Ч.Улаан:Ирэх оны төсөвт Нас гэж байхгүй
2011.11.09

Ч.Улаан:Ирэх оны төсөвт Нас гэж байхгүй

УИХ-ын гишүүн Ч.Улаантай төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн талаар ярилцлаа
-Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж дууслаа. Энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн талаар эдийн засагчийн хувьд ямар байр суурьтай байна?

-Эдийн засагч, сан-хүүч, мэргэжлийн хүний хувьд би энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсөвт  сэтгэл дундуур байгаа. Энэ бол улс төрийн уур амьсгалаар боловсруулагдсан төсөв. Тодотгол ч, ирэх оны төсөв ч адилхан. Мэдээж, сонгууль ойртсон учраас ийм байхаас аргагүй байх. Гэхдээ эдийн засаг, санхүү талыг дэндүү орхигдуулсан, их богино хугацааны төсөв, тодотгол болж байна. Тийм ч учраас ний нуугүй хэлэхэд, тэр тал руу нэг их орохгүй байгаа. Ороод ч тэндээс гарах үр дүн, эцсийн үр дагавар ямар байх вэ гэдэг нь надад үргэлж сөрөг харагдаад байгаа юм. Тодотгол ч яах вэ он дууслаа гэж үзэхэд ирэх оны төсөв маш богинохон хугацаатай, түр зуурын шинжтэй болсон. Эрүүл саруул улс төрийн хүчин, УИХ гарч ирж эрүүл саруул бодлого явуулахад төсвийг маш түргэн хугацаанд дахин боловсруулахаас өөр аргагүй.

-Нийгмийн халамжийн чиглэлд ирээдүйгээс зээлсэн, эргэн төлөх ямар ч эх үүсвэргүй тэтгэлэг, тусламжийг олгож байна. Эдийн засагт ингэж барьцгүйгээр хандаж болох уу?

-Эдийн засгийн агуулга талаасаа тэгж хандаж болохгүй. Эдийн засгийн бодлогын мөн чанар, үр ашиг юунд чиглэгддэг вэ гэвэл ирээдүйд бүтээхэд чиглэгддэг. Тийм учраас эдийн засагт хэрэглээ, хуримтлалын оновчтой харьцааг хангана гэсэн том онол байдаг юм. Энэ маань бүтээсэн зүйлийнхээ хэдэн хувийг нь өнөөдөр хэрэглэх вэ, хэдэн хувийг нь ирээдүйдээ чиглүүлж ашиглах вэ гэдгийг тодорхойлдог зүйл шүү дээ. Гэтэл өнөөдөр ирээдүйгээсээ зээлж хэрэглэх тухай ярьж байгаа нь эдийн засгийн ойлголтоор хөл толгой нь солигдчихсон байна гэсэн үг. Тэгэхээр энэ талаар ярих зүйл ч олдохгүй юм. Харин энэ байдал аль болох удаан үргэлжлэхгүй байгаасай гэж бодож байна. Ази-Европыг холбож, далайд гарцтай болох хамгийн дөт төмөр замын асуудлаар гэрээ, хэлэлцээ хийсэн.

-Орон нутагт томилолтоор ажиллаж, далайд гарах гарц, төмөр замын дөт замын талаар яриа хэлэлцээ хийсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Бичигтийн боомт, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймаг, Улиастай хот, далайн эрэг Ляонин муж, Жөнжоу хотод ажиллаад ирлээ.Далай хүртэл Монголын нутгаар дамжсан хамгийн дөт төмөр зам, зам харилцааны сүлжээ байгуулах асуудлаар явсан юм. Холбогдох яамд, зүүн бүсийн гурван аймаг, Хятадын таван муж хамтран ажиллах бодлого чиглэлээ гаргаж, газар дээр нь үзэж танилцаж яриа хэлцэл хийж, гэрээ тохиролцоо байгуулсан томилолт байлаа.

Бичигтийн боомтын хувьд олон улсын чанартай худалдаа, экспортын ажил өрнөж, түүнтэй холбогдсон дэд бүтцийн ажил, зам харгуй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Саяхан тэнд төрийн захиргааны анхан шатны байгууллага байгуулагдаж, боомтын захиргааг үйл ажиллагаанд оруул-сан. Ингэснээр Бичигтийн боомтоор Сүхбаатар аймаг болон зүүн бүс нутаг гадаад улстай шууд харилцах, цаашилбал далайд гарах хамгийн дөт гарцтай болох бололцоо нөхцөл бүрдэж байгаа юм. БНХАУ-ын нутаг дэвсгэрт далайн эрэг Жинжү гэдэг хотод бид очиж үзсэн. Манай улсаас далайд гарах хамгийн богино, дөт зам тэнд байна. Хятадын нутагт бол Улиастай, Жинжү хот дамжуулан төмөр зам тавиад бараг дуусаж байна. Түүний цаахан талд нь манай Бичигт, Зүүн хатавчийн боомт бий. Одоо Бичигтийн боомт хүргэл төмөр зам тасархай байна. Түүнд хөрөнгө оруулъя, зам барья, бид түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр төмөр зам бариад хамтарч ашиглая гэж Хятадын зүүн хойд нутгийн таван муж улс нэгдэн санал гаргаж байна.

-Далайд гарцтай болсноор ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарах бол. Энэ талаарх хууль эрх зүйн орчин манайд ямар байдаг вэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж бий. Бичигтийн боомтоос Чойбалсан хүртэлх замыг гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар байгуулахыг Засгийн газарт  үүрэг болгосон. Энэ шийдвэрийн дагуу
бодитой ажил эхлэх бололцоо байна. Чойбалсан, Бичигтийн боомт хоёрыг холбочих юм бол Монгол Улс шууд далайд гарах гарцтай болох, нөгөөтэйгүүр Ази-Европыг холбосон төмөр замын шинэ гарц бий болж байгаа юм. Ази-Европын хооронд ачаа эргэлт асар хурдацтай хөгжиж байна. Хоорондоо их төлөв далайгаар холбогддог.

Төмөр замаар бол 2-3-хан чиглэл бий. Казахстанаар дамжсан нэг чиглэл байдаг.

Үлдсэн нь Улаанбаатараар, зүүн талд Хайлаар-Манжуураар дамждаг. Энэ гурван чиглэл өнөөдөр ачааллаа даахгүй байна. Тиймээс ОХУ зориуд Транс Сибирийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой төсөл баталж, 2.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдээд явж байна. Сая Ази-Европын зам тээврийн сайд нар хуралдаад Ази-Европыг холбосон төмөр замын шинэ гарцтай болъё гэсэн шийдлийг дэмжсэн. Энэ зам нь Монголын нутгаар дамжих нь ил үү үр дүнтэй гэсэн шийдвэр гарсан. Үүнээс дүгнэхэд Ази-Европыг холбож, Чойбалсангаар дамжсан төмөр замыг Бичигтийн боомтоор Хятад улсын төмөр зам, далай хүрсэн шулуун замтай холбох шинэ гарц байна.

Энэ гарцыг бий болгох талаар зүүн гурван аймаг, Хятадын зүүн хойд мужийн таван муж улс хамтарч ажиллахаар хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийлээ.

Энэ байдлаас зам харилцааны чухал зангилаа болох төлөв Бичигтийн боомт дээр нэгдэж байна. Энэ удаагийн томилолтоор эдийн засаг, аж ахуйн асуудлыг нэлээд тодорхой ярьсан. Ажлын хэсэгт Засгийн газрын байгууллагууд, яамдын төлөөлөл өргөн хүрээтэй оролцлоо. Түүнээс гадна бизнесийн төлөөллүүд идэвхтэй оролцсон.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.