Ч.Улаан:Бид “Тэтгэвэрт гарсан хойноо хүүхэд нохойн доог болчихгүй юмсан” гэж ярьдаг л байлаа
-Ирэх оны төсвийн талаар ямар бодолтой байгаа вэ. Сая төсвийн тодотгол хийсэн нь буруу болсон гэх шүүмжлэл их байна?
-Нэгэнт хийсэн зүйлийн араас юу ярихав. Төсөвт тодотгол хийж болно. Гэхдээ төсвөө сайжруулж тодотгох хэрэгтэй. Гэвч энэ удаагийн тодотгол төсвөө сайжруулж чадаагүй. Тийм учраас хийх шаардлагагүй байсан гэж боддог.
-Гишүүд сонгуулиас өмнө тойрогтоо хэдэн төгрөг илүү авах гэсэн л арга юм биш үү?
-Үнэн шүү дээ. Ер нь сонгуулийн уур амьсгал орчихсон байна. Төсвийг сайжруулах биш зардал нэмэгдүүлэх тодотгол хийж байгаа нь ингэж ойлгохоос өөр аргагүй. Тодотголоор хөрөнгө оруулалтад нэлээд мөнгө тавьсан. Гэвч он дуустал хоёр сар гаруйн хуга-цаанд дорвитой ажил хийнэ гэдэгт эргэлзэж байна. Хуваарилсан энэ хөрөнгө нь үнийн өсөлт, хийгээгүй ажлын санхүүжилт болоод хувирчих вий дээ гэсэн болгоомжлол байгаа.
-Орлого нэмэгдээд байна гээд бэлэн мөнгө тараагаад цацаад л байх ёстой юу?
-Төсөв нэмэгдээд, орлого өсөөд байдаг. Зарлага нь түүнээсээ давж гараад байна. Голланд өвчин гэдэг чинь энэ шүү дээ. Тийм учраас орлогыг дагаж зарлагаа нэмэгдүүлдэг нь угаасаа буруу. Тэгэхээр ирэх оны төсвөө батлахдаа ажил хэрэгч байдлаар хандаж, улс орныхоо хөгжлийн хэтийг харж шийдвэр гаргаж чаддаг бол ухаантай байх хэрэгтэй. Зардлыг багасгамаар байна. Эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулмаар байна. Хэрэв тэгвэл ард түмэн, улс оронд буянтай л хэрэг болно. Гэвч ийм зүйл болно гэдэгт би эргэлзэж байна.
-Цалин, тэтгэврийг нэмэх нь ард түмэнд хэрэгтэй. Гэхдээ эдийн засаг талаасаа хэр зөв юм бол доо...
-Цалин, тэтгэвэр нэмэх шаардлага байгаа. Энэ бол мөнхөд яригдах асуудал. Гэхдээ нэг жилд төсөвт дэндүү их ачаалал ногдуулж байна. Энэ нь сөрөг үр дагавар дагуулж, үнийн өсөлт бий болгох талтай. Ер нь бэлэн мөнгө гүйлгээнд оруулах нь заавал үнэ ханшийн өсөлтийг өдөөдөг хуультай. Уг нь гүйлгээнд орж байгаа мөнгийг бараа, ажил үйлчилгээгээр баталгаажуулах ёстой. Гэтэл үүнийгээ нэмэгдүүлж чадахгүй болохоор үнэ ханш л өснө шүү дээ.
-Манай Засгийн газраас"РиоТинто"1.6 тэрбумыг нэхээд эхэлсэн юм уу. Нэг ёсондоо манайх ийм өрөнд орж байгаа хэрэг үү?
-Энэ талаар нарийн мэдэхгүй байна. Ер нь манайх урьдчилгаа хэл-бэрээр мөнгө зээлээд авчихсан шүү дээ. Тэгэхээр хэзээ, яаж буцааж төлөх талаар яриа хэлэлцээрээ сайн хийх хэрэгтэй. Уг нь урьдчилгаа гэдэг бол зээл биш. Ирээдүйд бий болох татвараар төлөхөөр урьдчилж авч байгаа хэлбэр байх ёстой.
Гэтэл ирээдүйд авах татвар бий болоогүй байхад урьдчилгааг буцааж төлөх асуудал ярьсан бол зээл байж таараа.
Тэр тусмаа маш богино хугацаатай нэхэгдэж байгаа бол арилжааны зээл гэсэн үг. Уг нь Монгол Улс өнөөдрийг хүртэл арилжааны зээл авахаас зайлсхийж ирсэн юм шүү дээ. Эдийн засагт дарамт болохгүй, урт хугацаанд төлөх хөнгөлөлттэй зээлийг авсаар ирсэн. Гэтэл одоо ийм өндөр нөхцөлтэй зээлийг авч ашиглаж байгаа бол эдийн засагт туйлын муу. Үндсэндээ Монгол Улс өрийн дарамтад орох аюултай.
-Төсвөө үрж ядаад бэлэн мөнгө тараагаад байхын оронд өрөөдарвал яасан юмбэ?
-Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдэг дээ. Тийм учраас манай улс урьд өмнө хуримтлагдсан өрийг бололцоо гарвал дарж байлаа. Харин одоо бид өр үүсгэж, хойч үеэ дарамтад оруулах ёсгүй. Хэрэв тийм зүйл болбол өнөө үеийн бид амиа бодсон хүмүүс болж таарна. Ингэхгүйн тулд өдөр тутмын урсгал хэрэглээ, ирээдүйн зардлыг хослуулсан бодлогыг явуулах ёстой. Ер нь өнөө маргаашаа харсан биш ирээдүйд чиглэсэн бодлого хамгийн сайнд тооцогддог юм шүү. Түүнээс биш ирээдүйг өрөнд оруулсан бодлого сайн биш ээ.
-Тэгэхээр Засгийнгазрын бодлого буруу яваад байна уу?
-Монгол Улсад явуулж байгаа төсөв, санхүү эдийн засгийн бодлогыг шүүмжилж байна. Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо бодлого тодорхойлж УИХ-аар баталдаг. Энэ нь бүхэлдээ буруу тийшээ яваад байна. Өдөр тутмын хэрэглээ, цаг зуурынхаа нөхцөлд зохицож ойрхон харж байна.
-Зөв болгохын тулд яах ёстой вэ?
-Яривал олон юм байна. Үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Улс орон үйлдвэрлэж, бүтээж байж хөгжинө. Түүнээс биш асруулж, халамжлуулж байж хөгжихгүй шүү дээ. Харин өнөөдрийн нөхцөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэрэгжүүлмээр байна. Хуульд голланд өвчинд7 нэрвэгдэхгүй байх бүх зүйл заалт тусгагдчихсан байгаа. Энэ хууль гараад хоёр жил болчихлоо. Гэтэл хэрэгжилтийг нь хойш тавиад байх юм.
Нэгдсэн төсвийн тухай хууль батлаад гаргачихвал хэрэгжүүлэх хэрэгтэй.
Энэ мэт нэгэнт тодорхой болсон бодлогоо хэрэгжүүлээд явбал алсдаа цэгцэрнэ. Тэгэхгүй бол бид буруу замаар явсаар л байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг, санхүүгийн талаар санаа зовж явдаг гишүүд, Засгийн газрын холбогдох газрууд хамтарч байгаад ийм чухал хоёр хууль гаргалаа. Үүнийгээ л ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Дэлхийн зах зээлийн хямрал, түүхий эдийн үнийн савлагаа зэрэг тогтворгүй байдлаас сэргийлж, алсдаа өндөр хурдацтай хөгжих замыг энэ хуулиар тодорхойлчихсон юм.
-Төсөв яригдаж байх үед Ерөнхий сайд гишүүдийг тендерээр хахуульдаж байна гэх шүүмжлэл ч гарсан. Таны зүгээс энэ талаар юу хэлэх вэ?
-Ер нь тендерийг зохион байгуулах явцад нэлээд булхай байгаа. Уг нь тендерийг зохион байгуулах ажлыг нэлээд либеральчилсан. Сангийн яам хянаж явуулдаг байсан бол орон нутаг өөрөө тендер зарлаж, дүгнэх эрхтэй болсон. Гэвч тендерийг ашиг орлого олох, явцуу эрх ашигт үйлчлэх механизм болгон хувиргах нь газар авлаа. Өгье гэсэн хүндээ тендер өгдөг болж. Бүтэхгүй бол тендерийг цуцалдаг, хугацааг нь сунгах нь энүүхэнд. Гэхдээ бүх тендер Ерөнхий сайдын гараар дамжиж байгаа биш. Асуудлыг зөвхөн энэ хүн хариуцаад байдаггүй. Угаасаа энэ салбар нь өөрөө гажуудалтай байна. Тэгэхээр тендерт оролцдог бүх хүн хуулиа мөрдөх ёстойг анхаарах хэрэгтэй.
-Сүүлийн үед Ерөнхийсайдын хариуцлагынасуудал нэлээд яригдах боллоо. Оюу толгойн гэрээг сайжруулахшаардлага тавьсан гишүүдийн ес нь түүнийгогцруулах бичиг өргөнбарьсан ч авч хэлэлцэхгүй бололтой...
-Нөхцөл байдалтай уялдуулж асуудлыг дүгнэх хэрэгтэй. Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудлыг хуульд тодорхой заачихсан. Тэр дагуу л явах учиртай. Ер нь Оюу толгойн гэрээг байгуулахад УИХ-аас өгсөн чиг, баримталсан бодлого, баримт бичиг яаж хэрэгжив гэдэгт УИХ өөрөө үнэлэлт өгөх хэрэгтэй. Үүнийг л шаардаад байгаа юм шүү дээ. Түүнээс биш үүнийг нийгмээр дүгнүүлээд дунд нь орхичихож болохгүй. УИХ маргаан ч юм шиг, тааврын ч юм шиг асуудал тавьчихсан. Түүнийг нь хөндсөн УИХ-ын гишүүд улс төр хийлээ гэж хардагдаад байна. Магадгүй заримд нь улс төр хийх сонирхол байдаг л байх. Ямар ч байсан УИХ өөрийнхөө гаргасан шийдвэрийг үнэлж дүгнэх шаардлага үүсэж байгаа юм.
-Үндсэндээ УИХ ажлаахийж чадахгүй байна гэсэн үг үү?
-Гээндээ ч бий, гоондоо ч бий.
-Оюу толгойг сайжруулах асуудлаар гишүүдийн тавиад байгаа шаардлага үндэслэлтэй юу?
-Мэдээж үндэслэлтэй. Оргүй зүйл яриагүй шүү дээ. Гол нь хэлэлцэж ярилцаж ойлголцох нь чухал байна.
-Сонгуулийн тухайхууль овоо урагшлахянзтай боллоо. Хоёрнамын тохиролцоогоорхолимог хувилбараартомсгосон 26 тойрогт 48мандаттай болох нь шигбайна...
-Сонгуулийн хуулиа шинэчилнэ гээд баахан ярьчихсан. Нийгэмд хүлээлт бий болчихсон ийм үед ямар ч байсан хуулиа түргэн батлах хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуулийнхаа агуулгад нийцүүлж, ард түмний хүлээлтэд зохицуулмаар байна. Энэ үүднээсээ хоёр нам нэлээд хариуцлагатай ажиллаж, оновчтой дундын хувилбар дээр тогтох ёстой. Түүнээс биш тэр нь яллаа, энэ нь бууж өглөө гэдэг байдлаар асуудалд хандах учиргүй. Сонгуулийг шударга явуулдаг болъё, өнгө мөнгөнөөс ангид байлгая гэдэг үүднээс хуулиа шинэчилье гэсэн юм шүү дээ.
-Гэвч мажоритар тогтолцоог давамгайлуулсан хувилбар сонгочихсон нь шинэчилсэн хэрэг мөн үү. Ирэх жил дахиад л өнгө мөнгөнийшударга бус сонгууль болох юм биш үү?
-Цоо шинэ тогтолцоо авч байна гэж ойлгож болохгүй л дээ. Өмнө нь байсан хуулиа сайжруулах замаар явж байна. Пропорциональ тогтолцооны хэлбэрийг тусгаж байгаа нь бас нэг дэвшил. Тойргоо томсгож байгаа нь өнгө мөнгөний нөлөөнөөс ангид байлгах алхам. Сонгууль явуулах процедураа боловсронгуй болгож байна. Тэгэхээр хууль гарснаар гурван давуу тал үүслээ. Ямар ч өөгүй сайхан хууль гаргана гэвэл ясан үүр барина гээд өнөөдрийг хүртэл үүргүй яваа хөхөөний үлгэр болно биз дээ. Ер нь тойргоороо явж байхад иргэд Сонгуулийн хуулиа шинэчлэх хэрэгтэй. Тогтолцоогоо ойлгомжтой болго, гэхдээ бид хүнээ харж сонгоно шүү гэдгийг л хэлж байна. Үүний зэрэгцээ Үндсэн хуульдаа нийцүүлж аль аль талаа бодолцсон хувилбар сонгох нь зөв л дөө. -Зоос банканд зориулж гаргасан бондын асуудал сүүлийн үед нэлээд шуугиан тариад авлаа. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ? -Сураг дуулианаар элдэв юм яримааргүй байна. Ер нь бол асуудал хууль дүрмийн дагуу явах ёстой. Хэрэв хууль гажуудсан бол ажлын хэсэг дүгнээд гаргаад ирэг. Тэгээд хариуцлага тооцох учиртай. Гэхдээ сонгуулийн уур амьсгал ойртсон үед яригдаж байгаа асуудлууд "но"-той доо. Тэгэхээр асуудлыг аль аль талаас нь нухацтай авч үзэх ёстой. Манай нэг том нийтлэлч "Монголчуудын яриад байгаа зарчмын том асуудлын цаана заавал хувийн жижиг ашиг сонирхол нуугдаж байдаг" гэж хэлсэн байдаг шүү дээ.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ц.Нямдорж сайд хоёрын зөрчил ч сон-гууль угтсан дуулиан уу?
-Сонин хэвлэлээр бичээд л байна.
-Бие биеийнхээ булхайг уудлаад байх юм?
-Хувь хүмүүсийн л асуудал. Хов зөөсөн хоёр хүүхэд хоёулаа буруутай, хэн нь ч зөвтөн болдоггүй. Тийм учраас манайхан хүүхэд нохойн доог болов оо гэж ярьдаг шүү дээ. Битгий ийм зүйл болоосой гэж бодож байна.
-Та бол энэ хоёртой олон жил хамт ажилласан. Аль алиныг нь сайн мэднэбиз...
-Мэднэ ээ.Мэдэхийн дээдээр мэднэ. Олон жил хамт ажилласны хувьд ажил хэргийнх нь чанарыг ч мэднэ. Мэдээж хэн хэнд нь ажил хэргийн төлөө зүтгэдэг сайн тал бий. Тэр нь ч бусад чанараасаа илүү давамгай гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ хувь хүмүүсийн харилцааг би яаж мэдэхэв. Хоолгүй айл гэж байхаас хэрүүлгүй айл гэж байх юм биш. Улс орон гэдэг чинь нэг айл биз дээ. Тэгэхээр тэдний зөрчил айлд байдаг үзэгдэл юм болов уу. Гэвч эцэст нь хэн, хэн нь хүүхэд нохойн доог болчихгүй байгаасай.
-МАН-ынхан МАХН-аас айхдаа Н.Энхбаяр даргыг нь дарж авах гэсэн юм биш үү?
-Түүнийг амьдрал харуулна. Ер нь энэ бол намын бодлогоор явуулж байгаа үйл ажиллагаа биш гэдэг нь ойлгомжтой. Хувь хүмүүсийн харилцааны зөрчил юунаас өдөөгдсөн нь өөр асуудал.
-Юунаас болсон юм бол?
-Мэдэхгүй. Хувь хүмүүсийн өөрсдийнх нь характераас үүдээ биз.
-Ц.Нямдорж сайдыг ажлаа өгвөл Н.Энхбаяр шалгуулах юм шиг байна лээ?
-Морьтой, явган хоёр хүн уралддаггүй биз дээ. Энэ логикийн цаана асуудал байгаа л байх.
-Нөхрийн хувиар энэ хоёрт зөвлөх юм бий биз?
-Энэ хоёрыг ингэж зөрчилдөж байгаад нь харамсаж байна. Бид цуг ажиллаж байхдаа "Төрийн албаа өгч, нас ахиж тэтгэвэртээ гарсны дараа яам тамгын газраар явж, өргөдөл шүүмжлэл гаргаад, ажил хариуцсан хүмүүст саад болж мэдэмхийрэн хүүхэд нохойн доог болчихгүй явах юмсан даа" гэж тоглоом шоглоомоор ярьдаг л байлаа. Миний энэ үзэл бодол хэвээрээ байгаа. Үүнийг сайн бодох л хэрэгтэй.