2020.08.17

Ц.Цэрэнпунцаг: Төсвөө танах, хасах гэхээс илүү орлогоо нэмэгдүүлэх чиглэлд тодотгох нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

“Төсвийн тодотгол ярихдаа орлогоо нэмэгдүүлэх чиглэлээ түлхүү ярих хэрэгтэй. Зураггүй, газар нь шийдэгдээгүй хөрөнгө оруулалтын ажлуудыг хассан байна. Гэхдээ бид хувийн хэвшлийнхэнээ дэмжихгүйгээр эдийн засгаа хамгаалах боломжгүй. Ажлын байр бий болгож, татвар төлж, төсвийг бүрдүүлж байгаа ААН-ээ дэмжих чиглэлд анхаарах ёстой.

Тойргуудад хийгдэх хөрөнгө оруулалтыг хассан тухай байнгын хорооны хуралдаан дээр ярих болно.

Төр хувийн хэвшлийнхээ үйл ажиллагаанд саад болохгүй байх ёстой. Ийм хүнд үед элдэв саад тавьж байгаа зүйлсээ цуцлах хэрэгтэй. Орлого нэмэгдэхгүй юм шиг танах, хасах зүйлсээ яриад байж болохгүй.

Банкууд мөнгөн эх үүсвэртэй байна. ААН-үүдийг зээл аваач гээд байгаа. Тиймээс орлогоо нэмэгдүүлэх чиглэлд ажилламаар байна.

Завхан аймгийн малчид отор их хийдэг. Өөр аймгуудад очихоор малчид хөөгддөг асуудал үүсдэг. Тиймээс үүнийг зохицуулах шаардлагатай байна.”