БСШУБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргалаа
2020.08.18

БСШУБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргалаа

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.08.18/ хуралдаан 10 цаг 25 минутад 77.8 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Байнгын хороооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдааны эхний өдрөөс мөрдөж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хуралдаандаа хүрэлцэн ирсэн болон ирээгүй гишүүдийг сонгогдсон тойрог, нэрээр нь танилцуулах заалтын дагуу хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийг танилцууллаа.

Ингэснээр хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Танилцуулгадаа дурьдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхээр байгааг тэмдэглэлээ.

Танилцуулга, төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Г.Амартүвшин, Ж.Чинбүрэн, П.Анужин, Т.Энхтүвшин, Ч.Ундрам, Б.Жаргалмаа нар асууж, хариулт авсан. Асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нар хариулт өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох асуудал удаашралтай байдлаас шалтгаалж Боловсролын зээлийн сан зээл өгдөггүй гэсэн гомдол иргэдээс ирүүлж байна. Боловсролын салбарын цахим шилжилтэд дэмжлэг үзүүлэх, орчин үеийн технологи нэвтрүүлэх төсөв нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын түвшинд дэмжмээр байна гэсэн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, цаас нэхэж төрийн үйлчилгээ үзүүлдэг арга хоцрогдсон гэдэгтэй санал нийлж буйгаа илэрхийлээд “Ковид19” цар тахлын үед халдвар тархаахгүй байх, цаашид авлига, түгжрэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдэлд цэг тавих үүднээс Засгийн газар ойрын үед цахим руу шилжих шилжилтийг бүх яам, салбарт хийхээр зорьж байгааг хэллээ.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг шинжлэх ухааны суурь судалгааны болон дэлхийн шилдэг их сургуулиудад тэтгэлгээр суралцах зардал буурч төлөвлөгдсөнийг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин “Ковид19” цар тахлыг дотооддоо алдаагүй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхдээ оновчтой ажлуудыг төлөвлөх, төсвийг нь нэмэгдүүлэх боломжийн талаар асуулт асууж хариулт авав.

Асуулт, хариулт дууссанаар Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Ё.Баатарилэг, Ч.Ундрам, П.Анужин нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлан үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалангийн гаргасан Төсөл арга хэмжээний нэр өөрчлөх буюу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн барилга худалдаж авах гэснийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн барилга барих гэж өөрчлөх саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан Боловсролын зээлийн сангийн хөрөнгө оруулалтын урсгал зардалд 8.8 тэрбум нэмэгдүүлж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас буюу салбарын хөрөнгө оруулалтын санхүүжих дүнгээс мөн хэмжээний мөнгийг хасах гэснийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувь нь, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын гаргасан бараа, хангамж материалын зардал 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг боломжоороо танаж хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.5 тэрбум төгрөг нэмж тусгах саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь, Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн гаргасан цэцэрлэгт хамруулахгүйгээр шийдвэрлэсэн хоёр настай хүүхдүүдийн зардлаас хасаж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад хүүхэд харах үйлчилгээнд 2 тэрбум төгрөг нэмэгдүүлэх саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь тус тус дэмжлээ.

Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.

Дараа нь “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хийлээ. Танилцуулгадаа, Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчийн нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 784.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1 их наяд 178.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 559.0 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвөөс 1 их наяд 778.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 5.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үргэлжлүүлэн Үндэсний аудитын газраас хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар танилцуулав. Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг танилцуулгадаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын /хуучин нэрээр/ эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 121 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 97 байгууллагад дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамруулж, 4 байгууллагад итгэл үзүүлж, 1 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан 97 байгууллагаас 81 байгууллагад “Зөрчилгүй”, 13 байгууллагад “Хязгаарлалттай”, 2 байгууллагад “Сөрөг”, 1 байгууллагад “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 131.3 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 50.7 тэрбум төгрөгийн алдааг залрууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын /хуучин нэрээр/ эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Н.Учрал нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам “Сөрөг” болон “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” дүгнэлт өгсөн болон аудитад хамрагдаагүй байгууллагын талаар тодруулж, удирдлагад нь ямар хариуцлага тооцох талаар асуув. Асуултад Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын захирал Ц.Наранчимэг хариулахдаа, Спортыг дэмжих санд шаардлагатай баримт материалыг ирүүлээгүйгээс санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл үнэн зөв илэрхийлэгдсэн эсэх талаар аудитын хангалттай ба зохистой нотолгоог олж авч чадаагүй учир санал дүгнэлт өгөхөөс татгалзсан, “Дорнод” их сургууль болон Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд “Сөрөг” дүгнэлт өгсөн, Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдэл аудитад хамрагдаагүй. Эдгээр байгууллагуудын удирдлагад хуульд заасан ажлаас чөлөөлөх зэрэг хариуцлага тооцуулахаар хандсан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Шинжлэх ухаан технологийн санд аудит хийх талаар саналаа хэлж, мэдээлэл технологийн салбарт хэрэгждэг төсөл хөтөлбөр мөнгө угаах үйл явц болсон эсэх талаар асууж, хариулт авлаа.

Хуулийн төслийн талаарх танилцуулга, Аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан нар үг хэлэв.

Ийнхүү “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтлоо.