Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын даргын байр суурь эргэсэнд гайхаж байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдийн гол сэдэв Ерөнхий сайдыг огцруулахаар есөн гишүүн УИХ-ын даргад шаардлага өргөн барьсан тухай байгаа. Огцруулах хүртэл хурцатгасан шалтгаан юунд байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газар нь гадаадын компанитай нийлж хамтарсан мэдэгдэл гаргасныг нь УИХ-ын хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй гэсэн үг гэж ойлгож байгаа. Ингээд УИХ-ын гишүүд нь бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын тухай хуулийн долоогийн 11 дэх заалтыг үндэслэл болгон Ерөнхий сайдыг огцруулах тухай өргөх бичгээ барьсан.
-Яагаад чуулганы танхимд гардуулав?
-УИХ-ын удирдлагын зүгээс гишүүдийн тавьсан асуудлыг хүлээн авахаас илт цааргалсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл эхлээд цааргалаад дэд дарга Г.Батхүүг “хүлээж ав” гэж хэлсэн. Дэд дарга Г.Батхүүг өрөөнд нь бид цаг гаруй хүлээсэн боловч ирээгүй. Ингээд аргаа бараад УИХ-ын нэгдсэн чуулганы танхимд орж УИХ-ын даргад гардуулсан. Бид ямар улайссан халуун чулуу бариулах гэсэн биш, яагаад ингэж цааргалаад байгааг нь ойлгохгүй байна.
-Өргөн барьсан бичгийнх нь гол агуулга?
-Оюутолгойн гэрээг засч сайжруулах нь Монголын нийт ард түмний нийтлэг эрх ашигтай холбоотой. Бидний шаардлагад Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 40 дүгээр, 57 дугаар тогтоолд нийцүүлэх шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд бид Засгийн газарт удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа тухай. Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, мөн зүйлийн 4-т заасныг зөрчин, Засгийн газар хамтын шийдвэр гаргаагүй байхад 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Айвенхоу Майнз, Рио Тинто компанитай хамтарсан мэдэгдэл хийсэн тул Засгийн газарт Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хүсэл сонирхол байхгүй, сайжруулах чадамжгүй гэдгийг нотолж байгаа. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1-д “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэснийг хэрэгжүүлээгүй, улмаар зөрчсөн гэж бид үзэж огцруулахыг шаардсан.
-Та бүхний шаардлагыг ирэх сонгуулийн шоу гэж харж, харахыг хүсч буй хүмүүс олон байх шиг байна?
-Оюутолгойн гэрээг засч сайжруулах тухай зүйлийг гэнэтхэн гаргаад ирсэн юм биш. Анхнаасаа л тууштай шүүмжилж засч ирсэн. Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, З.Энхболд нарын бидний гишүүдийн зүгээс ч эрх зүйн орчныг засан сайжруулахаар Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан боловч харамсалтай нь бидний хуулийн төслийг хэлэлцэлгүй Хөрөнгө оруулалтынхаа гэрээг хийчихсэн л дээ.
-Хөрөнгө оруулагч компаниуд ч байр сууриа хүчтэй илэрхийлж байх шиг байна?
-Бид Улсын их хурлын гишүүнд олгогдсон эрхийнхээ дагуу л шаардсан. Түүнээс биш Оюутолгой, Айвенхоу Майнз, Рио Тинтод асуудал тавиагүй. Гэтэл Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд нь УИХ-ын гишүүдийн нэр дээр удаа дараа захиа илгээж, хууль тогтоох байгууллагаас гаргах шийдвэрт нөлөөлөхийг оролдож байсан. Хамгийн сүүлийн мэдэгдэл нь л гэхэд Монголын улстөрчдийг шуналтаж байгаа тухай байсан.
2009 оны долдугаар сарын 27-нд мөн компаниас УИХ-ын дарга болоод гишүүдэд захидал хүргүүлсэн байна. Үүнийг нь уншвал УИХ-ын дотоод хэрэгт оролцохыг санаархсан нь илт харагдана. Үүнийх нь хариуг УИХ-ын Тамгын газраас дарга С.Магнайсүрэнгийн гарын үсэгтэйгээр наймдугаар сарын 7-нд хүргүүлсэн байсан. Үүнийг уншвал “Захидлын агуулга, утга санааг цаашид бид олон жил хамтрах сайн түншийн талаас, мөн Оюутолгойн орд газар нь манай улсын ирээдүйн хөгжилд ач холбогдолтойг ойлгохыг хичээж буй хэдий ч ил захидалд дурдсан зарим асуудал нь Оюутолгойн орд газрыг ашиглахтай холбогдсон хөрөнгө оруулалтын гэрээний талаар эргэлзээ төрүүлэх зүйл бичигдсэнд харамсч байна. Учир нь үүнийг Монгол Улсын тусгаар тогтнол хөгжлийн замыг хөндлөнгөөс заах оролдлого гэж үзэхээр байна” гэж бичиж. Мөн цааш нь “Парламентад ард түмнийг төлөөлөн сууж буй УИХ-ын гишүүдэд ийнхүү эрээ цээргүй шахалт үзүүлэх болсон нь танай компанид улс төрийн соёлын наад захын шаардлага үгүй байгааг харуулж байна” гэсэн байна. Тэр захидалд “Та бүхэн салаа замын уулзвар дээр ирээд байна” гэжээ. Гэтэл Монголын ард түмэн бид хорин жилийн өмнө өөрсдийн сонголтыг хийж, шинэ Үндсэн хуулиа баталж өөрсдийн хөгжлийн замаа сонгосон гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрч байгаа. Манай улсын хөгжлийн замыг аль нэг компани тодорхойлохгүй гэж үзэж байгаа бөгөөд дарамт шахалт үзүүлэх гэсэн энэхүү захидлыг Айвенхоу Майнз, Рио Тинто компанийн дээд удирдлагын байр суурь гэдэгт итгэхгүй байна. Дэлхийд алдартай гэгдэх компаниудын нэр хүндийг Монголын ард түмний өмнө унагах хортой юм. Ийнхүү бүдүүлэг алхам хийсэн тул та бүхэн УИХ-ын гишүүдээс уучлалт гуйх нь зүйтэй” гэж өнөөдрөөс хоёр жилийн өмнө бичигдэж байсан байна шүү дээ.
-Засгийн газар УИХ-ын тогтоолыг зөрчөөгүй гэж үзэж буй. Та бүхний шаардлагыг боломжгүй зүйл гэж харж буй юм болов уу, аль аль талдаа?
-Бид огт болж бүтэмгүй шаардлага тавиад байгаа зүйл байхгүй. Жишээлбэл, анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг бусад ойролцоо орнуудын жишээтэй харьцуулж харвал ихдээ л 6,8 жилийн хугацаатай байна. Бид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмших хувь хэмжээг тавиас доошгүй хувьд хүргэх хэрэгтэй л гэж байна. Ингэснээрээ Монгол Улсын эдийн засгийн найдвартай баталгаатай болно гэсэн үг.
-Хөрөнгө оруулалтын гэрээг хүлээн зөвшөөрөхөд хангалтгүй гэж үү?
-2008 оны сонгуулийн дараагаар бий болсон хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн гэрээний төсөл орж ирсэн. Гэтэл энэ нь 2007 онд М.Энхболдын Засгийн газрын үед боловсруулан өргөн барьсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслөөс хоёр ч алхам ухарсан байдалтай байгаа. Сайжрах ёстой гэж ойлгож байсан чинь бүр эсрэг болсон нь энэ. Хайгуулын зардал 400 сая доллараас дээш гарахгүй, хөрөнгө оруулалтын хэмжээ 3,2 тэрбум доллараар тооцсон байсан. Гэтэл энэ нь хоёр дахин нэмэгдээд тэрбум гаруй доллараар хайгуулын зардлаа тооцсон. Хөрөнгө оруулалт 6.2 тэрбум доллар болсон байгаа юм. Мөн зэс хайлуулах боловсруулах үйлдвэр байгуулах үүргийг хөрөнгө оруулагч хүлээж, үүнийгээ биелүүлэхгүй бол гэнэтийн ашгийн татварыг нөхөн авах зэрэг хэд хэдэн эерэг үр дүнтэй гэрээ өмнө нь байсан.
-Гэрээнээс илүү хууль зүйн орчныхоо хүрээнд асуудлыг шийдэж болдоггүй юм уу?
-Ашигт малтмалынхаа хуулийн орчныг сайжруулсны дараа хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх нь зүйтэй гэхэд оруулсан хуулийн төслийг хэлэлцэлгүй хойшлуулсаар байсан. Ингээд сүүлд нь өсөн нэмэгдэх роялтын татварт Оюутолгойн гэрээг хамааруулах боломжгүй болсон. Ингэж зориудаар хугацааг хойшлуулж тэр хооронд хийдэл бий болгоод хөрөнгө оруулагчдад ашигтай байдал бий болгосон юм.
1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг гадаадын уул уурхайн компанийн нөлөөн дор баталсан юм байна билээ. Гадаадын энэ том компаниуд тухайн улсын уул уурхайн баялгийг авахын тулд эхлээд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийг оролддог. Яг л үүнийх нь дагуу Ашигт малтмалын хуулиар лиценз эзэмшигчдийн эрхийг хамгаалах зохицуулалтыг голлон оруулж, Монголын талын эрхийг хязгаарласан зохицуулалт хийсэн.
-Та бүхэн цөөнх мэт харагдаж байна. Ийм үед гадны зүгээс дарамт шахалт мэдрэгдэж байна уу?
-Би мэдэхгүй. Бидэнд нөлөөлсөн, дарамт шахалт ирсэн юм байхгүй л байна.
-Үр дүнд хэр найдаж байна?
-Бид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар гурван жилийн өмнө хэлэлцэж эхлэхээс өнөөдрийг хүртэл удаа дараа шаардлага тавьж ажиллаж байгаа хүмүүс. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашигтай байдлаар өөрчлөгдсөн өөрчлөлт бүр уйгагүй, цуцалтгүй шаардлага тавьж ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийн хүч гэж үзэж байна. Бидний хэдэн гишүүд саяхан улсын дархан хил дээр очоод хилээ манаад ирсэн. Хилийн дархан байдал бол найдвартай байна. Харин хуулийн дархан байдал найдваргүй байна. Оюутолгойн гэрээгээр уул уурхайн ашгийнхаа эхлэлийг тавьж өгч чадахгүй бол цааш нь Тавантолгой, бусад стратегийн ач холбогдолтой ордууд гээд баялгаа үр ашигтай ашиглаж чадалгүй гадагш нь урсгасаар байх болно.
-Үнэндээ Засгийн газрыг огцруулах тухай есөн гишүүний бичиг нь гэнэтийн зүйл боллоо. “Засгийн газрыг огцруулахын тулд дор хаяж 19 гишүүний гарын үсэг хэрэгтэй. Иймд С.Батболдыг огцруулах бичгийг энэ хэдэн гишүүн өргөн барих боломжгүй” гэж тайлбарлаж байсан. Гэтэл “Ерөнхий сайдыг УИХ-аас томилогддог албан тушаалтан” гэх талаас нь гаргалгаа гаргаснаар дээрх тоон хязгаарт нь хүргэх шаардлагагүй болж байх шиг байна?
-Бид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах” тухай заалтыг үндэслэн гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд л асуудлыг тавьсан.
-Та бүхний бичгийг хэлэлцэхгүй бол яах вэ?
-УИХ-ын дарга нь хаврын чуулганы хаалт, намрын чуулганы нээлтэд Оюутолгойн гэрээг УИХ-ын тогтоолтой нийцүүлэх хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлсэн. Харин сүүлийн хэдхэн хоногт байр суурь нь эргэсэн гэдэг нь бас л сонирхолтой санагдаж байна. Бид хуулийн хүрээнд асуудлыг тавьж байхад хайхрамжгүй хандсан. Хайхрамжгүй гэж хэлж байгаа нь чуулганы танхим дээр бичгийг хүлээж авч буй байдлаас нь харагдаж байна. Хэрэв иймэрхүү хайхрамжгүй байдлаар асуудалд хандаж, асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй бол цаашид бүр л хүнд нөхцөл үүснэ. Энэ үед УИХ-ын асуудал ч хөндөгдөх байх.