2020.08.20

Ц.Даваасүрэн: Бид УИХ-ынхаа тогтолцоог зөв зохистой болгох шаардлагатай байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.20/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

“Нэгэнт бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй учраас ард түмний санал бодлыг илэрхийлэх боломжийг Үндсэн хуульд оруулсан байх. Тиймээс хоригийг дэмжих нь зүйтэй.

Нэг л мэдэхэд бид саяхан ахмад гишүүдээ шүүмжлээд явж байсан бол өнөөдөр бид ахмад гишүүн болжээ. Тэдний үүрэг бидэнд одоо ноогдож байна. Парламентын уламжлалыг хадгалах үүрэг ахмад гишүүдэд иржээ. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гарсан ганц хоёр дутагдалтай зүйлийг хэлье гэж бодож байна.

Өнгөрсөн хугацаанд 3 төрийн субъект болох Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар эрх мэдлээ байнга булаацалдаж ирсэн. Явсаар байгаад Засгийн газар нь томорсон. УИХ нь шалдан гуятай яваад байгаа. Бүх эрх мэдлээ бүгдийг нь өгсөн. Ерөнхийлөгч нь хүчний байгууллагын гол эрх мэдлийг өөртөө авсан. Түүгээрээ дарамталж бодлогоо хэрэгжүүлдэг. Ийм байдлаар явж ирсэн нь улс төр нийгэмд сайн зүйл авчраагүй. Одоо хууль санаачлах асуудал. Үүнд болгоомжтой хандах ёстой.

Бид батлаад 3 сар болж байж одоо дахин хэлэлцээд сууж байна. УИХ-ыг бас ийм болгосон. УИХ-ын гишүүн хууль санаачлахад амаргүй болсон. Харин Засгийн газарт амархан болсон. Институцийн хувьд элдэв шалтаг, судалгаа энэ тэр гээд хэцүү болгосон. Гадныханы гар хөл болж, бизнесийн салбараа хамгаалах гэж хууль санаачилж байсан хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Цаашид УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхийг цаашид энэ хэвээр явуулах юм бол бүтцийг бий болгож өгөх ёстой. Судалгаа хийдэг алба, төсвийн шинжилгээний алба, эдийн засгийн үйл ажиллагааг шинжилдэг, Засгийн газрын төслийг шинжилдэг алба байх ёстой. Сүүлдээ УИХ-ын гишүүний мандатад халдаж байна. Б.Пүрэвдорж гишүүний асуудал байна. Тэрээр ёс суртахууны алдаа гаргасан байж болно. Тэрэнд нь тохирсон ёс суртахууны хариуцлага хүлээлгэх ёстой. Түүнэс биш хөтөлбөрт, төсвийн тодотгол, санд оруулах эрхэд халдаж болохгүй. Энэ бол сонгогчдийн эрх. Үүнийг бид УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлахад ч ярьж байсан.

7 хоног хуралд энэ хүн оролцохгүй гэхээр Засгийн газрын үйл ажиллагаан хөтөлбөрт иргэдийнхээ саналыг оруулах вэ? Тиймээс ийм асуудал гарч байгаа учраас Их хурлынхаа тогтолцоог зөв зохистой болгоё. УИХ-ын гишүүн өөрөө л ёс суртахуунтай байх ёстой болохоос мандатын эрхийг хөндөж болохгүй.”

Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.