Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019.10.24

Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89.2 хувиар өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг орон нутагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15.5 хувийг эзэлж байгаа юм.

Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна.

Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх  Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.

Гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авч дуусан санал хураалт явуулахад 62,5 хувийн саналаар Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.