2011.06.27
С.Эрдэнэ гишүүн түлш, шатахууны хомсдлын асуудлаар асуулт тавилаа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ түлш, шатахууны хомсдлын асуудлаар Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригтод асуулт тавилаа. Асуултыг бүрэн эхээр нь хүргье.
Асуулт тавих тухай
Монгол Улсад сүүлийн үед үүсээд байгаа түлш, шатахууны хомсдлын байдал хэтэрхий газар авч, үүнийг дагаад олон сөрөг үзэгдэл бий болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 13 дахь заалтыг үндэслэн Танд дараахь “Асуулт”-ыг тавьж байна. Үүнд:
- Тавдугаар сарын турш нүүрлэсэн дизель түлшний хомсдолоос болж Монгол Улсын эдийн засагт багагүй хор хохирол учирсан, уул уурхай, газар тариалан, барилга, нийтийн тээвэр, зам засвар гээд олон салбарын ажил зогсоход ойртсон, өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн АИ-92 шатахууны хомсдол нэмэгдэн үүсээд байгаа нөхцөл байдал хэзээ дуусах,
- Дээрх байдлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг, аж ахуйн нэгж, иргэдэд ямар хэмжээний хор хохирол учирсан тухай судалгаа хийсэн эсэх,
- Цаашид түлш, шатахууны хомсдлын байдал сайжран нийлүүлэлт нэмэгдэх үед үнэ тогтвортой байх тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тооцоо судалгаа, мэдээллийг ирүүлнэ үү.
Асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.