2020.08.18

Н.Ганибал: Махны экспортоо сайжруулж, төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.08.18/ боллоо. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

“Махны экспортын талаар гишүүдийн асуултад ХХААХҮ-ийн сайд нэг л хариулт хэлээд байна. Ингэхдээ цэцэг өвчин, түүнийг дагасан хорио цээр, малын эрүүл мэнд гэсэн. Өнөөдрийн махны экспорт нь дулааны аргаар явж байна. Энэ тал дээр байр сууриа зөв илэрхийлж, төсвийн тодотгол хэлэлцэж байх үед экспортын асуудлаа ярих хэрэгтэй. Экспортоо тасалдуулахгүй явуулах шаардлагатай.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хадлан бэлтгэх талбай багасч байна. Мэнэнгийн талд хадлан хадах боломж багассан. Үүнийг бүгд судлаарай. Намар 90 гаруй сая мал намаржиж байна. Махны экспортоо нэмэгдүүлэхгүй бол цаашид улам хүндэрнэ. Ямар нэг арга хэрэгжүүлж махны экспортоо тогтмол үргэлжлүүлэх ёстой. Махны татвартай холбоотой асуудал байгаа бол түүнийг төсвийн тодотгол дээрээ оруулаад орж ирэх ёстой байсан. Үүнийг яагаад орхигдуулсан бэ?

ААН-үүдийн хувьд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд махны худалдаанаас өндөр орлого олж байна гэж. Дотоодын ААН тэгвэл яагаад ашиг олж чадахгүй байна вэ? Үүнийг судлан ажиллаарай. 17 ААН махны экспорт хийж байсан. Түүний 90% нь Монгол компани байсан. Мах экспортлож байгаа ААН бэлтгэсэн махнаас авч байгаа хураамж яагаад татвар болохгүй байна вэ? ААН-д эргэлтийн хөрөнгийг өгөөд гадныхны хийж байгааг пдотоодын ААН-ээр хийлгэж болдоггүй юм бэ?

З.Мэндсайхан сайдын хувьд өмнөх сайд нарын алдаа давтагдаад байна. Зөвхөн үнийн асуудлыг яриад байна. тэр хүмүүсийн орлогыг нэмэгдүүл л дээ. Яагаад бусдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хямд авах ёстой юм бэ? Татварынхаа бодлогоор мөнгөө аваад 20 мянган тонн махны нөөц бэлдэнэ гэж байгаа бол түүнийгээ зөв бэлтгээд хот суурин газрын хүнсний хэрэгцээг хангах шаардлагатай. Үүнийг дагаад таны удирдаж байгаа бүх салбар хөгжинө. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй гэх мэт салбар дагаад хөгжинө. Дараа дараагийн удаад махны экспортын асуудлаа цогцоор нь ярьдаг болмоор байна.”

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.