С.Эрдэнэ: Зөвшилцөлд ахиц гарах найдвар бага харагдаж байна
2011.06.30

С.Эрдэнэ: Зөвшилцөлд ахиц гарах найдвар бага харагдаж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Өнөөдөр сонгуулийн хуулиар хоёр нам зөвшилцөж байна. Энэ зөвшилцөл ер нь үр дүнд хүрэх нь үү?

-Одоогоор зөвшилцлийн явцад ямар нэг ахиц гарсан зүйл харагдахгүй байна. Ний нуугүй хэлэхэд сэтгэл дундуур байна. Хоёр нам өөр өөрсдийн байр суурь дээр зогсч байна. Хэдийгээр хоёр нам холимог хувилбар гэдэг дээр тогтож  санал нэгдсэн ч гэлээ АН 5026, МАН 5224 гэсэн байр сууриа барьсаар байгаа. Харин үүнийгээ тойрсон жижиг сажиг зүйл дээрээ буулт хийхэд бэлэн байна гэж байгаа болохоос эцсийн шийдэл дээрээ зөвшилцөж чадахгүй байна. Одоогоор зөвшилцөлд ахиц гарна гэсэн найдвар бага харагдаж байна.

- Үнэхээр зөвшилцөхөд хүнд байгаа бол эцсийн хувилбар нь 3838  байж болно гэж байгаа. Зарим улстөрчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тойрог хуваахад хэцүү гэж байсан?

-Миний болдлоор их боломжтой гэж харагдаад байгаа. Бид мажоритари, пропорциональ давамгайлсан холимог тогтолцоо гэж яриад байдаг ч иргэд, сонгогчид үүнийг  сайн ойлгохгүй байна. Хувь тэнцүүлсэн буюу пропорционалиар гарч ирж байгаа  улстөрч аль  нэг тойрог  болоод орон нутгийн эрх ашгийг илэрхийлэхээсээ илүү тухай намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, улс орны хөгжлийн асуудалд илүү анхаарч ажиллах боломжтой болно. АН ийм байр суурьтай байна. МАН 52 суудал нь мажоритари буюу орон нутгийн буюу иргэд сонгогчдын төлөөлөл давамгай  байх ёстой гэж байгаа. 3838 гэдэг энэ хоёрын дундын хувилбар. 50 хувь нь пропорциональ буюу улс орны хөгжлийг тодорхойлж байхад үлдсэн нь орон нутгийн төлөөллөөр сонгогдож байх юм. За яахав гээд МАН-ын санал болгоод байгаа 5224 хувилбарыг авлаа гэхэд орон нутгийн төлөөллөө хэрхэн хуваарилах вэ гэдэг асуудалтай. 1990 оноос хойш хүн амын  өсөлт хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс нэг гишүүн орон нутгийг төлөөлөхдөө хэдэн  хүний төлөөлөл байх вэ гэдгийг харгалзаж  шинэчлэх шаардлагатай болсон. 30 гаруй мянган хүн амтай Дундговь аймаг хоёр хүн сонгож байхад 200 гаруй мянган хүн амтай Баянгол дүүргээс дөрвөн хүн сонгогдож байх жишээтэй.Тэгэхээр төлөөллийн мандатыг хуваарилахдаа хүн амын тоог харгалзах зайлшгүй шаардлагатай болчихоод байна гэсэн үг.

- АН-ын бүлэг сонгуулийн хуулиар шантаажлаад төрийн ажлыг гацаалаа. Хуралдаанаа хэвийн үргэлжлүүлээд  зөвхөн сонгуульд  дээрээ завсарлага аваад явж болдоггүй юм уу. Хүлээгдээд цаг хугацаа алдаж байгаа олон хууль тогтоомж байна шүү дээ?

- Би үүнийг хоёр талаас нь харж байна. Хаврын чуулган завсарлах дөхсөн, хүлээгдэж байгаа асуудал олон байхад УИХ-ын үйл ажиллагаа зогсох нь буруу. Нөгөө талаас харахад сонгуулийн хуулиа шийдэхгүйгээр цааш явлаа гэхэд үүнээс илүү хор, хохирол учрах болно. Сонгуулиа хэр шударга явуулах, төрөө тунгалаг болгох, дараа дараагийн төрийн хувь заяаг шийдэх  гээд олон зүйл шалтгаална.

-Төрийн ажил зогссон энэ үед биензин шатахуунаас эхлээд  үнийн хөөрөгдөл, хомсдол гээд зохиомол зүйлс гарч эхэлсэн. АН-ын ажил хаялт энэ байдалд нөлөөлсөн гэж хэлж болох уу?

-Төрийн ажил гацсанаас үүдэж байгаа зүйл гэж харахгүй байна. Хувь хүнийхээ хувьд хэлэхэд хардах зүйл их байна. Өнгөрөгч сард импортолсон шатахуунтай ижил хэмжээтэйг энэ сард авчихаад байхад яагаад хомсдол үүсээд байна. Нефть импортлогч компаниуд шатахууныг их хэмжээгээр нөөцөлж зохиомол хомсдолыг бий болгоод байна уу. Мөнгө хүүлэх арга буюу үнэ нэмэх замаар ийм нөхцөл үүсгээд байна. Энэ бүгдээс харахад хардах үндэслэл их байна. АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан дээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы  мэдээлснээр импортоор орж ирж байгаа шатахууны хэмжээ хэрэглээг бүрэн хангах бүрэн боломжтой байна. 14 хоногийн нөөцтэй байгаа гэсэн. Ийм байхад яагаад картаар, бага хэмжээгээр олгоод байна гэдэг зохиомол хомсдол бий болгож байна гэсэн үг. Хувийн хэвшлийнхний хараанд зохиомол үнийн хөөрөгдөл, хомсдолд орж байхаар нефть бүтээгдэхүүн импортлох эрхийг 100 хувь төрийн мэдлийн компаниар гүйцэтгүүлье гэсэн саналыг манай ажлын хэсгээс гаргасан.

- Төрийн мэдлийн компани импорт эрхлэх эрхтэй болохоор хувийн хэвшлийнхэн эсэргүүцэж л таарна. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Энэ хөөрөгдөх, хязгаарлалт хийх  зэргээр эсэргүүцлээ илэрхийлэх боломжгүй. Хэрэв ийм зүйл гаргалаа гэхэд дараа дараагийн арга хэмжээг төрөөс авах болно. Тухайлбал,  нефтийн бүтээгдэхүүн хуваарилахгүй байх зэргээр хаалт хийж болно. Тэгэхээр эсэргүүцэх аж ахуйн нэгж гарахгүй байх гэж найдаж байна. Нийт ард түмнийхээ эрх ашиг, үндэсний аюулгүй  байдлаа бодохоос хэдхэн компанийн эрх ашгийг бодож болохгүй. Эрх ашгийн эрэмбэ гэж байна. Нефтийн аж ахуй нэгжүүд өөрсдөө олборлоод үйлдвэрлэж байгаа бол өөр хэрэг. Гэтэл бүгд нэг компаниас буюу Роснефть компаниас худалдан авч байна. Ингэсэн атлаа харилцан адилгүй үнэ тогтоож  байна.

- Эдийн засгийн стратегийн гол бүтээгдэхүүний  хомсдол, үнийн өсөлт замбараагүй, хараа хяналтгүй болсон хариуцлагыг хэнд тооцох юм бэ. Бас л гал унтраах аргаар яваад байх уу?

- Эхний ээлжинд Засгийн газар шаардлага, үүрэг өгнө. УИХ-аас тавьсан үүргийг хэрэгжүүлэхгүй бол бүрэн эрхийнхээ хүрээнд хуулиар олгогдсон хариуцлагыг тооцох болно. Нефтийн салбар эзэнгүй болсон байна. Энэ салбарынхан зөвхөн уул уурхай руугаа хошуугаа дүрчихсэн, хамаг анхаарлаа тавьчихсан сууж байна. Ард нь нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамж хаягдчихлаа. Үүний гор нь өнөөдөр гарч байна. Энэ асуудлыг тавиад ЭБЭХ-ний сайдыг намын нөхөд нь хамгаалаад авч үлдэнгүүт хөдөө орон нутагт станцууд нь хөлдөөд гал алдсан. Орон нутаг тулдаа дараад өнгөрлөө. Дөрөвдүгээр цахилгаан станц хөлдсөн бол яах байсан юм. 2008 онд нефть бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, Эрчим хүчний шинэ их үүсвэр байгуулах тухай УИХ-ын тогтоол гарсан. Өнөөдөр цаасан дээр л дөнгөж бууснаас  газар дээр босчихсон зүйл алга. Хэзээ ашиглалтад орохыг бүү мэд. Анхнаасаа олонхи нь олонхи шиг, цөөнх нь цөөнх шиг ажилласан бол өнөөдрийн ийм байдалд хүрээч үү үгүй ч үү.

- Хамтарсан Засгийн газар байгуулсан нь буруу байсан. 2012 оны сонгуулиар энэ хоёр нам хариуцлага үүрч  бусад улс төрийн хүчнүүд парламентад орж ирнэ гэсэн таамаг их гарах боллоо. Ер нь улстөрийн шинэ хуваарилалт явагдана гэдэгтэй санал нэг байна уу?

- Хэдийгээр хамтарсан Засгийн газар байгуулсан нь алдаа байсан ч гэлээ 2012 онд улс төрийн бусад намд саналаа өгч улс төрийн шинэ өнгө бий болгож, шинэ хуваарилалт хийнэ гэдэг ард түмэнд ч хохиролтой, эрсдэлтэй алхам. Олон түмний сонголт хэзээ ч алддаггүй. Харин сонгогчдын сонголтыг гуйвуулах замаар төр барих нь буруу. Өнөөдрийн төрийг олон түмний сонголтоор байгуулагдсан  гэж боддоггүй. 50 хувь нь луйвар, 50 хувь нь сонголтоор орж ирсэн гэж би боддог. Тэгэхээр хамгийн гол нь сонгуулийн тогтолцоог хэрхэн шударга болгох, сонгуулиа шударга явуулах гэдэг.

- Сонгуулийн санал хураалтыг автоматжуулах тухай яриад байгаа ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэх гэж алхам хийгээгүй байна. Тэгэхээр улс төрд байгаа хүмүүс үүнийг хийх сонирхолгүй байна  гэж харагдаад  байна?

- Сонгуулийг автоматжуулж хүний оролцоог багасгах тусам луйвар багасна. Хүн байгаа газар луйвар байдаг л байхгүй юу. Дэлхий дахин хөгжлийн өндөр төвшинд хүрч хуруугаа долоож  тоолдог үе хэдийнэ өнгөрчихөөд байна. Харин санал тоолох ажиллагааг автоматжуулахгүй байх хүсэлтэй уллстөрчид төдийгүй Сонгуулийн ерөнхий хороонд ч байна. Одоо болтол сонгогчдын саналыг автоматаар тоолох машины  сонголтоо хийгээгүй байна. Сонгууль болоход жил хүрэхгүй  хугацаа үлдээд байхад  шүү. Уг нь эхлээд сонгуулийг автоматаар явуулах тоног төхөөрөмжөө  сонгоод УИХ-д танилцуулдаг  юм байна. Дараа нь үүндээ тохируулаад хуулиа хийдэг.

- Долдугаар сарын 1  нөгөөдөр болох гэж байна. Энэ  өдрийн үймээний хэргийн учиг бүрэн тайлагдаагүй байна?

- Долдугаар сарын 1-н уул нь их сайхан гэгээлэг, хүмүүсийн сэтгэл тэнэгэр болсон байх өдөр. Гэвч энэ өдөр эмгэнэл, хар өдөр болон түүхэнд үлдэж байгаа харамсалтай. Байгаль дэлхий тэгширсэн, ус, ургамал дэлгэрсэн налгар дэлгэр байдаг сайхан сар. Миний төрсөн өдөр болдог болохоор долдугаар сар сайхан байдаг. Энэ үйл явдалд харицлага хүлээх ёстой  этгээдүүд өнөөдрийг хүртэл зүгээр л явж байна. Тэгэхээр энэ өдрийг хэрхэн гэгээн цагаан болгох талаар хүн бүр бодож, төр  ажиллах ёстой.

- Энэ өдрийг түүхэнд хараар үлдээх үймээний хариуцлагыг  үүрэг гүйцэтгэж явсан эгэл жирийн цагдаа, үзэл бодлоо илэрхийлсэн, мөрөөрөө явсан залуучуудад тохоод өнгөрөх гэж байгаа дүр зураг ажиглагдаад байна. Та  үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

- Үнэхээр ийм байдал ажиглагдаж байна. Энэ  гутамшигт, эмгэнэлт үйл явдлыг хэн нэгэн дэгэлж, зохион байгуулаагүй байсан  бол олон сайхан жирийн цагдаа нар, залуучууд хохирохгүй байсан. Тухайн өдөрх асуудлыг мөргөлдөөний хэмжээнд хүргэхгүй зохицуулах бүрэн боломжтой байсан. Бүтэн өдөржин,  буудалцаж, чулуу шидэлцэж байхад Монголын төрд тэр байтугайг зохицуулах боломж байгаа. Эд зүйгээр зохицуулах ч боломж байсан. Тэгэхэд ямар ч арга хэмжээ авалгүй байдлыг хүндрүүлсэн. Жагсагчдын цөсийг хөөргөж, хууль сахиулах үүрэг гүйцэтгэгч жирийн цагдаа нарыг мөргөлдөөнд оруулснаар маш том гэмт хэрэг, эмгнэлэл болсон гэхээс өөрөөр хэлэх үг олдохгүй байна. Гэмт буруутнуудыг олж хариуцлага хүлээлгэх л хэрэгтэй. 700-800 залуу шоронд орсон. Тэднийг насаар нь ял эдэлсэн гэдэг хар тамга дагана. Гэмтэж бэртсэн, нас барсан хүмүүсийн бодит хохирлыг хэн барагдуулах юм. Монголын төр шуурхай ажиллаж хохирсон хэлмэгдсэн хүмүүсийн хохирлыг барагдуулах, гэм буруутанг олох хэрэгтэй.

- Нас барсан иргэдийн ар гэрийнхэнд 50 сая төгрөг, гэмтэж бэртсэнээс хамааран хэдэн төгрөг өгсөн. Үүнийг хохирол барагдуулсан гэж ойлгож болох уу?

- Үүнийг хохирол барагдуулсан гэж үзэхгүй. 50 сая төгрөг өглөө гээд нас барсан хүн босч ирэхгүй. Монголын төр мөнгөн хэлбэрээр иргэдэд хохирол барагдуулсан байж болно. Хамгийн гол дахиад ийм  эмгэнэлт үйл явдлыг давтагдуулахгүйн тулд арга хэмжээ авах, гэм буруутныг олж тогтоон хариуцлага тооцож ийм явдал гаргасан хариуцлага тооцдог юм байна. Ингэж болохгүй юм байна гэсэн  ойлголтыг нийгэмд өгөх хэрэгтэй. Заавал хэн нэгнийг гэм буруутай болгох гээд байгаадаа биш, үймээний зохион байгуулсан, ийм байдалд хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох д хэрэгтэй.  Өнөөдөр хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. Ийм явдал гаргуулахгүйн тулд Сонгуулийн тухай хуулиа шинэчлэх хэрэгтэй байна.

- Албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай яриад байгаа ч өнөөдөр биеллээ олсон нь алга. Ер нь хариуцлага хүлээлгэж чадах болов уу?

- Тухайн үед  арга хэмжээ авах, ийм байдлаас урьдчилан сэргийлэх эрх мэдэлд бүхий албан тушаалд байсан хүмүүс өнөөдөр дахиуд л төрийн өнөдөр дээд албан тушаалд байж л байна. Өнөөдөр шударгаар хариуцлага тооцдог байж л нийгэм зөв гольдролдоо орно.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.