Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас салгах хэрэгтэй
2011.11.10

Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас салгах хэрэгтэй

 
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Лу.Гантөмөртэй Монгол Улсын 2012 оны төсвийн хуулийн талаар ярилцлаа.
-Төсвийг яг хэн, юуны тулд хийгээд байгаа юм бэ? Яагаад араас нь ийм их шүүмжлэл дагаад байна?
-Төсөв хийхэд хоёр зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт улс төрийн албан хаагчид хэтэрхий өөрсдийн дур зоргоор хандаж, ажил хийсэн хүн болох гэж, болсон болоогүй олон санал гаргаж байна. Яамдууд, агентлагууд, Засаг дарга нарын түвшинд. Энэ нь төсвийг маш их эвдэж байна. Хоёрдугаарт төсөв боловсруулдаг эдийн засагчдын хүч үнэхээр мөхөсдөж байна. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо /ҮХШХ/ “Монгол Улсын төсөв ирэх онд долоон их наяд хүрэх нь, үүнийхээ ядаж хоёр их наядыг нь ийм зүйлд зарцуул” гэдэг санал хэлж мэдэхгүй байна. Сангийн яамнаас “Төсөвт орж ирж байгаа мөнгөнөөс болж Монголын төр голланд өвчин тусчихаад байна. Үүнээс ангижрахын тулд Хөгжлийн банкаараа дамжуулаад урт хугацааны зээлийг бусад салбар луугаа хийе” гэдэг үг үсэг, бодлого гарахгүй байна. Захын эдийн засагч бодоод олох зүйл. Яагаад үүнийг бодож болдоггүй, тоог нь гаргаж ирдэггүй, яагаад төсвийн хуульд тэр саналаа оруулж ирдэггүй юм. Нэгдүгээрт улстөрчдийн увайгүй, хүч түрсэн байдал Сангийн яамнаас орж ирсэн энэ төсвөөс харагдаж байна. Төсөв зохиож байгаа хүмүүс төсвийн ерөнхийлөн захирагчдын хүсэл сонирхол, тэнцвэрийг л хангаж байгаа болохоос биш, “Монгол Улсын төсвөөр ийм асуудлыг шийдье” гэдэг бодлого дээр суухгүй байна. Үүн дээр төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүй асуудал, чанар чансааны асуудал яригдах ёстой. Яагаад энэ хүмүүс ажиллахгүй, мэргэжлийн багууд нь үгээ хэлэхгүй, тоогоо бодохгүй байна. Тиймээс ҮХШХ-нд мэргэжлийн сайн баг авах хэрэгтэй, төрийн албан тушаалтнууд нь тэдэндээ итгэдэг, гаргаад ирсэн бодлогыг нь татаж унагаад байдаггүй, тэд нь ч гэсэн үгээ хэлж чаддаг болох хэрэгтэй байна. Сангийн яам ч гэсэн мэргэжлийн сайн баг бүрдүүлэх хэрэгтэй.

Гуравдугаарт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхгүйгээр энэ асуудал явахгүй нь. Нэр хүндтэй, хүчтэй эдийн засагчид, эрдэмтдийн зөвлөл байгуулаад тэр зөвлөл дээр төсвөө урьдчилаад нэг хоёр удаа хэлэлцүүлдэг болох хэрэгтэй. Шинэ хуулиар энэ боломж нээгдэж байгаа.
-Ямар хууль?
-Нэгдсэн төсвийн тухай хуулиар. Төсвийн хуулиа бид өөрчилж байгаа шүү дээ, яаж төсөв батлах вэ, яаж хэлэцүүлэх, яаж захиран зарцуулах юм гэхчилэн. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөл байгуулаад, тэр зөвлөлтэйгээ төсөв боловсруулсан мэргэжлийн баг нь суугаад хэлэлцээр хийдэг боломжийг бүрдүүлэх гэж оролдож банйа.
-УИХ-аас баталсан том том хөтөлбөрүүд бий шүү дээ, Сайншандын хүнд үйлдвэрийг цогцолборыг байгуулахаас эхлээд. Тэр баталчихсан хөтөлбөрүүдийн санхүүжилт яагаад төсөвт орж ирэхгүй байна?
-Сайншандад жишээ нь мөнгө төсөвлөөгүй л байна. УИХ-аар баталсан хөтөлбөр хуультай энэ тэнцүү. Харамсалтай нь хуулийг мөрддөг, хөтөлбөр, тогтоолыг хойш тавьдаг явдал төрийн албанд тэр чигтээ нүүрлэсэн байна. Ялангуяа улс төрийн албан тушаалтан, сайд нар “Хөтөлбөрийг дараа нь, тогтоолыг дараа нь, эхлээд хууль...” гэдэг болсон. Гэтэл дараа нь гэдэг зүйл байхгүй, баталсан хөтөлбөрийг заасан хугацаанд санхүүжүүлэх үүргийг Засгийн газар хүлээдэг. Наад зах нь зэсийн үйлдвэр байгуулахаар батлаад өгчихсөн тогтоол байгаа. Түүнийг хэн ч хэрэгжүүлдэггүй, хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тэгэхээр бид цаашдаа энэ төрийн алба, төрийн байгууллагуудыг үүргийн харилцаагаар зохицуулах хэрэгтэй юм байна. Эрхийн балайг болиулах хэрэгтэй. Одоо бол бүгд эрх мэдэлтэй, эрх мэдлийнхээ хүрээнд асуудал шийдэхийг оролддог. Зарим нэг эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэггүй ч  юм байна. Сангийн сайд ийм 10 үүрэгтэй, Боловсролын сайд тийм 20 үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй бол тэгж хариуцлага хүлээнэ гэдэг тодорхой байвал ажил ингэж хаягдахгүй. Асуудал хариуцаж байгаа сайдын сайн муу, сайхан муухайгаас үл хамаараад заавал хэрэгждэг болох ёстой.
-Тэр хууль гараад хэрэгжтэл дахиад дөрвөн жил орох байх. Харин одоо наана нь сүйрүүлчих гээд байгаа энэ төсвөө яах юм бэ?
 
-Өөрчлөхийн тулд УИХ-ын гишүүд санаачилга гаргаад явж байна. Наад зах нь хөрөнгө оруулалтаа эргэж харья. Хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт байна. Үүнийгээ ач холбогдлоор нь эрэмбэлээд, “конторын барилга барихаа больё” гэдэг шийдвэрийг жишээ нь УИХ гаргачих байх. Хоёрдугаарт  төсвийн урсгал зардлуудыг энэ оных нь түвшинд барья. Наад зах нь төсвийн байгууллагуудад эд хогшил худалдаж авахад 24 тэрбум төгрөг тавьчихсан байна. Энэ онд бол 11 тэрбум байсан, түүгээрээ явья. Дотоод томилолтод арван хэдэн тэрбумыг тавьсан байна лээ, зургаан тэрбумаараа л байя. Ирэх жил гадаад томилолт тэр болгон байхгүй шүү дээ. Сонгуулийн жил учраас бүх хүн хариуцлагатай байх ёстой. Гэтэл гадаад томилолтыг дахиад хоёр дахин өсгөсөн байна лээ, түүнийгээ больё. Энэ үргүй зардал, зах зээлийг үймүүлсэн, үнэ хөөрөгдсөн хөрөнгө оруулалтыг цэгцлэхэд нэг их наяд төгрөг хасагдах байх. Тэр нэг их наядаа юунд зарцуулах вэ гэдэг бодлогоо ярилцья. Үнэхээр л нүүрсээ дэлхийн том зах зээл рүү нийлүүлэх гэж байгаа юм бол боомтуудаа янзалья, боомтуудад чинь нэвтрүүлэх чадвар алга. Үнэхээр л монголчуудын хэрэглээ нэмэгдсэн юм бол тэр хэрэглээг хангах үйлдвэрлэл рүү урт хугацааны хөрөнгийн эх үүсвэр тавья. Иймэрхүү маш тодорхой саналуудыг хэлэцүүлэгт оруулаад явна. Ардчилсан намын бүлэг ярина, МАН-ын бүлэг ч ярих байх.

Их өөдрөг төсөв орж ирсэн шүү дээ. Орлогоо байж болох дээд хэмжээнд нь тултал нь, “үнэн үү” гэтэл өсгөөд оруулж ирсэн. Ийм үл итгэх хэмжээний орлого төлөвлөж байгаа тохиолдолд бид аль болох үр ашигтай зардлыг л ярих хэрэгтэй.
-Гишүүд “АНУ-ын Конгресс өөрөө Засгийн газраасаа тусдаа төсвөө боловсруулдаг” гэж яриад байсан. УИХ-ын мэргэжлийн байнгын хороод нь бодлогоо гаргаж болдоггүй юм уу?
-Яг Байнгын хороодын ажлын алба бол асар сул шүү дээ. УИХ дээр бол ажлын алба нь сайн, Тамгын газар хажуудаа эрдэм шинжилгээний төвтэй. Энэ төв нь “Энэ жилийн төсөв ийм байлаа. Ирэх жилийн төсөвт ийм зүйл анхаараарай” гээд судалгаа шинжилгээ хийгээд өгөх боломжтой. Харамсалтай нь тэгэхгүй байна. Тэгээд байнгын хороод дээр төсөв хэлэлцэх үед гишүүд юу ярьж байна. Өөрийнхөө таньдаг дарга нарын төсвийг яаж нэмэгдүүлэх вэ, тойрог дээрээ барьж байгаа барилга байшинг яаж санхүүжүүлэх вэ гэдэг л санал хэлдэг шүү дээ.        
-Монголбанкны ерөнхийлөгч “Төсвөө танахгүй бол имфляци 30 хувьд хүрнэ шүү, Монголбанк бодлогын хүүгээ нэмнэ шүү” гэж сүрдүүлээд байгаа. Сургаар нь банкууд зээлээ хаагаад эхэлсэн. Яаж төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёрыг ойртуулах юм бэ?
-Одоо явуулж байгаа мөнгөний бодлого үнэхээр харалган байна. Инфляци гэдэг зүйлийг төв банкнаас холдуудах хэрэгтэй. Инфляцийг бий болгож байгаа нь Засгийн газар, УИХ шүү дээ. Маш их хэмжээний төсвийн тэлэлтээрээ инфляцийг бий болгож байгаа. Тийм бол хариуцлагыг өөрсдөө үүр. Яагаад зөвхөн бизнесмэнүүд үүрэх ёстой юм. Засгийн газар төсвөөрөө инфляцийг тариад, инфляцийг багасгахыг нь нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид хийж байна. Өөрсдөө жижргэрч, бизнесээ хумьж, ажилчдынхаа тоог цөөлж, өрөнд орон байж үүрч байна. Яагаад гэвэл төв банк тэр бизнесмэнүүдэд очих ёстой бага хүүтэй мөнгийг замаас нь өндөр хүүгээр татаж аваад байна. Хувийн хэвшлийнхэн энэ улс орны эдийн засгийг бий болгоно гэж байгаа бол тэнд урт хугацаатай, бага хүүтэй зээлийг оруулах хэрэгтэй. Мөнгөний бодлогоор дамжуулаад. Гэтэл урт хугацаатай мөнгийг яаж бий болгох талаар бодож байгаа юм төв банкинд алга. Нэг ч бодлого байхгүй.

Тийм учраас бидний гаргах шийдвэр бол инфляцийг Засгийн газар өөрийнхөө эрэлт, нийлүүлэлтээр хариуцна. Төв банкинд “Монголын ард түмнийг урт хугацаатай мөнгөний эх үүсвэрээр ханга, хүүг бууруул. Тэгээд наад төгрөгөө тогтвортой байлга, ханш савлахгүй шүү” гэдгийг л хариуцуул. Одоо банкууд дээр байгаа мөнгийг төв банк сорж аваад суугаад байх юм бол жинхэнэ гамшиг болно. Монголд эдийн засгийн шинэ бүтэц, бизнесийн шинэ салбар бий болохгүй. Шинээр гарч ирсэн нь бүгд дампуурна. Одоо энэ IT-ийн компаниудыг хар л даа, өдрөөс өдөрт хүнээ цөөлөөд, доошоо ороод л байна. Тэгээд уул уурхайн хэдэн магнат л үлдэнэ. Одоо орж ирж байгаа төсвөөс харагдаж байна шүү дээ. Төсвийн орлогын 80 хувь нь уул уурхайгаас, тэр дундаа хэдхэн цөөхөн компаниас орж ирж байна. Тэр хэдээс орж ирж байгаа орлогоороо буцаагаад бусад 99 хувийнхаа ард түмнийг ядууруулах бодлогыг төсвийн бодлогоороо бид хийж байна. Төсвийн бодлогоор инфляци дуудахаар төв банк нь “Би инфляцийг хариуцах ёстой” гэж хэлээд дахиад нөгөө 99 хувийг дампууруулах бодлого явуулж байна.

Маш олон хүн ингэж харж байгаа. тийм учраас бид бодит байдлыг тойрч суугаад ярих цаг болсон, эрдэмтэн мэргэдээ сонсох цаг болсон, шилдэг эдийн засагчид нь бодлогоо гаргаад улстөрчид нь түүнийг зүгээр үмхэж авах цаг болж. Тэгэхгүй ийм дур зоргоор явбал аюултай. Эдийн засаг, төсөв мөнгө гэдэг маш нарийн зүйл. Энэ бол сонгуулийн мөрийн хөтөлбөр, сайхан амьдрах фантаз биш. Эдийн засаг бол тоо, зах зээл бол тоо, бүхэл бүтэн шинжлэх ухаан. Тийм учраас энэ шинжлэх ухаанаар хичээллэх, энд суугаад өдөр шөнөгүй тоо бодох хүн хэрэгтэй.
-Танай намын бүлгээс төсвийн урсгал зардлыг танах, бас хөрөнгө оруулалтын зарим мөнгийг хасах санал гаргасан байх аа?
-Төсвийн урсгал зардлыг 2011 оныхоор нь царцаах, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа. Ялангуяа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх дэд бүтцийн шийдлийг хайх хэрэгтэй байна. Замын Үдийн боомтыг чөлөөтэй нэвтэрдэг болгох, Алтанбулгийн худалдааг цааш явуулах, говийн бүсийн дэд бүтцийг Улаанбаатартай холбох, 100 мянган айлын орон сууцны дэд бүтцийг хийж гүйцэтгэх, байгаль орчны асуудал гээд монголчууд бүгдээрээ өнөө маргаашгүй шийдчих юмсан гэж нийгмээрээ хямарч байдаг хэдэн асуудал байдаг шүү дээ. Хямрааж байгаа асуудлын хамгийн толгойд нь инфляци, үнийн өсөлт байдаг. Үнэ өсөөд байгаагийн шалтгаан нь манай хил, гаалийн нэвтрүүлэх чадварт байна. Дараагийнх нь Улаанбаатарын энэ их түгжрэл, утааны асуудал. Үүн дээр дэвшүүлээд байгаа 100 мянган айлын орон сууцаа явуулахын тулд дэд бүтцийг нь тавиад эхэлчих ёстой. Гурав дахь нь ажлын байрны асуудал. Ажлын байраар хангаж байгаа дотоодын үйлдвэрлэгчдийнхээ гаргаж байгаа бүтээгдэхүүнийг Оросын зах зээл рүү яаж гаргах вэ гэдгийг шийдчих ёстой. Бид яах гэж Алтанбулгийн чөлөөт бүсийг байгуулсан юм, үүнийхээ дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил руу орох хэрэгтэй шүү дээ.

Энэ мэтчилэн тулгамдаад байгаа асуудлуудаа эхлээд шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй хүн бүрийн асуудлыг шийдэх гэж оролдох нь өөрөө буруу. Сонгууль болох гэж байгаа учраас улс төрийн албан тушаалтнууд сонгогчдоос оноо авахын тулд Сангийн яам, Засгийн газрыг дарамталсан л байна л даа, ирэх жилийн төсвийг харахад.
-Гишүүд ч гэсэн зүгээр суугаагүй байлгүй?
-Гишүүдийн урьд нь хийж байгаад орхисон, одоо хийж гүйцээх ёстой гэсэн жижиг жижиг саналууд ч гэсэн их явж байгаа.
-Хөрсний энэ их бохирдлоос болж Улаанбаатарын гүний ус бүхэлдээ бохирдоод, үүнээс чинь болж шар өвчин хаа сайгүй тархаад эхэллээ шүү дээ. Гэтэл төсөвт усны нөөцийн судалгаан дээр 800-хан сая төгрөг тавьсан байна лээ?
-Усны нөөцийн судалгаан дээр мөнгө тавихаас илүү яаж усны нөөцийг бий болгох вэ гэдэг тодорхой төслүүд байгаа шүү дээ. Түүнийгээ л хийж эхлэх хэрэгтэй, жаахан “экшин” ажиллах хэрэгтэй байна шүү дээ. Наад зах нь Японы Засгийн газрын тусламжаар Туул голын эхэнд цэвэр усны нөөцийн сантай болгох хэрэгтэй. Энэ ажлыг хийнэ, Монголын талаас тийм хөрөнгө гаргаж, тэдэн хувийг нь Японы талаас зээлээр авна гээд. Ийм тодорхой шийдвэрүүд гаргахгүй бол одоо бидэнд судлах, тандах, ТЭЗҮ хийх цаг хугацаа алга. Ялангуяа Улаанбаатарын хувьд тийм хугацаа байхгүй. Ядахдаа Яармаг руу тавьж байгаа дэд бүтцийг гүйцээж, Налайхын замыг өргөсгөчих хэрэгтэй. Тэгвэл энэ утаанаас холдоод, шилжээд суурьшчихья гэсэн маш олон айл өрх байна. Энэ мэтчилэн угтаж хийх ажил, Улаанбаатар хотыг зөв тэлэх шаардлага байна. Тэгэхгүй бол Засгийн газар санаандаа орсон зам, санаандаа орсон дэд бүтцийг барих гэж оролдож байна. Энэ нь буруу гэдгийг л манай намын бүлэг яриад байгаа юм.
-У.Уламбаяр дэд сайд байхдаа зүтгүүлж байсан нэг төсөл бий. Богд уулыг нүхлээд 9 км тунэль барьчихвал Улаанбаатарын утаа тэр чигээрээ сорогдоод гараад явчихна, цаана нь олон улсын онгоцны буудлаа барьчихья, хотоо ч урагш нь тэлье гэж?
-Наад захын тийм асуудал дээр шийдвэр гаргах л хэрэгтэй. Төв аймаг гээд бэлэн дэд бүтэцтэй аймаг, Зуун мод хот байна. Тийшээ яаж хямдхан, эвтэйхэн холбох вэ гэдгээ л олчих хэрэгтэй. Тунель барина гэдэг бол байгаль орчныг хамгийн сайн хамгаалдаг зүйл. Уулын дор чулуу л байгаа шүү дээ. Түүнийг нүхлээд, цементээр бэхжүүлээд сайхан зам дардан зам тавьчих нь Богд уулыг сүйдэлж байгаа асуудал ерөөсөө биш. Харин ч хамгаалж байгаа хэрэг. Манайхан болохоор нүхэлчих юм бол сүйтгэчихнэ гэж өнгөцхөн бодоод энэ ажлыг явуулахгүй байгаа. Энэ мэтчилэн урагшаа, хойшоо тэлсэн дэд бүтцүүдийг яаралтай хийж өгөх хэрэгтэй. Ингэхгүйгээр хотын асуудал цаашдаа улам л хүндэрнэ.
-Төрийн байгууллагуудад байр байшин шинээр бариулахад Засгийн газар нийт хэдэн тэрбумыг төлөвлөсөн бэ?
-150 тэрбум төгрөг. Ер нь энэ хөдөө аймгуудад баригдаж байгаа том том төрийн ордонгууд илүү зардал байхгүй юу, хайран мөнгө. Барьчихаад дараа нь тэр ордныхоо зардлыг яах юм. Нэг сумын Засаг дарга надад инээдэм болгоод ярьж байсан. Би сумынхаа бүх гудамжийг гэрэлтүүлчихсэн чинь дараа жилийн төсөв дээр гэрэлтүүлгийнхээ мөнгийг төлж чадахаа байгаад цахилгаанаа таслуулж байсан, дахиж асаагаагүй гэж. Түүн шиг энэ том том ордонгууд барьсны хэрэг ерөөсөө байхгүй. Зүгээр л дарга тухтай харагдана. Дарга тухтай харагдахаар иргэд “энэ хүн бидэнд үйлчлэх ёстой шүү” гэхээсээ илүү “энд манай дарга нар суудаг” гэсэн л имиж бүрдэж байна. Уг нь энэ төрийн байгууллагуудын байр сав хамгийн сүүлд хийх ажил шүү дээ. Бүх хүмүүс нь орон сууцанд ороод, дэд бүтэц нь хангагдаад дууссаны дараа “мөнгө илүү гараад байна, одоо төрийн албаа шинэ байранд шилжүүлье” гэж болно. Гэтэл манайх хамгийн түрүүнд хийх гээд байна. Эхэнд хийснээрээ бид нөгөө орон сууцныхаа үнийг л дахиад 150 тэрбумаар өсгөх гэж байна. Арматур, цементийн үнэ өснө, белта, шал, ажилчид хэрэгтэй болно. Гэтэл тэр ажилчид чинь олдохгүй, байнга хомсдолтой байна.

Тийм байхад төр “150 тэрбумаар байшин барина” гэхээр нөгөө орон сууцанд орох гэж байгаа хүмүүсийн нөхцлийг улам л хүндрүүлнэ. Төр тэдэнтэй өрсөлдөөд, барилгын компаниудад “мөнгө нь бэлэн байна, контор бариад өг” гэхээр барилгын компаниуд хаашаа нь очих вэ? Контор луу л гүйж очино. Орон сууц барих хүн олдохгүй болохоор Хятадын компанийг урих хэрэгтэй болно, тэгээд ард түмэн уурлана. Орон сууцны үнийн хөөрөгдөл үнэндээ цэвэр төрөөс шалгаалж байна. Бэлэн мөнгөтэй худалдан авагч учраас хамгийн аюултай. Шууд 150 тэрбумын ажил захиална гэдэг чинь төрийн монополь, тийм биз дээ. Мөнгөө бэлэн гаргаад тавьсан газар луу л барилгын материал, техник технологи, ажилчид урсана.

Тэгээд барилгын материалын нийлүүлэлтээс болоод зуны цагт хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дандаа ард нь хоцордог. Засгаас мөнгөө авчихсан компаниуд шууд төмөр замынх нь сүлжээн дээр очиж худалдан авалт хийгээд, түрүүлээд ачуулдаг. Нөгөө өргөн хэрэглээний барааг 0,5 тонн, нэг тонноор нь ачиж иргэдэд хүргэж байгаа жирийн наймаачид дандаа ард нь хоцордог. Өргөн хэрэглээний хомсдол бий болохоор дахиад л үнийн хөөрөгдөл болно. Гэтэл нөгөө талд нь бид 100 мянган айлын орон сууцанд гээд 400-500 тэрбум төгрөг төсөвлөчихсөн байдаг. Тэгэхээр энэ бол барилгын салбарыг бүхэл нь самрах аюултай. Үр дүнд нь жирийн иргэд л орон сууцанд орж чадахаа л болино. 20 саяын байр 40 сая, 40 саяын байр 80 сая л болно. Орон сууцны үнийг тогтвортой, жирийн иргэд худалдаж авах боломжтой байлгахын тулд төр аль болохоор төр энэ салбар луу орохгүй, өрсөлдөхгүй, монопольчлохгүй л байх хэрэгтэй.
-Зүгээр нэг банкны менежер л хэлж байна лээ шүү дээ. Хэрвээ 700 сая доллар гаргаад арматурын үйлдвэр барьчих юм бол урдаас 1000 ам.доллараар авч байгаа арматурын үнэ 700 ам.доллар болж буурна. Даанч банк дангаараа энэ мөнгийг гаргаж чадахгүй байна гэж?
-Монгол Улсыг үйлдвэржүүлэх хамгийн чухал зүйл бол урт хугацаатай мөнгө. Тэр урт хугацаатай мөнгө бидэнд алга, арилжааны банкууд 1-2 жилийн хугацаатай л зээл өгдөг. Яагаад гэвэл хадгаламж хийж байгаа хүмүүс жилийн хугацаатай мөнгө хийдэг, жилийн дараа “сунгах уу, үгүй юу” гэж ярьдаг. Тиймээс төрөөс өөрийн чинь хэлдгээр цементийн үйлдвэр, ган төмөрлөг, арматур, тоосгоны үйлдвэрт урт хугацааны зээл олгох ажлыг Хөгжлийн банкаараа дамжуулж хийх хэрэгтэй. Мөнгө илүүдээд байгаа юм бол Хөгжлийн банк руугаа л тэр мөнгөө хийчих.
-Хөгжлийн банкинд одоо хэдэн төгрөг байгаа вэ?
-/инээгээд/. 200-300 сая доллар л байгаа. Гэтэл тэр банк бонд гаргаж, зээл авч байгаа шүү дээ. Заавал тэр банкийг зээл авахуулахын оронд “Манай төсөвт мөнгө их байна, нэг их наядыг нь Хөгжлийн банкинд өгье” гэл дээ. Хөгжлийн банк нь харин “Арилжааны банкууд төслөө шалгаруул, бид та нарын шалгаруулсан төслийг 20 жилийн хугацаанд санхүүжүүлнэ” гэх ёстой. Энэ хамгийн шударга. Одоо бол арилжааны банкууд 20 жилийн хугацаатай санхүүжилт хийж чадахгүй байгаа. Тийм учраас бизнесүүд бүгд зогсч, бүдрээд бүдрээд л унаж байна.
-Наад зах нь зэсийн үнэ, бусад орлогоо хэдээр төлөвлөсөн юм?
-Зэс, нүүрсний үнийг мэдээж зах зээлийнх нь үнээр төлөвлөсөн байна лээ. Гэхдээ энэ үнэ ирэх онд хадлагагдах уу гэдэг хэцүү. Үйлдвэрлэлийнхээ хэмжээг ч гэсэн их өөдрөгөөр харсан байна лээ. Хил гаалийн нэвтрэх чадвар ямар билээ, үйлдвэрлэсэн хэмжээгээрээ гаргаж чадах юм уу? Орлого тал дээр асуултын тэмдэгтэй зүйлүүд асар их бий. Хамаагүй, мэргэшсэн эдийн засагчид орлогоо төлөвлөсөн гэж бид итгэе. Гэхдээ өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн орлого төлөвлөж байгаа учраас зарлага дээрээ хянамгай байя. Замбараагүй олон конторын барилга эхлүүлээд төсвийн орлолго тасалдвал хичнээн хүний амьдрал сүйдэх вэ. 70-80 обект дээр 70-80 барилгын компани орж ирээд бариад эхлэг л дээ. Гэтэл тэд чинь урьдчилгаа төлбөрөөсөө гадна өөрсдөө банкнаас зээл аваад бариад эхэлдэг байхгүй юу. Жилийн дундуур төсвийн орлого зогсвол зээлийнхээ хүүд шатаад дуусна, Засгийн газар хариуцлагыг үүрэхгүй. Нэгэнт орлогоо тийм айхтар өөдрөгөөр төсөөлж байгаа юм бол зарлага чинь аюултай байж болохгүй. Нягт, зөв байх хэрэгтэй. Ийм саналууд гаргаж байгаа, дэмжигдэх байх гэж найдаж байна.
-Яагаад бид УИХ-д найдах ёстой юм?
-Энэ УИХ чинь дөрвөн жил ажиллаад эрх биш нэг зүйлийг ойлголоо. Маш их тэлсэн төсөв батлаад байна, энэ төсөв нь Монголын эдийн засагт асар их нөлөө үзүүлж байна гэдгийг УИХ-ын гишүүд бүгдээрээ ойлгочихлоо. Ийм их нөлөө үзүүлж байгаа юм бол ядахдаа буруу нөлөө битгий үзүүлээсэй гэж хүн болгон бодож байгаа. Бид дахиад сонгогдоо ч үү, үгүй ч үү. Ямар ч байсан бидний нүүрэн дээр айхтар буруу бодлогууд битгий гараасай, нэг удаа ч гэсэн зөв жишиг тогтооё гэдгийг нам үл харгалдзан маш олон гишүүн ярьж байна.

Дээр нь миний гаргах санал бол төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажил, зам барилга дээр очиж шав тавьдгийг болиулах хэрэгтэй. Ард түмний хөрөнгөөр хийчихээд “бид хийчихлээ” гэж ярих чинь увайгүй биз дээ. Үүний гайгаар хэрэггүй, үр ашиггүй, бутархай хөрөнгө оруулалтыг маш их хийж байна. Энэ улстөрчид чинь шав тавьж тууз хайчламаар, зурагтаар гармаар байна шүү дээ. Маш олон жижиг ажил хийчихвэл олон удаа гарах гээд байна. Тиймээс үүнийг болиулахын тулд Төсвийн байнгын хорооноос тогтоолын төсөл санаачилна. Шав тавихаа боль, ном уншиж, цай булдгаа боль. Бид чинь хэддүгээр зуунд амьдарч байгаа юм. Зүгээр л бариад яв. Тендер шалгарууллаа, компани ажлаа хийлээ. Тэр компани хашаан дотроо ямар ёс заншил хийх нь тэдний хэрэг, тэнд ажиллах хамт олон л баярлана биз. Түүн дээр Гантөмөр давхиж очоод тууз хайчлах ямар шаардлага байна.
-Уг нь бол улстөрчдийн оронд барилга барьсан, зам тавьсан компанийн нэр гардаг байсан бол барилгын чанар илүү сайжрах байх шүү?
-Э.Бат-Үүл гишүүн бид хоёр нэг хууль санаачилж оруулсан нь тэр байхгүй юу. Төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ явуулж байгаа компани өөрийнхөө нэрийг тавь гэж, хариуцлагыг тэд хүлээх ёстой. Ирэх жилээс тэр хуулиар явна, компаниуд хариуцлагатай болно. Надад бол ичмээр л байдаг юм. Долдугаар хорооллын шавыг жишээ нь би хоёр удаа тавьсан хүн. М.Энхболд Ерөнхий сайдтай нэг, Н.Энхбаяр Ерөнхийлөгтэй нэг удаа очиж тавьсан. Гэтэл одоо хаана байна тэр хороолол, ичмээр байгаа биз дээ. Одоо телевизээр гарч байгаа шав тавих ёслолыг харахаар миний дотор хутгадаг. Ямар ч утга учиргүй, хайран эфирийн цаг.
-Их жижигхэн хэрнээ хэрэгтэй л санаа байна. Жижиг чулуугаар том чулуу цохино гэдэг шиг?
-Жижигхэн мөртлөө аягүй чухал. Би олон удаа хэлж байсан. Сонгосон гишүүн чинь “Би ийм байшин бариулсан” гэж хэлбэл “битгий солиор” гэж хэлээрэй, наадах чинь ард түмний, та нарын мөнгө шүү. УИХ-ын гишүүний барьдаг байшин сав гэж юу байдаг юм гэж. Аргаа барагдахдаа Ш.Сайхансамбуу гишүүн хэлээ биз дээ, “тэгвэл хувийнхаа мөнгөөр юм хийж болох уу” гэж. Ингэж хувийнхаа мөнгөөр юм хийх өөр хүн байхгүй.
-Сайхансамбуу шиг тэнэг хүн үү?
-Мөнгөтэй хүн байхгүй. Бусдад нь тийм илүүдээ гарсан мөнгө байхгүй. Тэгсэн хэрнээ ард түмнээс хураасан мөнгөөр “би тийм юм хийчихлээ” гээд шоудаад явдаг. Монголоос өөр оронд ийм юм байдаг юм уу. Тийм учраас Байнгын хорооны тогтоол боловсруулаад УИХ-аар оруулна. Төсвийн байнгын хороо төсвийн сахилга батыг хянадаг учраас дэмжих байх гэж бодож байна. Болохгүй бол Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлнэ.
Нийтлэлч
Б.СЭМҮҮН
Эх сурвалж
Ардын эрх сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.