2020.08.17

Б.Баярсайхан: Загастайн давааны замын шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгаж өгнө үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

“Дэлхийн улс орнууд бүгд л бүсээ чангалж, төсвөө тодотгож байна. Бид ийм хүнд үед төсвийн тодотголоо хэлэлцэж байна. Гэсэн ч хэд хэдэн зүйл зайлшгүй хэлэх шаардлагатай байна.

2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүх аймаг, орон нутгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбоно гэсэн зорилт тавьсан. Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан сайд энэ ажил бүрэн биелэсэн гэж хэллээ. Гэтэл Завхан аймаг ниыйслэл хоттой холбогдоогүй ганц аймаг байна. Загастайн давааны 67 км замыг барих гэж үе үеийн Засгийн газар, хэд хэдэн компаниуд оролдож байсан ч ямар нэг шалтгаанаар хийгээгүй дутуу орхисон. 2018 онд БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр 18,9 сая долларын зээлийн санхүүжилтээр энэ зам тавигдаж байна. Төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед Загастай давааны энэ зам дээр асуудал гарсан. 6,2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Салбарын дэд сайдын хамт газар дээр нь очиж ажилласан.

Энэ даваа бол улсын хэмжээнд хамгийн хэцүү 3 давааны замын нэг гэгддэг. Тиймээс ч ингэж удаан дуншиж байгаа. Замын ажил хийгдэх явцад 4 км шахуу үргэлжлэх чулуун уулыг бутлах ажил нэмэлтээр гарсан. Өмнөх компаниудын орхиод явсан карьерийг чөлөөлөх, 38 том шороон овоолго, мөн трасс чиглэл өөрчлөгдсөнөөс болоод цэвдэгтэй хөрснөөс ус гарч ирэх зэрэг асуудал гарсан учраас 6,2 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг Зам тээврийн хөгжлийн төвөөс тооцон гаргасан байна. Энэ хөрөнгийг Зам, тээврийн яамнаас төсөвт оруулж ирсэн ч тусгагдахгүй байх магадлалтай. Энэ мөнгийг өнөөдөр л тусгаж ажлыг үргэлжлүүлэхгүй бол энэ замд оруулсан хөрөнгө оруулалт дахиад 1 жил царцаад ямар ч үр ашиггүй болно. 12 жил үргэлжилж байгаа энэ замын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг төсөвт тавьж өгөх, эсвэл Эгзим банктай Засгийн газар уулзаж нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Энэ зам ашиглалтад орсноор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн биелж, Завхан аймгийн ард түмэн олон жил хүлээсэн замтай болоход та бүхэн шийдвэрээ гаргаж өгнө үү?

БСШУСЯ-ны төрийн нарийн бичгээр ажиллаж байхад 160 гаруй Хүүхэд харах үйлчилгээний байгууллагад 2400 хүүхэд хамрагддаг. 6 сарын төсөв нь 3 тэрбум орчим байдаг. Үлдсэн 4 сард бол 2 тэрбум төгрөг шаардлагатай болж байна. Тиймээс асуудлыг шийдэж өгнө үү?”