2019.10.17

Х.Нямбаатар: Нийслэлийн төсвийг нэмэгдүүлэх чиглэлд Сангийн сайд уян хатан ажиллах хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Улаанбаатар хотод нийт хүн амын 45% нь амьдарч байна. Хотын асуудлыг шийдэхэд ядаж нэг бодлогыбн баримт бичгийг санхүүжүүлэх төсөв тавьж өгөөч ээ. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд хотын асуудлыг шийдэх чиглэлд нилээд дугарч эхэллээ. Сангийн сайд энэ чиглэлд анхаарч, уян хатан хандана гэж итгэж байна. Нийслэлийн нийтийн тээвэр, хог тээврийн бааз шинэчлэл хийгдэхгүй байгаа. Үүнийг яах вэ? Нийслэлийн удирдлагууд бодлогын баримт бичгээ Сангийн сайдад үзүүлж, танилцуулах хэрэгтэй байна.

Эрчим хүчний хангалт авч чадахгүй байгаа иргэдийн судалгаа хийж үзсэн. Жишээлбэл СХД-т 350 гаруй айл эрчим хүчээр хангагдаж чадахгүй байна. Энэ асуудалд хэрхэн арга хэмжээ авах вэ?

Цаашлаад Монгол Улсын төсвийн бүтэцэд Засгийн газар хэзээ өөрчлөлт хийх гэж байна вэ? Цахим засгийн үйлчилгээ нэвтэрсэн энэ үед төрийн албыг цомхотгох, цомхон болгох тал дээр юу хийж байна вэ? Би СХД-ийн тамгын газар ажилласан. Өмнө нь 1 хүний хийдэг ажлыг 3 хүн хийнэ гээд байж байна. Чадвартай, чадваргүй томилгоо хаа сайгүй байна. Би өмнө нь ажлын байрны зураглал аваач ээ гэж үе үеийн ЗГХЭГ-ын дарга нарт хэлсэн. 120,000 цаашлаад 100,000 дотроо төрийн албаны бүтцийг аваачиж чадвал нийслэлд дутаад байгаа хөрөнгө оруулалт, том хөрөнгө оруулалтуудыг ч хийх боломжтой болно.

Улаанбаатар хотын төсвийг өөрчлөх тал дээр нийслэлээс сонгогдсон гишүүд анхаарч хэрвээ хийгдэхгүй бол 2020 оны төсвийн хуулийг батлуулахгүй гэсэн байр суурьтай байна."

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар хариуллаа.