2009.12.22

Матад сумын төдийгүй бусад аймгийн сумдад ч тохиолдож буй бэрхшээл

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолын төсөл, Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх байсан боловч гишүүдийн ирц тааруу, нухацтай хэлэлцэх шаардлагатай гэх зэрэг үндэслэлээр хойшлууллаа.

Ингээд гишүүн П.Алтангэрэлийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад тавьсан хоёр асуултад хариулт өгөхөөр болсон юм. Гишүүн П.Алтангэрэл Дорнод аймгийн Матад сумын нар, салхи хосолсон цахилгаан эх үүсвэрийн санхүүжилтийн гүйцэтгэл, Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод тавьсан асуултынхаа хариуг авлаа.

Дорнод аймгийн Тамсагт 2010 оноос газрын тосны олборлолт эхлэх гэж байгаа тул Монгол Улс газрын тосны бодлогоо тодорхой болгож Газрын тосны тухай хуулийг яаралтай шинэчлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзсэний улмаас тэрбээр Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдад асуулт тавьсан юм байна. Өнгөрсөн есдүгээр сард тавьсан ч хариулт өгөлгүй "Хугацаа алдлаа. Хоёр зүйлд анхаараасай гэсэн юм. Нэгд, газрын тос боловсруулах үйлдвэрийг ойрын үед яаралтай шийдэх хэрэгтэй. Их хөрөнгө шаардсан том үйлдвэр байгуулах биш газрын тос олборлож буй нутгуудад жижиг үйлдвэр байгуулах хэрэгтэй. Хоёрт, газрын тос орон нутагтаа өгөөжөө өгөхгүй байна. Үүнийг Газрын тосны тухай хуульд тусгаж өгөх хэрэгтэй" гэж байв.

Сайд Д.Зориг түүнийг яам анхааралдаа авахаа хэллээ.

Энэ үеэр гишүүн Б.Батбаяр яагаад Монголд бензин шатахууны үнэ хаана ч байхгүй өндөр байдгийг асуусан юм. Мөн төрийн өмчит ганцхан компани гаднаас шатахуун импортолдог байвал үнэ ханшид хяналт тавих боломжтой гэлээ. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан үүнд хариулахдаа "Шатахууны хилээр оруулж ирсэн үнэ дээр тээврийн зардал, дөрвөн төрлийн татвар нэмэгддэг. Мөн компанийн үйл ажиллагааны зардлыг тусгадаг.

Компанийн ашигт ажиллагааны зардал 0-7 хувь байдаг. Эдгээр нь шатахууны үнэд нөлөөлдөг" гэсэн бол сайд Д.Зоригт өмнө нь манайх НИК гэдэг төрийн өмчит ганц компанитай байсан боловч шатахууны тасалдал гардаг, өр ихтэй байсан. Авах газар олдохгүй маш хямд хувьчилсан. Ер нь төрийн өмчит ганц компанитай орон ховор. Голдуу өөрөө шатахуун үйлдвэрлэдэг, гадаадад гаргах нефть бүтээгдэхүүнээ хязгаарладаг, эсвэл татаас өгдөг улсуудад ,л, шатахуун хямд байдаг" гэсэн хариулт өгөв.

Үүний дараа Дорнод аймгийн Матад сумын нар, салхи хосолсон цахилгаан эх үүсвэрийн санхүүжилтийн гүйцэтгэлийн талаарх асуултад Д.Зоригт сайд хариуллаа.

"Баян констракшн" ХХК нь Дорнод аймгийн Матад суманд нар, салхи хосолсон цахилгаан эх үүсвэр байгуулах 890 сая төгрөгийн өртөг бүхий ажлын оны аравдугаар сард эхэлж 2008 оны гуравдугаар сард хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулага ажилласан боловч одоо хүртэл ажлаа гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгөөгүй төдийгүй суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь эвдэрч гэмтэн сумын төвийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж чадахгүй байна.

Энэ нь зөвхөн Матад сумын төдийгүй бусад аймгийн сумдад ч тохиолдож буй бэрхшээл юм" гэж П.Алтангэрэл гишүүн асуултдаа дурджээ. Асуулт, хариултаас үзвэл "Баян констракшн" ХХК нь 890 сая төгрөгийг бараг хоосон хийсгэсэн аж. Түүнээс үр ашигтай зарцуулсан нь ердөө л 97 сая төгрөг гэх авч салхин сэнс нь, салхины хурд 22 м/сек хүрч гамшгийн байдал тохиосон үед л сая ажиллах боломжтой энэ. Тухайн үеийн Түлш, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж байжээ. Тус компанид тусгай зөвшөөрөл бий эсэх нь ч тодорхойгүй ажээ. Иймд Эрдэс баялаг, эрчим хүч ний сайд Д.Зоригт ажлаа гүйцээхгүй бол "Баян констракшн компанийг 2010 онд шүүхэд өгнө гэлээ."

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.