
УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийг танилцууллаа.
Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороо, түүний харьяан дахь Тусгай хяналтын дэд хорооны эрхлэх асуудлыг ялган зааглаж, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой тагнуулын болон цэргийн тагнуулын /гүйцэтгэх ажил/ үйл ажиллагаанд тавих хяналтаас хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажил дахь хүний эрх, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтын чиг үүргийг салган тусгаарлах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-ын хуулийн биелэлтийг хянах асуудлыг мэргэжлийн Байнгын хороо болох Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, тусад нь Улсын Их Хурлын хяналтын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дэд хороо байгуулах үндэслэл, шаардлага үүссэн гэлээ.
Хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/-д заасан “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” бүрэн эрхийг хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог ажиллуулахаар тусгажээ.
Тус дэд хороо байгуулагдсанаар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих чиг үүргийг нарийвчлан тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагаас явуулсан гүйцэтгэх ажилд тавигдах Улсын Их Хурлын хяналтыг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллах тусгай хяналтын дэд хороо, хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-д тавих Улсын Их Хурлын хяналтыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллах тусгай хяналтын дэд хороо хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашдаа Хууль зүйн байнгын хороонд энэ дэд хороог байгуулаад зөвхөн дотоодод буюу иргэдэд явуулж буй гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл авч сонсдог байх ёстой гэсэн юм.
УИХ-ын гишүүн Э.Болормаа байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч