2020.01.28

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталлаа

Монгол Улсын Их Хурал, 

  • Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр,

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, 

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 

  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, 

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус  тус баталж, эдгээр хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхлээд байсан. 

Монгол Улсын хариуцлагын тогтолцооны бүрдэл хэсэг болох Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж цаашид зөвхөн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар, гэмт хэргийг зөвхөн Эрүүгийн хуульд зааснаар ойлгох хуулиуд нь салбарын давхардал, хийдэлгүй нэгдсэн систем ажиллах нөхцөлийг бүрдүүлэх алхамын эхлэл болсон. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас шинээр аливаа хууль хэлэлцэн батлах бүрт тухайн хуулиар зохицуулсан хориглосон, үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг шинээр зөрчилд тооцон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид тусгах эсэх асуудлыг тухай бүрт шийдвэрлэх хэрэгцээ шаардлага үүсэх бөгөөд зарим тохиолдолд үүнтэй уялдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн хууль тогтоомжийг практикт хэрэгжихүйц байх нөхцөлийг хангах шаардлага үүсэх юм. Тухайлбал, зөрчил, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг уялдуулах, зарим зөрчилтэй уялдуулан гэмт хэргийн шинжийг өөрчлөн найруулах, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлахтай зэрэгцэн хэд хэдэн хуулиуд батлагдаж, дагаж мөрдөх хугацааг янз бүрээр тогтсоноос шалтгаалан Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй байгааг тусгах зэрэг хэрэгцээ, шаардлага үүссэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударгаар шүүлгэх эрхийг хангах асуудлыг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн тусгасан. Өнгөрсөн хугацаанд энэхүү хуулийг хэрэгжүүлж ажиллах явцад холбогдох байгууллагууд болон иргэдээс гаргасан санал, хүсэлтээс үзэхэд тус хуульд заасан  зарим асуудлыг тодруулах, нарийвчлах хэрэгцээ байна. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг Улсын Их Хурлаар батлах явцад эхний хэлэлцүүлгээр дэмжигдэж, хуулийн төсөлд тусгагдсан санал, эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдэхгүй батлагдсаны улмаас хуульд үүссэн хийдэл, давхардлыг арилгах, мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөгдөн тусгагдсан заалтад нийцүүлэх шаардлага үүссэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 2017 онд холбогдох байгууллагууд нь зөрчилтэй холбоотой нийт 533.341 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 21.275 буюу 3,9 хувийг нь хүлээн авахаас татгалзаж, 12.656 буюу 2.3 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 497.912 буюу 93,3 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Мөн 2017 онд улсын хэмжээнд нийт 11.877 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 1695 буюу 14,2 хувийг нь хэрэгсэхгүй болгож, 7668 зөрчил буюу 64,5 хувьд зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих хяналтынхаа хүрээнд эрх бүхий байгууллагад нийт 180 удаа шалгалт хийж, 2383 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 113 шаардлага бичиж, биелэлтийг нь хангуулан ажилласан бөгөөд энэ хүрээнд 190 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрт холбогдуулан 97 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Прокуророос шүүхэд гаргасан  дүгнэлтийн 69 хувь нь эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар, 31 хувь нь шийдвэрт нь өөрчлөлт оруулах тухай дүгнэлт эзэлж байна.

Үүнээс дүгнэхэд өнөөдөр Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа эрх бүхий 13.000 орчим албан тушаалтны 60-70% нь хуульч бус бусад салбарын мэргэжилтнүүд байгаа тул зөрчил шалгах зарим тодорхой ажиллагаанд мөрдөх журмыг илүү ойлгомжтой болгох шаардлага тулгарч байв.

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байцаагчийн шалган шийдвэрлэх харьяалалд хамаарах зарим зөрчлийг гаалийн байцаагчийн харьяалалд хамруулсан, зөрчил шалгах зарим тодорхой ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэгжүүлэхээр хуульчилсан, мөн хүний биед гэмтэл учирсан эсэх, донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шинжилгээ хийлгэх үндэслэл, албадан эмчлэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг хуульчлаагүй орхигдуулсан тус хуулийн хэрэгжилтэд бэрхшээл учруулж байна.

Түүнчлэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх болон зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг хэрхэн зөвтгүүлэх талаархи зохицуулалт тодорхойгүй байна.

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн болон албаны нууцын тухай хуулиар өмнө төрийн нууцад хамаарч байсан мэдээллийг ”төрийн болон албаны” хэмээн ангилж, тэдгээрийг хамгаалах журмыг шинэчлэн тогтоосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг хэрхэн ил болгох асуудлыг шийдвэрлэх, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “төрийн нууц” гэсэн нэр томьёог хэрэглэсэн нь зөрчил шалгах ажиллагааны явцад тогтоох хамгаалалт нь зөвхөн төрийн нууцын ангилалд хамаарахаар болсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой болгох, зарим зохицуулалтын эшлэл зөрсөн зэргийг засах шаардлагатай болсон тул 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн багц хууль буюу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан юм. 

2019.09.17 Эрүүгийн багц хуулийн төслүүдийг өргөн барив.

Хуулийн төсөлд дээр дурдсан практик хэрэгцээ шаардлагад үндэслэн зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараахь байдлаар тусгасан. Үүнд:

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД:

1.Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, зарим гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгох;

2.Гэмт хэргийн хохирол, хор уршгийн ойлголтын уялдаа холбоог хангах;

3.Аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлэх;

4.Эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгах;

5.Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг хууль ёс, тэгш эрхийн зарчимд нийцүүлэх;

6.Шүүхийн практикт хуулийг хэрэглэхтэй холбоотой гарч байгаа буруу практикийг шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, үргэлжилсэн гэмт хэргийн зохицуулалтыг нарийвчлах;

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг практикт хэрэглэхтэй холбогдуулан зохицуулалтыг боловсронгуй болгох;

8.Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэрэгт оногдуулах ялыг ерөнхий анги болон тусгай ангид заасан бусад ялтай уялдуулах;

9.Зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийг тусгах, зарим гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан нэр томьёотой нийцүүлэх;

10.Бусад улс оронд нийтлэг хэрэглэгдэж тогтсон зарим ач холбогдолтой зохицуулалтыг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан бөгөөд эдгээрээс зарим зохицуулалтыг, жишээлбэл, байнга гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх ойлголт нь практикт хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч байгаа, эдгээр ойлголтыг практикт хэвшүүлэхэд нилээдгүй хугацаа шаардагдахаар байгааг харгалзан хуульд өөрчлөлт оруулах;

11.Зарим хуулийн болон хууль сахиулах байгууллагуудаас хуулийг хэрэглэхтэй холбогдуулан тодорхой болгох шаардлагатай зарим асуудлыг хуульд тусгах. 

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД:

1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулах;

2.Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих эрхтэй байхаар заах;

3.Мэдүүлэг авах тухай бүлэгт үндсэн шаардлага болон тусгагдсан боловч зарим нэг оролцогчийн эрхэд тусгагдаагүй асуудлыг тухайлан тусгах;

4.Практикт хэрэгжүүлэх явцад анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулах зэрэг асуудал гарч байгааг шийдвэрлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар өөрчлөх;

5.Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн ихэнх нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй байгааг харгалзан таслан сэргийлэх зарим арга хэмжээнд өөрчлөлт оруулах;

6.Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох зүйлд Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу өөрчлөлт оруулах;

7.Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах зорилгоор  хуульд тогтоосон зарим хугацаа нь практикт тухайн ажиллагааг явуулж багтахгүй байгаа саналыг харгалзан хугацааг сунгах зохицуулалт оруулах;

8.Хуульд ерөнхий заасан зарим асуудлыг нарийвчлан тусгах. Тухайлбал, яллагдагч яллах дүгнэлтийг хүлээн авахгүй тохиолдолд хийх ажиллагаа, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт орсон тохиолдолд хийх ажиллагаа зэрэг;

9.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи өөрчлөлтөд нийцүүлэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зохицуулалтад өөрчлөлт оруулах;

10.Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотой зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах;

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлд өөрчлөлт оруулах.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

1.Усан замын тээврийн тухай хууль зөрчих зөрчлийг нэмэх;

2.Төрийн нууцын тухай хууль зөрчих зөрчлийг Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчих зөрчил болгон өөрчлөн найруулах;

3.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчих зөрчлийг өөрчлөн найруулах;

4.Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль зөрчих зөрчлийг нэмэх;

5.Хог хаягдлын тухай хууль зөрчих зөрчлийг шинээр батлагдсан хуультай нийцүүлэх;

6.Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих, Нөхөрлөлийн тухай хууль зөрчих зөрчлийн давхардлыг арилгаж өөрчлөн найруулах;

7.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулагдаагүй аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж болон Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт гаргах талаар тусган холбогдох зөрчлийг хуульд тусгах;

8.Биеийн тамир, спортын тухай хууль батлагдсантай холбогдуулан зөрчлийг тусгах;

9.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зарим зохицуулалт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүнд хамаарах байгааг харгалзан зөрчлийг тусгах;

10.Түүнчлэн бусад хууль, эрх зүйн актуудтай холбогдуулан нийцүүлэх шаардлагатай, практикт хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэсэн зохицуулалтуудыг хэрэгжихүйц байдлаар өөрчлөн найруулах, тухайлбал Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад заасан зарим гэмт хэрэгтэй уялдуулан шинээр зөрчлийг томьёолон тусгах зэрэг болно.

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД:

1.Хуулийн 1.8 дугаар зүйийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан, шүүхийн  зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын давхардал, хийдлийг арилгах;

2.Зөрчил шалгах зарим ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэхээр зохицуулсныг өөрчилж, тодорхой хуульчлах;

3.Прокурор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаад гаргах шийдвэр, түүний журам, түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаад эрх бүхий албан тушаалтнаас гаргах шийдвэрийн нэг хэлбэр болох зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргах ажиллагааны журмыг тодорхой тогтоох;

4.Оролцогчийн эрхийн баталгааг нэмэдүүлэх зорилгоор хэрэг бүртгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тогтоох;

5.Зөрчил шалгах ажиллагаанд тодорхой эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцогч субьект болох шинжээчийн эрх хэмжээг тодорхойлж, шинжээчийг томилох шийдвэрийг хэн, хэрхэн гаргах болон шинжээчийн дүгнэлтэд тавих шаардлагыг хуульчлах;

6.Хялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлэх ажиллагааны журам болон шийдвэрт гомдол гаргах журмыг тодорхой зохицуулах;

7.Зөрчил үйлдсэн этгээдийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шинжилгээ хийх, шүүхээс албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргах журам болон хүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоохтой холбоотой журмыг нарийвчлан зохицуулах;

8.Тусгай журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахаар заасан баривчлах шийтгэл бүхий зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан болон албадан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг хуульд шинээр нэмж зохицуулах.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД:

1.Төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой болгох;

3.Тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн нь дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүхээс даалгасан үүрэг, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх талаар тусгана.

2.Хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаархи тодорхойлолтыг түүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлдэг байх зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ. 

Эрүүгийн багц хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн хамгийн их анхаарал хандуулж байсан заалт нь авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд байсан. 

Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн 

“Өмнөх хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчилсөнтэй холбогдуулан албан тушаалтнуудын авлига, хээл хахууль, улсын хөрөнгө мөнгийг завшсан асуудлууд замхраад байна. Хэрэгсэхээ больсон. Зарим хүмүүс “Хуулиар тогтоосон хугацаанд асуудал шийдэгдээгүй бол ямар ч ярих юм байхгүй” гэсэн тайлбар өгөөд явж байгаа. Зарим нь хөөн хэлэлцэх хугацаагаар ялгүй болчихоод “Намайг хэлмэгдүүлсэн. Би огт гэм зэмгүй” гээд яриад байгаа. Өмнө нь хэрэгт татагдсан хүмүүсийн асуудлыг сэргээж авч үзэх хэрэгтэй.”

Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга

“Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно. Яллагдагчаар татахаар хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Дахиж хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй гэсэн зохицуулалт энэ удаагийн хуулиар орж ирж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш хэрэг мөрдөн шалгах хугацааг ерөнхий хэргийг 2-оор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам шинэчлэгдэж байгаатай холбогдуулан хэрэг бүртгэл мөрдөн байцаалтанд байгаа хэрэгүүдийн хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлүүлж дахиж тоолно.”

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан. Тухайлбал, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг хэлсэн юм. 

Мөн Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад нэгдсэн бөгөөд энэ пактын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг учраас гэм буруугаа шүүхээр шийдүүлээгүй тохиолдолд энэ зохицуулалтад хамрагдахгүй гэдгийг тайлбарлаж байв. 

Харин Зөрчлийн хуультай холбоотойгоор иргэдийн хөдөлмөр эрхлэх, жижиг дунд үйлдвэржлэл үйлчилгээ эрхлэгчидэд Зөрчлийн хуулиар өндөр дүнтэй мөнгөн торгууль ногдпуулах нь бизнесийн орчинг улам муу болгож, иргэдийн хөдөлмөрлөх идэвхт сөргөөр нөлөөлж байгааг УИХ-ын гтишүүн Ж.Ганбаатар, М.Билэгт нар онцолсон юм. 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн багц хууль буюу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа. 

Ц.Соёлмаа