүү­гийн хэрэг үүсгэчихлээ. Сүү­лийн үед ийм жишиг тогтоод байх шиг ээ?

-УИХ-ын гишүүнийхээ хувьд тэр хүн хэвлэлд ярилцлага өгөхдөө буруу зөрүү эсвэл санамсаргүй алдаатай ярьсан байж болно шүү дээ. Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг нь хууль, хяналтын байгууллага тогтоох байлгүй. Ер нь Ш.Сайхансамбуу гишүүний хэлсэн хэдэн үг бүү хэл, шалгах шаардлагатай хүн Монголын төрд олон байгаа. Гэхдээ улс төрийн өнцгөөс  ямар нэгэн өс хонзон өвөртөлж хэн нэгний захиалгаар биш, хуулийн хүрээнд л хууль зөрчсөн эсэхийг нь тогтоох ёстой. 

-АТГ-ын дарга Ч.Сан­га­раг­чаагийн бүрэн эрхийг нь түд­гэлзүүлэлгүйгээр анхан шатны шүүхээс ял оноосон. Үүнийг олон янзаар тайлбарлаж байгаа. Таны хувьд?

-Энэ бол УИХ-ын хариуцлагын асуудал. Улсын ерөнхий прокурор болон хууль хяналтын байгууллагаас УИХ-д “Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай” гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Гэтэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Ардын намынхан Ч.Сангарагчааг удаа дараа хамгаалж авч гарч байсан. Тэгэхээр энэ бол Хууль зүйн байнгын хорооноос хууль бус шийдвэр гаргаж байсны л үр дүн юм. Хэрэв тухайн үед  эрхийг нь түдгэлзүүлээд оронд нь үүрэг гүйцэтгэгч томилж, түүнийг шалгуулаад явсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тиймээс шүүх, прокурорын байгууллагыг буруутгах шаардлага байхгүй. Харин Улсын ерөнхий прокуророос УИХ-д дээрх асуудлыг тавиагүй байж ийм байдал үүсгэсэн бол өөрөөр ярих байсан. Тэгэхээр үүний хариуцлагыг хэн нэгэн хүлээх ёстой гэвэл УИХ л хүлээх ёстой. Тэр тусмаа уг асуудлыг хариуцсан байнгын хороо нь.

-Ярилцсанд баярлалаа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.