2019.10.04

Л.Болд: Хөөн хэлэлцэх хугацааг зассан нь өөрөө хулгай байсан

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04)   үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"ХЗБХ-ны хуралдаанаар гадна талд их буруу ойлголт өгсөн. УИХ хариуцлага алдах нь алдсан. Гэхдээ цаана нь гишүүд хоорондоо хэрэлдээд үлдсэн. Үүнийг хараад харамссан. Энэ бол өөрөө хуйвалдаан явсан. Анх сонгогдоод удаагүй байсан байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг буруутгах гэж оролдсон. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүнийг буруутгах гэж оролдож байгаа юм. Сайд байсан С.Бямбацогтыг ч буруутгах гэж оролдсон.

Энэ асуудлыг би чуулганы хуралдаанд 3 ч удаа босгож ярьсан. Энд хуулийн хулгай явсан. Баримттай дэлгэж тавьсан. Хөөн хэлэлцэх хугацааг зассан нь өөрөө хулгай байсан. Засгийн газар 11 хууль ард нь өргөн барьсан. Тэнд энэ байгаагүй. дээр нь ажлын хэсэг хуулийг хариуцаж бүх шатанд явсан. Гэтэл энэ яригдаагүй. Энийг мэргэжлийн ажлын хэсэг болох дэд сайд Б.Энхбаяр нарын хүмүүс хийсэн. Үүнийг би эрүүгийн хэрэг гэж харж байгаа юм. Энэ бол хүчингүй хууль юм. Өргөн баригдаагүй, шургуулж оруулаад санал хураалгасан хүчингүй хууль юм. Үүнийг УИХ таслан зогсоох ёстой. "