2020.08.17

Т.Доржханд: Сайжруулах бус дордуулсан тодотгол оруулж ирсэн байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

“Төсвөө сайжруулах гэж тодотгол хийдэг. Гэтэл үзүүлэлтүүд сайжирсэнгүй ээ Сангийн сайд аа. Алдагдал өссөн байна. Орлогоо алдсан тохиолдолд зарлагаа хэмнэх ёстой. Гэтэл зарлага өссөн байна. Буцааж хумих, ядаж хуучин түвшинд нь аваачиж болох уу?

Төсвийн алдагдал их байвал тоонууд нь муудна. Ингэхээр зээлжих зэрэглэлд нөлөөлнө. Ингэхээр гадаадаас орж ирэх эх үүсвэр үнэтэй болно. Ингэхээр ирэх жилийн 9 тэрбумын бондын өрийг хэрхэх вэ? Бид магадгүй өндөр өртөгтэйгээр дахин санхүүжилт хийх нөхцөл үүсэх нь ээ. Үүнийгээ хэрхэн тооцож байна вэ?

Дотоодын бондын зах зээлийг нээсэнд баяртай байна.

Монголбанкны төлөөллөөс ханшийн талаар асуумаар байна. төсвийн тодотголд хайгаад олсонгүй. Өнөөдрийн төвбанкны ханшаар тооцсон юм шиг байна. Төсөөллөө Монголбанк хэлнэ үү?

Ковид-19-тэй холбоотойгоор 2 талт хамтын ажиллагатай олон улсын байгууллагуудаас 870 сая дполларыг оруулж ирэхээр болсон. Үүний хэд нь орж ирсэн бэ?

Шадар сайдаас асууя. 8/22-д асуулга хүргүүлсэн. Саяхан нэгдсэн байдлаар юу болсон талаар ерөнхий мэдээлэл авлаа. Үүнийг дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Үндсэн хуулиараа Монгол хүн эх нутагтаа эргэж ирэх эрхтэй. Тов тодорхой тайлбар өгнө үү?”

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, шадар сайд Я.Содбаатар нар хариуллаа.