Малын хулгайчид эрүүгийн хариуцлага тооцох хуулийг батлав
2020.01.16

Малын хулгайчид эрүүгийн хариуцлага тооцох хуулийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.16) хуралдаанаар   Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 15 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

Ажлын хэсэг төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, нэр томьёоны талаарх найруулгын засвар болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд тусгажээ. Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй ихсэж байгаа төдийгүй ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна.

Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломж гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. 

Тодруулбал, малын хулгайчид 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ял оноох юм. Хүндрүүлэх нөхцөл буюу найман бог, хоёр бодоос олон тооны мал хулгайлсан, хил давуулсан бол 2-8 жил хорих заалт тусгасан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлж дууссаны дараа гишүүдийн олонх дэмжиж хуулийн төсөл батлагдлаа.