УИХ-ын бие даагч гишүүд уриалга гаргалаа
УИХ-д гурван бие даагч гишүүн байгаа.
2012.08.03

УИХ-ын бие даагч гишүүд уриалга гаргалаа

УИХ-ын бие даагч гишүүдийн зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, улс төрийн намуудад хандан уриалга гаргалаа.

 Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого хийн УИХ-ын сонгуулийн үеэр мөнгө, бэлэг сэлт тараан сонгогчдын саналыг худалдан авахаар завдсан гэмт хэргийн талаар Сонгуулийн Ерөнхий Хороо тэгш бус хандаж байгааг шүүмжилж энэ асуудлыг шударгаар шийдэж хуулиа чанд сахин мөрддөг болох, цаашид зөв жишиг зарчмийг бий болгоход өөрийн бүрэн эрхийн хүрээнд анхаарал хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уриалж байна. Мөн ард түмний итгэлийг хүлээж төрийн эрх барих үүргийг хүлээсэн УИХ-ын гишүүд намын эрх ашгаас илүү улс орны эрх ашгийг дээгүүрт тавин төрийн ажлыг тасалдуулалгүй явуулахыг улс төрийн намуудад уриалсан юм.

 Ялангуяа тойрогт нэр дэвшин ард түмнээс шууд сонгогдсон гишүүд намын бодлогод захирагдан ард түмний эрх ашгийг хөсөр орхиж болохгүй гэсэн байр суурьтай байлаа. Өөрсдийнх нь сонирхолд нийцэхгүй, таалагдахгүй байвал хууль яриад хориг тавьж, бусад тохиолдолд нүдээ анин өнгөрүүлдэг, намуудын тохироо, наймаагаар асуудлыг шийддэг жишгийг үгүй хийхийн тулд бид энэхүү уриалгыг гаргаж байна хэмээн өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр бие даагч гишүүд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар мэдэгдлээ. Төрийг цэвэр тунгалаг байлгах тухай улс төрийн намууд сонгуулийн үеэр амлаж байсан бол өнөөдөр үүнийгээ биелүүлж ам ажлын нэгдлийг харуулна гэдэгт итгэж байгаа илэрхийлсэн юм.