Сайдыг огцруулах асуудал нээлттэй гэв
2011.06.09

Сайдыг огцруулах асуудал нээлттэй гэв

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудал нээлттэй гэж эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ. Түүнээс энэ талаар товч тодруулав.

-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө хариуцсан сайд нь ажиллахгүй байгаа тул огцруулах асуудлыг дахин тавина гэж та хэлж байсан. Тэр хэвээрээ юү?


-Нэгэнт төрийн бодлого гаргаад баталсан хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлыг хариуцсан сайд ажлаа хийхгүй байгаа. Ямар боловч хуулийг өөрчлөх асуудлыг хойшлууллаа. Засгийн газар ажлаа хийгээд, тооцоо судалгаа, үнэлгээгээ зөв гаргаад, нөхөн олговорт таван их наяд төгрөг нэхээд байгаа аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажил, төлсөн татварын тайланг гаргуулж, түүний үндсэн дээр ярих ёстой. Тэдний байгаль орчинд учруулан хохирол ямар байгаа вэ гэдгийг тооцдог аргачлал бий. Түүнийг харж байж баланс шахах ёстой. Гэтэл тийм ажлаа хийхгүй байж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт одоогоос хагас жилийн өмнө нийгэмд  “254 аж ахуйн нэгжийн лицензийг бид цуцаллаа” гэж зарлаад бухимдал үүсгэсэн. Одоо болохоор урт нэртэй хуулийг хүчингүй болгох төслийг нэр бүхий гишүүд барьчихаад байна.

Үүнтэй яг зэрэгцүүлээд Засгийн газраар нөхөн олговор олгуулах шаардлагатай байна гээд сууж байна. Ингээд хууль хэрэгжих үндэслэлгүй гэдэг байдлаар мессеж хаяж байна. Эндээс шалтгаалаад сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахин авч үзнэ. Үүнийг УИХ-ын даргад хэлсэн. УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдсөн улс төрийн намууд, улстөрчид бүгдээрээ Монгол орныхоо байгаль экологийг аюул сүйрлээс аварна, төрийн тодорхой бодлого гаргана гэж амлаж байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 3.10-т үүнийгээ тов тодорхой заачихаад, төрийн бодлого гарч хууль баталчихаад байхад хоёр нүүр гаргаад үүнийг хэрэгжүүлэхгүй зүсэн зүйлийн арга саам хийгээд сууж байна. Тийм болохоор сайдыг огцруулах асуудал нээлттэй хэвээрээ байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.