![“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг байгууллаа](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/07/130a21d6aed8e8db362f5fe0587f8cfd.jpg)
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг байгууллаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сүүлийн буюу Лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04)-ыг барьж байгуулах Ерөнхий гүйцэтгэгч компаниар шалгарсан БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компанитай Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дүгээр тоот тогтоолоор эрх олгосны дагуу “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг байгууллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байх бөгөөд эдгээрийн 7 нь Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд юм. Уг 7 байгууламжийг барих ажлыг дээрх гэрээний дагуу БНЭУ-ын MEIL компани гүйцэтгэхээр болж байна. Уг багц ажилд хамаарах гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын технологийн лицензээр барьж байгуулах юм. Лиценз эзэмшигч компаниуд өөр өөрийн технологийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж дуусгасан болно.
- Устөрөгчийн үйлдвэр (HGU) - Италийн “Kinetics Technology”
- Хүхэр ялгах байгууламж (SRU) - Францын “Axens”
- Бензин боловсруулах байгууламж (MS Block) - АНУ-ын “UOP Honeywell”
- Гидрокрекинг (HCU) - АНУ-ын “UOP Honeywell”
- Дизелийн гидроцэвэрлэгээ (DHDT)- АНУ-ын “UOP Honeywell”
- Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжууд (LPGU) - АНУ-ын “UOP Honeywell”
- Висбрекинг (VBU) - Нидерландын “Shell”
Энэтхэг төдийгүй олон улсад нефть-химийн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг, 34 жилийн туршлагатай MEIL компани нь гэрээнд тусгагдсаны дагуу дээрх 7 байгууламжийг 36-38 сарын дараа барьж дуусгах үүрэг хүлээж байна.БНЭУ-ын Засгийн газрын 1,7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэн хэрэгжиж байна.
- EPC 01: Технологийн бус барилга байгууламж
- EPC 02: Атмосферийн болон Вакуум нэрлэг,
- Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд
- EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
- EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд
Эхний буюу EPC 01 багц ажилд хамаарах иргэний 9 барилга байгууламж, цахилгаан болон ус хангамжийн систем, үйлдвэрийн талбай дахь дэд бүтцийн ажил бүрэн дуусч, 2024 оны 11 сард улсын комисс хүлээн аваад байна. EPC 02, EPC 03 багц ажлын хувьд байгууламжуудын шугам хоолойн эстакад, технологийн зуухны суурийн бетон цутгалтын ажлууд дуусч, эстакадын ган бүтээцийн угсралтын ажлыг эхлүүлэх гэж байна. Үйлдвэрийн ДЦС-ын удирдлагын болон дэд станцын барилгын суурийн цутгалтыг хийж, үндсэн бүтээцийн ажил дуусч байна.