АНУ түүхий эдийн нөөцийн төлөө нефтийн дарангуйлагчид тал засдаг
2010.12.16

АНУ түүхий эдийн нөөцийн төлөө нефтийн дарангуйлагчид тал засдаг

АНУ-ын дипломатчид нефтийн төлөө бараг бүхнийг хийхэд бэлэн. Тэд Азербайжаны дарангуйлагч болон түүний мөнгөнд шуналтай удмынхныг магтан дуулж байна. Америкчууд тэднийамьдралын хар бараан сүүдрийн талаар маш сайн мэдээлэлтэй ч ямар ч тохиолдолд “Том тоглоом”-д (Great Game) ялагдахыг хүсэхгүй байна.


Азербайджаны Ерөнхийлөгчийн гэргий, хоёр охиныхоо хамт биеэ тордож, үс гэзгээ янзлан, гоёж гоодоод АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн эхнэр Линн Чейнитэй уулзахыг хүлээн зогсов. Энэ бол 2008 оны 9-р сар. Хатагтай Линн нөхөр Дикийн хамт Каспи орчмын энэ улсад айлчилж байлаа. Одоо тэд хамтдаа хооллох болно.


АНУ-ын Элчин яамны дипломатчид болон бие хамгаалагчид ч бас хүлээж байлаа. Тэд Алиевын гэр бүлийг анхааралтай ажиглаж, судлахаар шийджээ. Юуны өмнө нөлөө бүхий тэргүүн хатагтай Мехрибаныг анхааралдаа авсан байна. Гэвч тэд азербайджан бүсгүйчүүдийн хэн нь ээж, хэн нь охин гэдгийг ялгаж чадсангүй. Учир нь бүх хатагтай нар моодоор хувцасласан, бараг өдөөн хатгаж буй мэт. Түүнээс гадна тэргүүн хатагтай гоо сайхны мэс засал хийлгэсэн учраас нүүрний хувирал байхгүй, бараг хөдөлгөөнгүй гэдгийг америкчууд мэдэж байлаа. Гэхдээ Азербайджаны тэргүүн хатагтай их залуу харагддаг. Америкчууд хэдэн минутын турш гайхшаа баран зогсчээ. Дараа нь тэдний нэг нь “Хэрэв логикоор сэтгэвэл эх нь голд нь зогсож байх ёстой” гэсэн байна.


Бакуд суугаа АНУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан бичигт өгүүлсэн энэ түүх яг л хорвоогийн нөгөө өнцөгт байгаа гадил жимст нэгэн оронд болсон мэт мэт сэтгэгдэл төрүүлж байна.

Great Game-ынүнэханш нэмэгдсээр

Каспийн бүс нутагт орших 9 сая хүнтэй Азербайджан бол АНУ-ын стратегийн эрчим хүчний түншүүдийн нэг. Гэсэн хэрнээ Оросын нөлөөний хүрээнд оршдог улс. Азербайджаны нефтийн батлагдсан нөөц 7 тэрбум баррель бөгөөд байгалийн хийн нөөц нь 1.3 триллион м3 юм.
Азербайджаны нийслэлийг Туркийн Газар дундын тэнгисийн боомт Джейхантай холбосон хоолой баригдсанаас хойш жил бүр өрнөд рүү сая сая тонн түүхий нефть тээвэрлэж байгаа билээ.


Чухам ийм учраас л Чейнийн гэр бүл Алиевынханд долигонож, тэднийг дэндүү их магтан дуулж байжээ. Энэ нь Обамагийн үед ч үргэлжилж байна. Одоо түүний Евразийн бүс дэх тусгай төлөөлөгч Ричард Морнингстар ийм л ажил хийдэг. Тэрээр бүр Билл Клинтоны захиргаанд ажиллаж байсан хүн, иймээс хаа байсан 1990-ээд онд Азербайджаны ач холбогдлыг ойлгосон бөгөөд 2.5 тэрбум еврогийн үнэтэй хоолой барихыг санаачлагсдын нэг юм. Америкчууд мөн сайн бэлтгэгдсэн, цэргийн шумбагчдаа явуулж, усан доорх үнэ цэнэтэй хоолойгоо хэрхэн хамгаалж чаддагаа орон нутгийн сонирхсон этгээдүүд болон хорлон сүйтгэгчдэд харуулсан.
Одоо”Great Game” гэж юу болохыг тайлбарлая. XIX зуунд англичууд ба оросуудын Каспийн бүс нутаг, Төв Азид нөлөөгөө тогтоохын төлөөх тэмцлийг тэгж нэрлэж байжээ. Харин өнөөдөр америкчууд энэ тэмцлийн тэргүүн шугаманд тулалдаж байна. Гэхдээ тэдний бооцоо хавьгүй өндөр. Харамсалтай нь дипломатчдын төлөх үнэ ч бас илүү өндөр гэдгийг Төрийн департаментын нууц баримтууд гэрчилж байна.

Нухчин дарж, номхруулаад өгнө өө
 


Яагаад гэвэл Азербайджан нь Каспийн орчмын нефтийн вант улсуудын адил өмнөөс нь ичиж улаймаар улс. Энэ улсын авлигад идэгдсэн яамд нефтийн галзуурал болон олон тэрбум доллартаа толгой нь эргэчихсэн. Дээр нь өсөлтийн хурд дунджаар 15 хувь байгаа нь хууль эрх зүй, дэг журам сахиулах ямар ч оролдлогод саад болж байна. Энд хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарж, сөрөг үзэл бодолтой хэнийг ч өршөөдөггүй.


Азербайджаныг 1993-2003 онд захирч байсан, дарангуйлагч Гейдар Алиев үхэхийнхээ өмнөхөн эрх мэдлээ өөрийн төрсөн хүү Ильхамд дамжуулсан. Одоо тэр яг эцгийнхээ арга барилаар ажиллаж байна. АНУ-ын илчлэгдсэн дипломат баримт бичгүүдээс үзэхэд тэд хэнийг тойрон хүрээлж, хэнд шадарлаж байгаагаа сайн мэдэж байжээ.


АНУ-ын дипломатчид “Who owns what?”/Хэн юу эзэмшдэг вэ/ гэсэн цуврал меморандум бэлдсэн юм. Энд Азербайджан улсын хамгийн нөлөө бүхий гэр бүлүүдийн ерөнхий дүр төрхийг дүрсэлжээ. Түүнээс иш татвал: “Бакугийн ажиглагчдын баталж буйгаар өнөөгийн Азербайджан улсыг яг л дундад зууны үеийн Европын феодалын улс шиг жолооддог. Хоорондоо холбоо сүлбээтэй, цөөн хэдхэн гэр бүл л бүхэл бүтэн бүс нутгуудыг, эдийн засгийн салбаруудыг хянаж байдаг”. Дипломат албан бичгүүд ч дээрх дүгнэлтийг баталж байна. “Тэргүүлэгч хэдхэн гэр бүлүүд л ашиг орлогоо хуваах тухай, тэрчлэн бие биеийнхээ эдийн засгийн болон газар зүйн ашиг сонирхолд саад болохгүй талаар хоорондоо ярьж тохиролцдог” гэж түүнд өгүүлжээ.
Мэдээж хэрэг, улсын тэргүүн гэр бүл Алиевынх “бялууны хамгийн сайн хэсэг”-ийг өөртөө авсан. Төрийн тэргүүний гэргий Мехрибан улстөрийн сэдвийн талаар бараг мэдээлэлгүй ч гэр бүлийнхээ гишүүдийн хангамжийг хангахын тулд идэвхтэй хөдөлмөрлөдөг. Түүний эгч Наргиз Азербайджанд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн салбарыг тэргүүлдэг, харин эцэг нь Үндэсний авиа Академийг удирддаг. Харин авга ах нь Гадаад харилцааны сайдын орлогч.

Алиевын эзэнт гүрний хамгаалалтан дор

Тэр бүү хэл гар утасны томоохон оператор “Nar Mobile/Azerfon” ч мөн Алиевын эзэнт гүрний өмч. Орчин үеийн өндөр хурдтай гар утасны цорын ганц лицензийг буюу өөрөөр хэлбэл мөнгө үйлдвэрлэх лицензийг мөн л энэ фирм авчээ. Гайхалтай тохиолдол шүү. Харин уг фирмийн өрсөлдөгч “Azercell” гар хоосон үлдсэн байна. тус компани өөр асуудлаар өөригөө хамгаалах гэж оролдоход “Nar Mobile/Azerfon” компани шууд л шүүхэд хандаж, улмаар ялалт байгуулжээ. “Энд ингэж хошигнодог. Хэрэв шүүгч таны найз бол, эсвэл Бенджамин Франклин биечлэн таныг төлөөлж байгаа тохиолдолд л та шүүхэд ялалт байгуулна” гэж АНУ-ын дипломатчид егөөддөг. АНУ-ыг үндэслэн байгуулагчдын нэг Франклины хөрөг долларын дэвсгэрт дээр байдгийг бүгд мэднэ. Тэгэхээр энэ нь хээл хахуул өгч, худалдан авна гэсэн үг.


Улстөрд сайн хэлхээ, холбоотой байх ашигтай гэж дипломатчид үздэг. Энэ нь ялангуяа ашиг орлого өндөр барилгын салбарт хамаатай. Учир нь энэ салбарт ивээн тэтгэгчгүйгээр юманд хүрч чадахгүй, үүнийг ч өрнөдийн шинжээчид мэддэг. Харин ивээн тэтгэгч нь өмгөөлөн хамгаалдаг мафи л юм. “Pasha Construction” фирм нь мөн Алиевын эзэнт гүрний нэг хэсэг. Мэдээж, хамгийн шилдэг хамгаална. Өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь “Pasha-Immobilien” компанийн үл хөдлөх хөрөнгө хурдан өсч арвижихад саад болохгүй, ийм байдлаар фирм сая сая долларыг олдог.


Гэхдээ Алиевынхан өгөөмөр зантай, иймээс тэд бусад гэр бүлд ч жаахан юм авахыг зөвшөөрдөг. Жишээлбэл Гейдаровын гэр бүл байна. Тухайлбал энэ гэр бүлийн Камалладин нь америкчуудын хошигносноор “нас бие гүйцсэн 35-тайдаа” Гаалийн зөвлөлийн тэргүүнээр томилогджээ. Энэ нь бүр Азербайджаны масштабаар ч хамгийн их авлигад идэгдсэн байгууллага.

Анарын шүүсний монополь ба 20 сая долларын тоглоом
 

Хамгийн гол нь Камалладинд хамгийн сайн тодорхойлолт гаргаж өгсөн юм. Учир нь түүний эцэг Фаттах бол Том /эцэг/ Алиевын дотны найз байсан. АНУ-ын Элчин сайдын хэргийг Түр хамаарагч анх удаа Бага /хүү/ Гейдаровтой уулзахдаа түүний цээжээр дүүрэн одон медаль байгааг ажиглажээ. Тэрээр “АНУ-ын штабын дарга нарын Нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгчийн шагналуудтай эн дүйцэхүйц” хэмээн тэмдэглэсэн байна.


Гейдаровын хөвгүүд эрх мэдэл, эд баялгаасаа бүрэн хэмжээгээр таашаал авдаг улс. Америкчууд тэдэнд зориулан нууц меморандумын нэг хэсгийг “His boys and their toys” гэж гарчиглажээ. Өөрөөр хэлбэл “Түүний хөвгүүд ба тэдний тоглоомууд”. Гейдаровын хөвгүүд бүгд өөрсдийн хөлбөмбөгийн клубтэй. Тэр бүү хэл тэд удахгүй АНУ-ын “Gulfstream” онгоцноос хоёрыг худалдан авах гэж байгаа гэнэ. Нэг нь 20 сая долларын үнэтэй тоглоом шүү.


АНУ-д мөрдөгддөг террористуудын эсрэг шинэ хуулиар бол азербайджан залуус эд хөрөнгөө хууль ёсоор хөдөлмөрлөж олсон гэдгээ батлах ёстой. Гэвч энэ нь “boys”-дад ямар ч асуудалгүй. Тэд “Gulfstream” фирм рүү өөрсдийн гэр бүлийн хөрөнгө оруулалтын уртаас урт жагсаалтыг илгээжээ. Тэнд бетон, асфальт, химийн үйлдвэрүүд, нэхмэлийн фабрикууд, сүү боловсруулах, архи согтууруулах ундааны завод, барилгын салбар гээд байхгүй юм алга. Бас аар саархан хөрөнгөө ч орхигдуулсангүй, тухайлбал анарын шүүсний үйлдвэрлэлд монополь тогтоосон гэх мэт.


Азербайджаны энэ хоёр гэр бүл Америкийн долларын ачаар улам баяжсаар байхад энэ улсын ард түмэн ядуурал гуйланчлалд автжээ. Улс орны хүн амын 40 гаруй хувь нь үгээгүй ядуу амьдарч байгаа бөгөөд сарын дундаж орлого 24 евро байна.


Азербайджаны Либераль намын лидер Лала Шевкет “Нефть бол манай эмгэнэл” гэжээ. Гэвч энэ нь америкчуудыг айлгасангүй, харин эсрэгээр тэд энэ улстай аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа тэлэхийн төлөө байна.


Бакуд АНУ-ын тусгай төлөөлөгч айлчилсны дараахан нэгэн дипломатч сэтгэл хангалуунаар “Манай тусгай төлөөлөгч Ерөнхийлөгч Алиевтай ярилцахдаа АНУ-ын засаг захиргааны хувьд энэ улсын харилцаа үнэ цэнэтэй гэдгийг цохон тэмдэглэлээ” гэж ярьжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.