Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолыг батлав
УИХ-ын чуулган: 2013.01.11 ны өдөр
2013.01.13

Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг шинэ оны өмнөхөн УИХ хэлэлцэж баталснаар УИХ-д бүлэггүй байсан МАН-ын төлөөллийн гишүүд албан ёсоор бүлэгтэй болсон билээ. Энэ үндсэн дээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байнгын хороодод хэрхэн харьяалагдах хүсэлтээ намын бүлгээрээ дамжуулан илэрхийлсэн байна. Мөн УИХ-ын гишүүний тангарагаа өргөөд удаагүй байгаа гишүүн Г.Батхүү, Д.Арвин, Ц.Оюунбаатар нар байнгын хороонд харьяалагдах хүсэлтээ нам, эвслийн бүлгээрээ дамжуулан илэрхийлсний дагуу байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлтт оруулах шаардлагатай болсон байна.  

 УИХ-ын дарга З.Энхболд Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдэд уншиж танилцуулав. Уг тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, гишүүн Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр, Н.Энхболд нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, гишүүн Су.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Дашдорж, Я.Содбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, гишүүн Д.Арвин, Г.Батхүү, Ж.Батсуурь, А.Тлейхан нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, гишүүн Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, гишүүн Г.Батхүү, Сү.Батболд, М.Энхболд нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, гишүүн Д.Дэмбэрэл, Д.Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нарыг Хууль зүйн байнгын хорооны, гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгасан байна.

    Тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжлээ. Тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд үг хэлэх санал гаргасныг УИХ-ын дарга зөвшөөрсөн юм. Тэрбээр хэлэхдээ, одоогийн мөрдөж буй хуулийн дагуу авч үзэхэд нэг байнгын хорооны бүрэлдэхүүнд АН-ын бүлгээс 8, “Шударга ёс” эвслээс 7, үлдсэн хэсэг нь бусад нам, бие даагчдын төлөөллөөс бүрдэж байна. Цаашдаа хуульд өөрчлөлт оруулж байнгын хорооны гишүүдийн тоог 21 болговол нам, эвслийн бүлгийн гишүүдийн бодитой харьцаа тогтох юм. Иймээс МАН-ын бүлгийн зүгээс хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачлахаар тогтсон. Энэ тухайгаа нам, эвслийн бүлгүүдтэй ч ярилцсан байгаа. Нэг гишүүн хоёроос илүүгүй байнгын хороонд харьяалагдах нь ажилд ч тустай, гишүүддээ ч тустай юм. Иймээс энэ төслийг дэмжиж өгөхийг нам, эвслийн бүлэг, бусад нам, бие даагчдын төлөөллөөс хүсч байна гэлээ.

Н.Энхболд:

Мөн тус намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин энэ хуулийн төслийг өргөн баривал дэмжих эсэхийг УИХ-ын даргаас асуухад З.Энхболд дарга энэ бол нам, эвслийн бүлгүүд ярилцаж шийдэх асуудал гэдгээ хэллээ.

    УИХ-аас 2012 оны наймдугаар сарын 1-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар УИХ-д шинээр Өргөдлийн байнгын хороо байгуулах, мөн урьд нь нэг гишүүн нэгэн зэрэг хоёроос дээшгүй байнгын хороонд харьяалагдаж байсныг гурваас дээшгүй байнгын харьяалагдан ажиллаж болох, энэ үүднээс байнгын хорооны гишүүдийн тоог урьд нь 17-21 гишүүний бүрэлдэхүүнтэй байсныг 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар өөрчилсөн юм.