Б.Бат-Эрдэнэ: Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахин тавина
2011.09.08

Б.Бат-Эрдэнэ: Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахин тавина

Намрын чуулган эхлэнгүүт, УИХ-ын гишүүд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хариуцлага тооцох асуудлыг гурав дахь удаагаа тавих нь тодорхой болоод байна. Нөгөөтэйгүүр, УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ирэх аравдугаар сарын 1-ний дотор багтаан Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах үүрэг хүлээгээд буй. Иймд бид дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцсан юм.
-Сайд  Д.Зоригтыг огцруулах асуудлыг УИХ-д гурав дахь удаагаа тавих сураг дуулдлаа. Огцруулах үндэслэл шинээр гарч ирэв үү. Эсвэл хуучин үндэслэлээ дахин тавих гэж байна уу?

-Хаврын чуулган завсарлахаас өмнө би байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хоёр жилийн өмнө УИХ-аас баталсан Усны сав болон ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллахгүй бол намрын чуулган эхлэхэд сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахиад тавина шүү гэж... Тэр хүрээндээ асуудлыг тавина.

-Гэхдээ дан ганц Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг тавина гэдэг өрөөсгөл биш үү. Тэр тусмаа та түүнийг хамгаалах ёстой шүү дээ, нам та хоёрыг хүссэн хүсээгүй нэг зорилгод хөтөлнө?

-Монгол орныхоо гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалъя, ойн сан бүхий газраа хамгаалъя гээд бодлого хууль батлаад өгч байхад хэрэгжүүлэх талд ерөөсөө ажиллахгүй байгаа юм чинь яах юм. Тэр байтугай хуульд зүсэн бүрийн нэр хоч өгч, зүсэн зүйлийн шалтгаан тоочиж, хоёр жил боллоо. Зуны гурван сар гайгүй сайн ажиллачих юм болов уу гэж харсан, хүлээсэн, байдаггүй. Харин ч танхимынх нь сайд Л.Гансүх надтай бүр маргалдаад “Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ та худлаа ярьж байна” гэсэн. Одоо тэгтэл хэн нь худлаа ярив гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалт, хэвлэл мэдээллийн байгууллагынхны уул уурхайн ордууд дээр очиж хийсэн шалгалт, сурвалжлагуудаас тодорхой болж байна.  Улсын хэмжээнд өнөөдөр уул уурхайн 254 шороон орд үйл ажиллагаа явуулж байна.

Сайдууд “Тэдгээр компанийн техник технологийг нь лацадсан, үйл ажиллагааг нь  зогсоосон” гэж хэлээд байгаа боловч энэ зуны турш нөгөө 254 компани газраа ухдагаараа ухаад, гол мөрнийг бохирдуулаад, байгаль орчныг сөнөөдгөөрөө сөнөөгөөд байж байна. Энэ асуудлыг ганц би хэлээд байгаа юм биш. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байгуулагдсан ажлын хэсгийнхний шалгалтаар тодорхой болсон. Тэд зөвхөн нэг аймагт очоод шалгалт хийсэн биш. Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад хийсэн шалгалтаар тогтоогдсон. Хэвлэл мэдээллээр тодорхой гарч байна ш дээ. Тэгэхээр зэрэг энэ зуны хугацаанд уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоосон биш, харин уулгалан дайрах бололцоог хангаж өгсөн сайдуудад хариуцлага тооцох ёстой л гэж бодож , сууна.

-Урт нэртэй хуультай холбоотойгоор зөвхөн Д.Зоригт сайд төдийгүй Л.Гансүх сайдыг огцруулах асуудлыг шинээр тавих нь гэж ойлголоо зөв үү?

-Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад хариуцлага тооцъё гэдэг байр сууриа хэллээ. Намрын чуулган эхлэг, тэгэхээр асуудлаа тавъя л даа.

-Д.Зоригт сайдыг огцруулах байр суурьтай гишүүн таниас өөр хэн байгаа вэ. Та ганцаараа асуудлыг тавиад дийлэх юм уу?

-Өмнө нь энэ асуудлыг тавьж байсан гишүүд бий. Одоо ч байр сууриа илэрхийлж байгаа ш дээ.

-Аравдугаар сарын 1-ний дотор багтааж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж, зургаан гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хугацаа нь хэтэрхий давчуу юм биш үү, амжих юм уу?

-Хүсэл эрмэлзэл байх юм бол юуг ч хийж бүтээж болно. Оюутолгойн гэрээг байгуулахын тулд ээлжит бус чуулган зарлаад, Гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгуулж байсан, Монголын эрх ашгийн төлөө Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахад яагаад болохгүй гэж... Тэгээд ч би Ерөнхий сайдад байр сууриа тодорхой илэрхийлсэн.

-Юу гэж хэлсэн юм?

-Бидний тавьсан шаардлагыг аргацаах маягаар гурван сайд чинь “еэвэндэх” юм бол улс орны, ард түмний эрх ашигт нийцэхгүй шүү. Хөрөнгө оруулагч талтайгаа ярилц гэсэн.

 

Ноднин бид УИХ-ын 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүл гэдэг шаардлага тавьж байсан. Тэгтэл нөгөө гурван сайд “Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулаад, Монголын талын авч байгаа зээлийн хүүг бууруулж, ашигтайгаар шийдлээ гэж нэг баахан сенсааци тариад, асуудлыг намжаачихаж байгаа юм. Гэтэл цаад талд нь анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувь эзэмшлийн хэмжээг 50 хувьд хүргэх ёстой гэсэн тогтоолыг хэрэгжүүлэх ажил огт хийхгүй яваад байгаа байхгүй юу. Тийм учраас шаардлагыг хэрэгжүүл, биелүүл.  Аравдугаар сарын 1-ний дотор хангуул гэсэн. Чаддагүй юм бол чаддаг хүмүүс нь хийх ёстой. Хуулиар хүлээсэн хариуцлагаа үүрэх ёстой. Хариуцлага тооцох бүх л хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд ажиллана гэж хэлсэн.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.