2020.08.20
С.Ганбаатар: Хууль санаачлах эрхээ алдана гэдэг нь хууль, шийдвэр гаргах эрхээ алдана гэсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.20/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
“Өнөөдрийн ярьж байгаа зүйл эзэн биетэй. Эрх баригч МАН үүн дээр хариуцлагагүй хандсан. Ер нь миний эрхэд халдсан гэж нэг ч гишүүн яриагүй байх. Бидний гуйж авсан ард түмний эрхэд МАН халдчихлаа. Өнөөдөр Ерөнхийлөгчөөс буцааж авсан эрхийг буцаан өгч байна. Гишүүдийн эрхийг хэзээ нэгэн цагт буцааж авах байх. ЕТГ-ын дарга Ө.Шижир зөв ярьж байна. Ерөнхийлөгч эрхээ авах гээд байга юм биш түүнийг сонгосон олон зуун мянган ард түмний эрхийг буцааж авах гэж байна. Бид жолоочдоо эрхээ булаалгачихлаа ш үү дээ. Дарга хаашаа явахыг мэднэ. Жолооч хаагуур явахыг мэднэ гэдэг.
Оюутолгойн гэрээг ярьж байна. Энэ гэрээг хэн санаачилж, хэн бэлтгэж оруулж ирсэн юм бэ? Л.Оюун-Эрдэнэ дарга үүнийг засах гээд махаа зулгааж байна. Тухайн үед Сангийн яам, Уул уурхайн яам, хууль зүйн яам Монгол улсын эрх ашгийн эсрэг гадныханы гар хөл болсон. Дубайн гэрээ, Бороо гоулд, 49, 51% дандаа Засгийн газарт ярьсан. Тэд сайн УИХ муу, Засгийн газарт эрхийг нь өгчихвөл Монгол Улс жаргалын замдаа орно гэж бодоод байх шиг байна. Худлаа шүү.
Гишүүдийг хариуцлагатай байлгах нь ард түмний эрх мэдэл шүү. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Яг Засгийн газрын эрх мэдэл биш шүү.
Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Монгол Улсын Засгийн газар бол Төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн гэж заасан. 9 чиг үүрэг бий. Түүнд хууль санаачлах эрх гэж алга. Харин хууль бэлтгэх, боловсруулах эрх нь байгаа. Санаачлах эрхээ алдана гэдэг нь хууль шийдвэр гаргах эрхээ алдана гэсэн үг.
УИХ-ын гишүүдийг хууль санаачлах, боловсруулахад туслах институцийн тухай хэн ч ярьдаггүй.Энэ тал дээр анхаарч ажил хийх хүн байна уу?”
Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.