УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.19/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Улс орон орон бүхэнд тэр улс орныхон нь л ойлгодог нэг онцлог байдаг юм аа. Жишээлбэл, Солонгост будааны үнэ өсөхөд фермчид нь, фермийн ажилчид нь гарч ирээд хүрз жоотугаараа хүний амь сүйрүүлж аймаар бослого болдог. Америкт гэхэд өнөөдөр гэрийнх нь үүдэнд байдаг сонинг уншсан ч, уншаагүй ч аваад явчихвал Эрүүгийн нэлээн том ялтай байдаг. Манай Монголд болохоор хүн амын тавин хувь нь Улаанбаатарт байдаг болохоор малын хулгайг сайн ойлгохгүй байх шиг байгаа юм.
Мал гэдэг өнөөдөр малчдын хувьд үр хүүхдээс нь шахуу үнэтэй, хайрлаж, болгоомжилж, харамлаж “Тэр нь турчихсан байна, энэ нь өнгө зүс алдчихсан байна” гэж хамаг юмаа зарцуулаад явж байдаг. Гэтэл тэр хайрлаж байгаа зүйлийг нь хулгайчид аваад явчихдаг. Хайрлаж байгаа мориных нь толгойг тасдаад үүдэн дээр хаячихсан байдаг. Хүн нэг юманд залилагдчихаад бухимдалтай байдаг шиг ийм юм тохиолдсон малчин хүн аймшигтай бухимддаг. Хохирлыг нь хулгайч төлсөн ч гэсэн өөрийнх нь зүсмийн үхэр биш байна ш дээ гээд ингээд явдаг. Тэгэхээр, малаас болоод хүнийг шоронд хийгээд байхдаа яах вэ дээ гээд яриад байдаг ч гэсэн Монголын нэг онцлог байх ёстой. Хүний юм хулгайлахаа л больчих л доо. Нэг бодыг хулгайлбал хулгайч биш, хоёр бод хулгайлбал хулгайч гэж тоо заах хэрэг байгаа юм уу. Малаа хулгайд алдсан хүний үнэлгээгээр яагаад явж болдоггүй юм бол уу. Би үүнд гайхаад байгаа юм.
Жишээлбэл, морь гээд аваад үзэхэд хурдан удмын морь гэхэд хоёр гурван зуун сая төгрөгийн үнэтэй байдаг. Нөгөөхийг нь хулгайч хурдан байна уу, удаан байна уу хамаагүй махлаад аваад явчихдаг. Ганц бод байна гээд баларна шүү дээ. Мөн, маш их сүү гаргадаг, магадгүй хоёр сая ам.долларын үнэтэй ч францын сайн үүлдрийн үхэр байдаг шүү дээ. Манайхан төслөөр аваад ирсэн л байдаг. Гэтэл тэрийг нь нухаад аваад явчихвал яах юм. Мал гэхээрээ л үнэгүй юм шиг ийм байдлаар хандахаа болих хэрэгтэй. Тоо ярихгүйгээр тодорхой үнийн дүнгээр, тухайн үеийн ханшаар, эсвэл нэгжээрээ үнэлээд заачихвал зүгээр дээ. Ойролцоогоор нэг сая төгрөгөөр үнэлэгдвэл нэг сая төгрөгийн торгууль ч гэдэг юм уу, ийм байдлаар явбал шударга ёсонд нийцнэ.
Тэгэхгүй бол өнөөдөр “Малын тоогоор хохирлыг тооцно” гэвэл хулгайч нар“Хоёр мал хулгайлбал” гэсэн заалт орвол нэг мал л хулгайлна. Тэгээд айл болгоноос нэг нэгийг аваад, баригдсан газартаа ганцхан гээд ялгүй үлдэх магадлалтай. Манай цагдаа нар гэмт хэргүүдийг нь нэмчихдэггүй юм бол шүү дээ. Тийм учраас би та нараас ганц гуйх юм байна. Малын хулгайн асуудал гаарсан шүү. Хулгайч нарын арга нарийссан шүү. Фейсбүүк, твиттер үздэг болсон шүү. Бүх ухаалаг утсаараа үзчихээд “Хууль нь хөнгөн юм байна” гэж ойлгоно шүү. Тийм учраас малын хулгайн асуудлыг Эрүүгийн хуулиндаа оруулж ирээд зарим нэгэн заалтыг нааштайгаар шийдэгдчихсэн юм шиг боловч бодит байдал дээр чанарын өөрчлөлт орж чадаагүй байна шүү гэдгийг хэлэх гэсэн юм