Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
2017.06.07

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 2002 оны Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед  дайсны талд шилжин орсон бол  арван зургаагаас  хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 19.1 дүгээр зүйл “Эх орноосоо урвах”, 19.4 дэх хэсэг “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн хоёр гэмт хэрэгт хуваан тодорхойлсон гэдгийг дурдлаа.

Тус хуулийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьжээ. Иймд эдгээр гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэмт хэрэг болгон өөрчлөх шаардлагатай байна гэж хууль санаачлагч үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Энх-Амгалан нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.