Ж.Батсуурь:АН-ын саналыг хүлээж авахгүй
2011.11.02

Ж.Батсуурь:АН-ын саналыг хүлээж авахгүй

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2012 оны  төсвийг  хэлэлцсэн  юм. Энэ  үеэр УИХ-ын  гишүүн Ж.Батсуурь Засгийн газар ажилдаа хойрго хандах болсон  талаар шүүмжилж, Х.Баттулга  сайдын ат, ажил хоёр зөрөх болсон  хэмээн ярьж, төмөр  замын  талаар  төрөөс баримтлах  бодлогын  хэрэгжилтийн  талаар сайдын амыг авах гэж оролдсон. Улмаар түүний үг  эцэстээ  байнгын  хорооны  гишүүдийн  бухимдлыг  төрүүлсэн. Энэ сэдвээр болон сонгуулийн тогтолцооны  талаар Ж.Батсуурийг байнгын  хорооны  хуралдаанаас  гарч  ирэхэд нь ярилцсан юм.
-Х.Баттулга сайдыг ингэтлээ шүүмжилж, бухимдах болсон үндэслэлээ тодруулахгүй юу?
-Х.Баттулга сайд нь байна уу, асуудал хэн гэдэгтээ байгаа юм биш. Манай дэд бүтцийн яам үеийн үед ажлаа хариуцлагатайгаар хийхээ болилоо. Ганц жишээ дурьдахад, Чойр-Сайншанд-Замын-Үүд гэсэн засмал зам тавих нь мянган замын гол бүрэлдэхүүн хэсэг. Уг нь төсөл боловсруулаад 2000 оноос өмнө ажил эхэлсэн. Түүнээс хойш 11 жилийн хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь, ажил өнөө хэр дууссангүй, хэтэрхий удаашралтай урагшилж явна. Азийн хөгжлийн банк, Солонгосын Засгийн газар гээд олон газраас санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Харин ч бүр 1993 оны үед зураг төсөл боловсруулах үед нь санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, энэ замыг хэсэгчлээд үе үеийн барилга хот байгуулалтын яам, дэд бүтцийн яам тендер зарлаж ажил хийж байгаа дүр л эсгэх боллоо. Хүний насжилтын нэг үе 12 жил байдаг байх. Бүтэн үе солигдож байхад энэ ажил дууссангүй. Хэзээ дуусах талаар салбарын яамныхан дорвитой хариу ч хэлж чадахгүй байна. Өмнө нь 2010 онд дуусна гэдэг байсан бол өнөөдөр бүр 2013 онд дуусах болов уу гэх бүрхэг хариулттай сууж байх жишээтэй.
-Энэ бүхэн таныг ийн бухимдалд хүргэлээ гэж үү?
-Мөн энэ хугацаанд олон компани солигдсон. Тендерээ бодитой дүгнэж, ажил авсан компанитайгаа гэрээнийхээ дагуу тулж ажиллах, тухайн компаниа ажил хийх нөхцөл бололцоогоор хангах хэрэгтэй. Мөн төсвийг бодит үнэлгээгээр индексжүүлэх шаардлагатай юм. Харамсалтай нь, яам, салбарын удирдлагууд энэ бүх асуудалд хайнга хандсаны гор гарч байгаа юм. Үүнтэй адилхан Х.Баттулга сайд төмөр зам гэсэн төсөл оруулж ирж байсныг хүн бүр санаж буй байх. Улмаар УИХ-аас 2010 онд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг  баталсан.
Ингээд Сайншандаас баруун, зүүн тийш нь хөндлөн тэнхлэгийн 1000 гаруй км төмөр зам тавихаар тусгасан.
Тухайн үед хоёр жилийн дотор бариад дуусна гээд график оруулж ирж танилцуулж байсан юм. Энэ талаар байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн боловч тоохгүй байх шиг байна лээ. Энэ ажил эхэлсэн хэмээн орон нутагт шав тавих ёслол хийгээд гүйгээд байсан. Гэтэл энэ ажлынх нь явц хэр урагшилсан талаар тодруулахаар "Ажил эхлээгүй. Ажил эхэлснээс хойш хоёр жилийн дотор дуусах ёстой" гэсэн хариу өгөх юм.Тэгээд ажлаа хэзээ эхлэх вэ гэхээр ч тодорхой  юм хэлж өгдөггүй.
-Гэхдээ хөрс хуулалт хийсэн гэхчлэн сайд учирлаад байх шиг байсан шүү дээ?
-Нэг болохоор юу юугүй хөрс хуулаад ажил явж байгаа гэх. Тэгсэн хэрнээ ажил эхлээгүй байгаа гээд бас нэг өөр зүйл яриад эхэлж байгаа хүний үгний алийг нь авах юм бэ. Анх дээрх төмөр замыг хоёр жилийн дотор л тавьчихна гээд томроод байсан. Гэтэл өнөөдөр ажил эхэлснээс хойш хоёр жилийн дотор дуусна ч гэх шиг. Тэгвэл тэрхүү хоёр жилийн дотор барина гэж гаргасан цагийн тоолуур гүйж эхэлсэн талаар тодруулахаар эхлээгүй гэх юм. Ойлгомжгүй асуудал гэж энэ байх. Ажил нь хэзээ эхэлж, дуусах нь тодорхойгүй.
-Хөгжлийн банкнаас санхүүжилт орж ирэх учиртай. Гэвч тус банкны асуудал өнөөдөр ярвигтай болсон талаар Х.Баттулга сайд танд тайлбарласан биш гэж үү?
-Үгүй ээ. Өнгөрөгч онд бодлогоо оруулж ирэхдээ "Санхүүжилт бэлэн. Бид өдөр, секундээр яарч байна. Ажил . эхлэх гээд байхад хурдан хугацаа алдалгүй батлаад өг" гээд байсан. Иймдээ  ч  хугацаа  алдалгүй  УИХ-аар 2010 онд төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө.   Өнөөдөр  хийгдсэн  ажил байгаа эсэх нь ч тодорхойгүй байна.  Амжихгүй байсан юм бол яах гэж эхнээсээ шоудсан юм. Ер нь Засгийн газрын гишүүд, салбарын удирдлагууд нь ажилдаа хариуцлагатай ханддаг болмоор байна.
-Салбарын сайдын ярианаас тодорхой ахиц гарчээ. Үгүй дээ л ТЭЗҮ-гээ баталсан гэсэн?
-ТЭЗҮ-ийн талаар асуухаар тодорхой юм байхгүй. Сайншанд цогцолбор бүтээн байгуулалт л гээд яриад байгаа болохоос хийгдсэн нэг ч ажил алга. Үйлдвэрийн  ТЭЗҮ, олон улсын шинж чанартай үнэлгээ хийлгэж, банк санхүүгийн байгууллагад өгч санхүүжүүлэх асуудлыг огт хийгээгүй. Товчхондоо,том ярьж, шоуддаг байдал л ажиглагдлаа.
-Сонгуулийн тухай хуулийг батлахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Хугацаандаа батлагдаж амжих болов уу?
-Сонгуулийн тогтолцоонд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орох нь тодорхой. Улмаар хугацаандаа ч батлагдана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт ч оруулах шаардлагатай.Хүн алдаа, дутагдлаасаа сургамж авч засаж, залруулах ёстой гэж хувьдаа ойлгодог. Тэр тундаа 2008 оны сонгууль будлиантай явагдсанаас үймээн гарсан гэдэг. Тэгвэл болохгүй байгаа зүйлийг хамтаараа засаж, сайжруулж байж л урагшлах хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиудын сургамжаас үүдэлтэй нэлээн олон засаж залруулах зүйл бий. Мөн хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгох ч шаардлагатай. Ямартай ч өнөөдрийн байдлаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг хэлэлцээд эхэллээ. Тэгэхээр тодорхой дорвитой өөрчлөлтүүд орно.
-МАН-аас тавиад байгаа 48:28 гэсэн хувилбар зөв гаргалгаа мөн гэж үү. Хэдийгээр та энэ намын хүн ч гэлээ хувь хүнийхээ хувьд тайлбар хийвэл?
-Анх 76 жижиг тойргоор сонгууль явуулдаг байлаа. Энэ тогтолцоогоор нэлээд хэдэн сонгуулийг ардаа орхисон. Өнөөдөр хүн амын тоо ч тодорхой хувиар өслөө. 26 тойргийг 48 болгож жижиглэхгүй гэхээр зарим
тойрог нь нэг мандаттай, нөгөө нь хоёр мандаттай болно. Улмаар адил тэгш нөхцөлд нэр дэвшигчид өрсөлдөх зарчим алдагдана. Өөрөөр хэлбэл, өөр, өөр нөхцөл байдал бий болно.
-Харин ч 20 тойргийг 48 болгосноор жалга, довны үзэл улам нэмэгдэж, өнөөх тойргоо худалдан авах зарчим хүчтэй үйлчлэх биш үү?
-Манай намын бүлэг дээр яг 48:28 гэж тохирсон эсэх нь эргэлзээтэй байгаа. Гэхдээ миний хувьд өнөөгийн 26 тойргийг 48 болгож, нэг мандат, нэг тойрог гэсэн зарчмаар сонгуулийг явуулах хамгийн зөв хувилбар гэж боддог. Дараа дараагийн сонгуулиар 100 хувь пропорциональ болж Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болбол асуудал өөр л байна байх. Гэхдээ Монголын хөдөөгийн хөгжлийг анхаарахын тулд зайлшгүй бүс нутаг тойрогтой байх зарчим хэрэгтэй. Сонгуулийн булхай, луйвар, мөнгө тараах явдал тойргоо худалдаж авдаг л гэдэг. Энэ бүхнийг олон хуулиар хориглодог.Ганцхан ийм үндэслэлээр олон мандаттай том тойрог байх ёстой гэдэг тийм зөв хувилбар биш.
-Гагцхүү МАН-ын нөхөд нэг тойрогт Өөр хоорондоо өрсөлдөхгүйн тулд л энэ хувилбарыг сонгоод байгаа юм биш үү. Товчхондоо, өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавиад байх шиг?
-Ер нь сонгуулийн хамгийн муу хувилбар нь олон мандаттай тойрог байгуулах. Энэ үүднээс нь дэлхийн бусад улс орон энэ хувилбарыг хэрэглэдэггүй юм билээ. Сонгогчид болон нэг намын нөхдийг хооронд нь хагаралдуулдаг.
Олон улс төрийн намтай манайх шиг жижиг улс оронд ард иргэд хагаралдах нь том эрсдэл дагуулна.
Өнөөдөр ч ийм байдал үүсээд байгаа шүү дээ. Иймээс үүнийг арилгаж эв эеэ хичээхийн тулд төрийн албан хаагчийг хүртэл намын харьяалалгүй болголоо. Харин ч олон мандаттай тойргоор сонгууль явуулахаар тэр намын гэхээсээ илүүтэй, тэрний хүн гэх тодотгол бий боллоо. Улмаар нэр дэвшигчдээрээ иргэд нь хуваагдана. 2008 оны  сонгууль  ийм  л болсон. Үүний шарх, сорви огт эдгээгүй. Сэдрэлтийн байдалтай байгаа. Иймээс энэ хувилбарыг хэрэглэхэд хэцүү. Түүнээр биш нэр дэвшигч гэдэг хувь хүний эрх ашгийг бодож асуудалд хандсангүй. Иймээс АН-ын саналыг хүлээж авах ямар ч боломжгүй.
Нийтлэлч

Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.