2020.08.17

Б.Пүрэвдорж: Сонгогдоогүй гишүүдийн тойрогт тавигдсан хөрөнгө оруулалтыг хассан байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

“Чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзлаа. Иргэдийн тавьж байсан асуултуудыг Засгийн газрын гишүүдээс асуумаар байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намарзан багийн малчин С.Мэндбаяр гэдэг хүн тус багийн Цагаанчулуут гэх газар Баян-Өлгий аймгийн нутагт орсон байна. Өвөг дээдсээсээ нутаглаж ирсэн энэ газартаа аж төрөх боломжгүй байна гэлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нутгийн хилийн цэсийг тогтоох асуудал ямар эрх мэдэл Засгийн газарт ирсэн бэ?

Алтай сумын Алтангадас багийн иргэн Дашхүү хэллээ. Ямар ч чанаргүй хувийн их дээд сургуульруу залуучууд оюутан болно гээд явдаг. Төгсөөд ажил ч үгүй лангуун дээр зогсож байх жишээтэй. Ингээд хөдөөд залуу малчидгүй болж байна. Хувийн их дээд сургуулийн тоог цөөлөх хэрэгтэй байна гэж хүсэлт тавьсан. Үүнд харилуж өгнө үү?

Жаргалан багийн С.Бадрах гэж хүн “Цар тахлыг Монголчууд амжилттай давж байгаа нууц нь монгол малын мах шүү. Тиймээс малын мах сүүг дэлхийд сурталжилах боломж шүү.” Гэсэн. ХХААХҮ-ийн сайдад хандаж байна.

Дуут сумын Шивэр багийн Ч.Төрбат гуай хүсэлт тавьсан. Дуут сумын Халзан бүргэдэй уулыг ухахаар Содмаргад компани 2008 онд хууль бусаар лиценз авсан. 2020 онд хугацаа нь дуусаж байгаа. УУХҮ-ийн сайд үүнийг сунгахгүй байгаарай гэж хүсмээр байна. Энэ бол Буянт голын эхийг бузарлаж байгаа шүү.

Нэрээ нууцалсан төрийн албан хаагчаас асуулгасан. Сонгогдоогүй гишүүдийн тойрогт тавьсан хөрөнгө оруулалтыг хасаад байна. О.Батнасан гишүүний тойргийн ажлыг хассан байна. Тайлбар өгнө үү?”

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон салбарын сайд нар хариуллаа.