2025.06.25
П.Сайнзориг: Ерөнхий сайд өөрийн санаачилгаар УИХ-д мэдээлэл хийж болох уян хатан зохицуулалт бий юу?
УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2025.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Энэ төслийг зарчим, агуулгын хувьд бол ойлгож дэмжиж байна. Хууль санаачлагчаас асууя. Энэ асуудлыг уян хатан аль аль боломжийг нь хадгалсан байдлаар зохицуулах боломж бий юу? Гишүүд маань цаг үеийн болоод тодорхой чиглэлээр Ерөнхий сайдад урьдчилан асуултаа тавиад мэдээллээ авах нь чухал. Гэхдээ нөгөө талаасаа ЗГ-ын тэргүүн бас ийм асуудлаар УИХ-даа мэдээлэл өгмөөр байна гээд албан ёсоор хандвал тэрийгээ хуваарьт оруулаад тэр бололцоог нь үлдээвэл яадаг юм бэ? Нэг зүйлийг шууд байхгүй болгож өөрчлөөд байгааг жоохон анхаарч үзээч ээ. Тэгэхээр энэ асуудлуудыг хэлэлцэхийг дэмжвэл гишүүдийн сонирхсон асуултаар цагийг илүү үр бүтээмжтэй өнгөрөөх тал дээр зарчмын хувьд ойлгож дэмжиж байгаа шүү. Ер нь зүгээр бас ЗГ-ын тэргүүний хүсэлт гэдэг юм уу, албан бичгээр хандаад мэдээлэл өгмөөр байна аа гэвэл тэрийг нь харгалзаж үзэх асуудлыг бас зарчмын хувьд ойлголцоод явчихвал яасан юм бэ? Энийг ямар байдлаар зохицуулах боломжтой гэж хууль санаачид үзэж байна вэ? Эсвэл ямар шийдэл оруулж ирсэн бэ? Үүн дээр мэдээлэл өгнө үү.
Түүний асуултад, УИХ-гишүүн, хууль санаачлагч Х.Тэмүүжин хариуллаа.