2025.06.25

Б.Энхбаяр: Парламентын хяналт олон улсад хэрхэн хэрэгждэг туршлагыг сайтар судлах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.

Дэлхийн улс орнуудад гүйцэтгэх ажил гэх нэрлэгддэг зүйлд парламент нь хэрхэн хяналт тавьдаг вэ гэх асуудал олон жилийн турш яригдаж байгаа. Дэлхийн улс орнууд анх 1939 оны сүүлээр Германы нууц цагдаагийн алба буюу Гестапо гэж байгууллага парламентын буюу ард түмний хяналтаас гарч улс төрийн шийдвэр гаргах эрх мэдлээр дэлхийн 2-р дайнд түлхэн оруулж улмаар Герман улсыг, ард түмнийг үлэмж хохироосон гэж үзсэний үндсэн дээр анх дэлхий нийтэд нууц цагдаагийн албанд хэрхэн парламентын хяналтыг хийх вэ гэдэг асуудал яригдаж хууль тогтоомжууд  шийдэгдсэн байдаг. ОУПХ-ны Женевт төвтэй нууц мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн парламентууд хяналт тавих вэ гэдэг байгууллагаас Монгол Улсад зөвлөмж гаргасан байдаг. Дэлхийн улс орнуудад.

Энэ чиглэлээр хийгдсэн судалгаа төдийлөн их байсан болбол миний бие 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод 9 сард нь Парламентын судалгааны хүрээлэнгээр  парламентын хяналтын асуудлаар нь захиалгат судалгаа хийж үр дүнг авсан байдаг юм. Улмаар ХЗБХ-ны даргаар 2023 оны 7 сард ажиллаж байх үедээ Герман улсын энэ чиглэлийн парламентын хороо болон Женев төвтэй  байгууллагад судлаачдын баг явуулж бусад улс орны хууль тогтоомжуудыг орчуулж улмаар өөрөө ХЗБХ-ноос ажлын хэсэг гарган гүйцэтгэх үйл ажиллагаанд тавих УИХ-ын хяналт шалгалтын тухай бие даасан хуулийн төслийг боловсруулж дууссан. Харамсалтай нь өнгөрсөн парламентын үед энийг батлуулж амжаагүй. Хяналт гэдэг бол зүгээр нэг байнгын хороо, дэд хороог нэгтгэж салгаад энэ асуудал шийдэгдэхгүй. Энийг хууль санаачлагч бас өөрөө мэдэж байгаа. Хамгийн гол нь энэтэй холбоотой процессын шударга ёс буюу илүү энэ асуудлыг процессжуулж байж энэ хяналт тодорхой болно. Хяналт тодорхой процесс байхгүйгээс улбаалж үүсэж байсан. Би ганцхан жишээ хэлье. УИХ-ын гишүүнийг тагнуулын байгууллагаас хууль бусаар мөрдөн шалгасан байж болзошгүй гэх асуудал олон жилийн өмнө үүсэж байсан. Улмаар тухайн хууль бусаар шалгагдаж байсан гэх гишүүн өөрөө УИХ-аас ажлын хэсэг ахалж улмаар хавтаст хэргийн нууц маш нууцын зэрэглэлтэй материалтай өөрөө танилцсан асуудал гарч байсан. Энэ юу хэлж байна вэ гэхээр энэ чиглэлийн эрх зүйн орчин нэн тодорхой бус байгаа. Тийм учраас энэ асуудлыг цогцоор нь УИХ-д суудалтай олон намын төлөөллүүд дээр хамтарч өөрийн боловсруулсан хуулийг цогцоор нь шийдэх хүрээнд үүнийг дэмжихгүй байгаа. Энэ асуудлыг 2 намын бүлгийн даргад миний бие өчигдөр тавьсан. Ирэх 7 хоногийн Даваа гаргийн байнгын хороодын хуралдаанд олон улсад энэ чиглэлийн парламентын хяналт ямар байдаг вэ? Женевт төвтэй ОУБ-аас ямар зөвлөмж өгсөн.

Германд батлагдаж байсан хамгийн сүүлд энэ хяналт ямар байдаг вэ гэдэгтэй холбоотой хийсэн хуулийн төсөл болон судалгааны тайланг 20 минутад багтааж танилцуулах хүсэлтийг тавьсан. МАН-ын бүлгийн дарга зөвшөөрсөн байгаа. Бүлгийн хуралдаанд танилцуулна. АН-ын бүлгийн даргад мөн энэ асуудлыг танилцуулсан байгаа. Тийм учраас асуудлыг зөвхөн нэг дэд хорооны асуудлыг 2 салгаснаар шийдэх гэж байгаа юм шиг өнгөц дүгнэлт өгч бас мэдээлэл дутуу байдлыг залруулах үүднээс миний бие нэлээн тодорхой мэдээлэл өгч байгаад энэ асуудлыг хамтдаа шийдье гэсэн ийм хүсэл эрмэлзлээр энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлж байна.