С.Баярцогт: УИХ-ын гишүүн
2011.10.25
С.Баярцогт: Оюутолгойн ордын ашгийн 59 хувийг монголчууд хүртэхгүй бол би хариуцлага хүлээнэ
УИХ-ын гишүүн С.Баярцогттой ярилцлаа.
Оюутолгойн ордод одоогоор 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Барилгын ажил 2013 онд дуусна, 2012 оны наймдугаар сараас олборлолтоо эхэлнэ хэмээн тооцсон. Уг ордыг ашиглах хэлэлцээ 2007 оноос эхэлсэн. 34 хувийг Монголын төр эзэмшиж, "Айвенхоу майнз", "Рио Тинто" компани хөрөнгө оруулагчаар ажиллаж байгааг бид мэднэ. Монголын тал 34 хувиа худалдаж авч байна, эзэмшлийн хувь долоо болж буурлаа, Засгийн газар УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэнгүй, харийнхны эрх ашигт нийцсэн гэрээ хийсэн, энэ бүхнээ зас хэмээн хэсэг гишүүн шаардаж байгаа. Сангийн сайд С.Баярцогт өчигдөр сэтгүүлчидтэй уулзан, уг ордыг ашиглах гэрээ эхэлсэн 2007 оноос хойш УИХ, Засгийн газрын төвшинд гаргасан шийдвэр, баримтыг сэтгүүлчдэд дэлгэлээ.
Уг ордын талаарх гэрээг хуульд нийцүүлэх, төрийн эзэмшил 34 хувь байх, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс нь хойш төрийн эзэмших хувийг 50-д хүргэх гурван заалт бүхий 57 дугаар тогтоолыг УИХ 2009 оны долдугаар сарын 16-нд баталсан. Дөрөв хоногийн дараа Засгийн газар хэлэлцээ хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилснөөр Сангийн сайд ахлах болжээ. Үүний дагуу Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, аравдугаар сарын 6-нд нь гэрээг үзэглэснийг уншигчид санаж буй биз. Уг гэрээг 2010 оны гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр мөрдөж байна. Ажлыг хэсэг Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Авто зам, Усны тухай хуулиудад өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж, ээлжит бус чуулганаар шийдсэн. Ингээд 57 дугаар тогтоолын "Гэрээг хуульд нийцүүлэх" эхний заалт биелсэн аж. 34 хувийг нь төр эзэмшиж байгаа. Бас гэрээнд "30 жилийн дараа төр 50 хувиа эзэмшинэ" хэмээн заачихсан. Асуудал алга хэмээн тэр тайлбарлав. Ингэхдээ энэ оны нэгдүгээр сарын 16-нд Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулсан хамтарсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн тогтоолыг иш татав.
Уг тогтоолоор "Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлаар хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцээ хийж шийдвэрлэх, нөөц ашигласны төлбөрийн татварыг Оюутолгойгоос авах" хэлэлцээ хий хэмээн Засгийн газарт чиглэл өгчээ. Үүнийг Сангийн сайд "Энэ бол Засгийн газар 57 дугаар тогтоолыг биелүүлсэн гэдгийг баталж байна. Гэрээг хуулийн дагуу байгуулсан байна, одоо сайжруул гэсэн үг" гэлээ. Оюутолгойн ордын ТЭЗҮ-г 2059 он хүртэл хийчихсэн. Энэ хугацаанд тонн"зэсийг 4408 доллар байхаар тооцоход манай улс 29 тэрбум долларын ашиг олно. Энэ бол нэрлэсэн үнэ цэнээр нийт ашгийн 59 хувийг Монгол Улс хүртэнэ гэсэн үг гэнэ. Уг ашгийн 66 хувийг татвараас, үлдсэнийг нь ногдол ашгаас олох юм. Мөн зэсийн үнэ 4408 долларт хэлбэлзэнэ гэвэл "Оюутолгой" төслийн хуримтлагдсан мөнгөн урсгал 2017 оноос эерэг гарахаар тооцжээ. Тэгвэл хөрөнгө оруулагч тал зөвхөн ногдол ашгаас 25 тэрбум доллар олно. Тэд олборлолт эхэлсний дараа ашгаа хүртэх бол манай улс үйл ажиллагаа эхэлсэн цагаас татвараа аваад эхэлсэн, тиймээс Монголд илүү ашигтай гэрээ болсон хэмээн Сангийн сайд онцоллоо. Тэрбээр хийсэн гэрээндээ 100 хувь итгэлтэй байгаагаа мэдэгдэв. Сэтгүүлчид түүнээс зарим зүйл тодрууллаа.
-57 дугаар тогтоолын гурав дахь заалтад "Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 хувиас доошгүй хувьд хүргэх талаар хөрөнгө оруулагчидтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасугай" гэсэн. Үүнд 30 жилийн дараа нөхнө гэж байхгүй. Тэгэхээр уг тогтоолыг хэрэгжүүлсэн гэх үндэсгүй юм биш үү?
-Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийг өөрчилнө гэсэн үг. Уг хуулийн дагуу хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод төр 34 хувь, төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50-иас доошгүй хувь эзэмшдэг. Үүнийг өөрчилнө гэхээр хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод төр 50, өөрийн хөрөнгөөр хийсэн бол 66-гаас доошгүй хувийг эзэмших болно гэсэн үг.Хэрэв 50 хувьд хүргэнэ гэвэл хөрөнгө оруулагч тал 16 хувиа зах зээлийн үнээр худалдана.
Бас нэрлэсэн үнэ цэнэ ярих аргагүй болно. Ингэвэл бидэнд ашиггүй. Бид хуулийг өөрчлөхгүйгээр гэрээг биелүүлсэн. Ер нь анх хөрөнгө оруулагч тал "Эрдэнэт үйлдвэр шиг танай тал 50 хувиа эзэмш. Хариуд нь бүх татвараас чөлөөлөөч" гэсэн хүсэлт тавьсан. 50 хувийг эзэмшлээ гээд манай олох ашиг нэмэгдэхгүй. Асуудлын гол нь хувьд биш эдийн засгийн үр ашигт байгаа юм. Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал тавьж буй 20 гишүүний байр суурь бол тэдний л байр суурь. Хоёр Байнгын хорооны тогтоол бол УИХ-ын байр суурь.-"Монголын талд ашиггүй" гээд Засгийн газар хууль биелүүлээгүй хэрэг үү?
-Биелэлтийг хангалаа, нөхцөл ийм байна гэдгийг УИХ-ын ээлжит бус чуулганд Засгийн газар танилцуулсан. УИХ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс хэн нэг хүн дур мэдэн хууль биелүүлээгүй юм биш.-Байнгын хорооноос гаргасан чиглэлийн дагуу хэлэлцээ хийхийг хөрөнгө оруулагч талд Засгийн газар санал болгосон ч тэд "Тэгэх шаардлагагүй" гэсэн хариу өгсөн. Энэ нь Төрийн эзэмшлийн 50 хувьд ерөөс хүргэхгүй гэсэн үг үү, эсвэл зөвхөн одоохондоо л .. гэж ойлгох уу?
-Тэд "одоохондоо шаардлагагүй" гэсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний 15.30-д "Хоёр тал бичгээр тохиролцсоны үндсэн дээр гэрээнд өөрчлөлт оруулна" гэсэн байгаа. Тиймээс уг ордоос ашгаа аваад эхэлмэгц асуудлыг дахин ярих нь нээлттэй. Үүний дараа хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргасныг "Буулт хийлээ" гэх мэтээр шүүмжилсэн. Буулт хийсэн юм биш. Асуудалгүй гэдгийг л хөрөнгө оруулалтын банкнуудад батлах нэг мессеж шүү дээ.-30 жилийн дараа 50 хувьд хүргэнэ гэснийг 15 жил болгож богиносгож болдоггүй юм уу?
-Оюутолгойн төсөл 70 настай. Одоо дөнгөж хоёр л насалж байна. Хоёр настай хүүхдээ шууд л "төгс хүн бай" гэж шаардаж байгаатай адил шүү дээ. 18 нас хүрснийх нь дараа ямар ч асуудлыг ярьж болно. Тэгэхгүйгээр л хоёр настай төслийг шууд "нухчих" гээд байх юм.-2012 оны сонгуулийн дараа УИХ дахь намуудын харьцаа өөрчлөгдөнө. Тэр үед гэрээг өөрчлөх асуудал хөндөгдөнө гэж үзэж байна уу?
-Монгол Улс энэ гэрээгээ үргэлжлүүлэн мөрдөнө гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Гэрээг хийсний дараа Ерөнхийлөгч "Монголчууд нэг алхам урагшиллаа" гэж хэлсэн. Алдвал ганц би биш бүх монголчууд алдана. Би гэрээний эдийн засгийн тооцоонд итгэлтэй байгаа. Гэрээнд ОУВС.Дэлхийн банкны мэргэжилтнүүд судалгаа хийгээд "Монголын Засгийн газарт ашигтай гэрээ болжээ" гэж дүгнэсэн. Хэрэв асуудал гарвал хариуцлагаа хүлээнэ.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.