2019.11.13

Н.Амарзаяа: Орон нутгийн төсвийн орлого зарлагад бие даасан байх бодит боломжууд тусгагдаагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийг батлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Төсвийн хүрээний мэдэгдлийг макро төвшний судалгаа гадаад дотоод хүчин зүйлийн үндэслэлийг бодитой тооцоолоогүйгээс болж УИХ-аар 5 сард батлагдаад эргээд Төсвийн төсөл орж ирэхдээ 670 гаруй тэрбум төгрөгөөр орлогыг нь нэмэгдүүлээд орж ирж байгааг дэмжихгүй байгаагаа гишүүд хэлсээр байсан. Энэ асуудалд Төсвийн байнгын хороо ямар байр суурьтай ажилласан бэ? 

Төсвийн үйл явц алдаатай байна гэдгийг төсөв өргөн барих үед Үндэсний аудитын газар, төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төсвийн зарлагын хяналтын дэд хороо асуудлууд дэвшүүлсэн. Энэ дээр байнгын хороод ямар төвшинд шийдвэрт хүрч өнөөдөр гуравдугаар хэлэлцүүлгийн өөрчлөлтүүдийг оруулж ирж байна вэ? 

Орон нутгийн төсвийн орлого зарлагад ямар ч шинэчлэлүүд, бие даасан байдал төсвийн орлого зарлагыг нэмэгдүүлэх бодит боломжууд тусгагдаагүй. Орон нутаг бие даах, төвлөрөлтийг сааруулах тал дээр учир дутагдалтай ажилласан. 

Гаалийн шинэчлэлийн асуудлаар Монгол Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр Сангийн сайд удаа дараа ярьж байгаа. Энэ шинэчлэл дээр Алтан-булаг, Гашуун-Сухайт, Шивээ-Хүрэн хилийн боомтууд байгаа. Нэмж Цагаан-дэл уулын боомтын асуудлыг ярьж байгаа. Үүнийг орон нутгийн иргэд дэмжихгүй байгаа шүү.