2025.07.02
Ж.Алдаржавхлан: Гэр бүлийн асуудал аль байнгын хороонд харьяалагдах вэ?
УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нарын хуулийн төслийн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг НЭГТГЭН анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Аюулгүй байдал дээр байгаа Тусгай хяналтын хороо хууль зүйд очсоноороо юу дээрдэх вэ? Одоо байгаа нь ямар дутагдалтай байна вэ? Адилхан л Их хурлын гишүүд байгаа. Хууль зүйн байнгын хороон дээр очсоноороо ямар давуу талууд үүсэх вэ? Адилхан Их хурлын байнгын хороон дээр байгаа дэд хороонуудыг шилжүүлэх ач холбогдол байна уу, үгүй юу?
Хоёрдугаарт түр хороонуудад олон түр хороо байгуулаад л хуулиар байнгын хороо, дэд хороодын тоог нэмээд байдаг. Түр хороодын тоог нэмэхээр давхардал үүсгэх вий гэсэн болгоомжлол байна. Үүнийг ажлын хэсгийн ахлагч тодорхой хариулж өгнө үү?
Гэр бүлийн асуудал аль байнгын хороонд харьяалагдахаар байгаа вэ? Гэр бүлийн асуудалд онцгой анхаарахгүй бол саяхан аймшигтай гэмт хэрэг гарсан. Хэдэн эмэгтэйчүүдийг харгис нөхдүүдийн гарт алдаад дуусах юм шиг байна. Тийм учраас гэр бүлийн асуудлыг аль байнгын хороонд хамаатуулах вэ? Ер нь энэ хуулийг Гэр бүлийн тухай хуулиар дахин найруулж өргөн барьж нэмэлт өөрчлөлт хийхгүй бол хэдэн бүсгүйчүүдийгээ харгис хэрцгий хүмүүсийн гарт хугацаа өгч байгаад л алуулчхаад байна. Үүн дээр ямар бодолтой байна вэ?
Түүний асуултад, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуллаа.