УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.08.16

Б.Гарамгайбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай батлах ёстой

Ийгл телевизийн мэдээллийн хөтөлбөрийн зочноор УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар оролцлоо.

-Энэ сарын байдлаар Монгол улсын эдийн засаг ямар байгаа талаар нэгдсэн мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна.

-Валютынхаа гол эх үүсвэрийг хаахгүйн тулд одоо юу хийх ёстой вэ?

-Валютын өсөлтийг ганц Оюутолгойтой холбож ярих нь өрөөсгөл. Мэдээж гол эх үүсвэр нь Оюутолгой болоод уул уурхайн салбар байсан. Оюутолгойн далд үйлдвэрлэлийн ажиллагаа зогссоноор Монгол улсад орж ирэх валютын орлого тэр хэмжээгээр хомсдож байгаа.

Гарах арга зам нь гэвэл Засгийн газар Оюутолгойтой харилцан тохиролцох ёстой. Хоёрдугаарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хуулийг яаралтай батлан гаргаж, гадаадын хөрөнгө оруулалтуудыг яаж зөв ашиглахаа гадны хөрөнгө оруулагчдад ойлгуулах ёстой.

-Таны хувьд асуудлыг залруулах гарцыг хэрхэн харж байна вэ?

-Асуудлыг цэгцлэх ганц гарц нь хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай батлан гаргана. Энэ хууль нь гадаадын болон дотоодын бүх хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байж, урт хугацаанд тогтвортой үйлчлэх ёстой. Ингэж чадвал хөрөнгө оруулалт сэргэх боломжтой.

-Иргэдэд эдийн засгийн ирээдүйн талаарх таамгийг та ямар байна гэж хэлэх вэ?

-Бид зөвхөн Оюутолгойг харж эдийн засаг муудлаа гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл эдийн засаг олон эх үүсвэрээс бүрдэх ёстой. Уул уурхайг шүтэхээс гадна бусад үйлдвэрлэлүүдийг яаралтай сэргээх, Хөдөө аж ахуй, барилга,

ноос ноолуурын чиглэлийн үйлдвэрүүдийг яаралтай бий болгож, ажиллах хүчнүүдийг нь бэлдэх ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй. Ингэснээр зөвхөн уул уурхайгаас биш бусад валютын эх үүсвэрүүдээс орж ирэх арга замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна.

-Ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Одоогоор албан ёсоор ээлжит бус чуулган зарлах асуудлыг байнгын хороодод мэдэгдээгүй. Ерөнхийлөгч аюулгүйн зөвлөлийг хуралдуулсан. Магадгүй Засгийн газрын шийдвэр гараад УИХ-ыг зайлшгүй хуралдуулах шаардлагатай гэж үзвэл ээлжит бус чуулган хуралдахад бэлэн байгаа.

-Таны хувьд ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэх дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал, гадаад дотоод орчны байдлыг харахад ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай.

-Таны хувьд дотоодод мөнгө олох ямар боломжийг олж харж байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт багассан энэ үед хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийг бүрэн нөөцтэй байлгах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой.

Хамгийн гол үндэсний үйлдвэрлэгчдэд ажиллах боломжийг бий болгож, янз бүрийн хууль эрх зүйн орчнуудаа эргэж харах хэрэгтэй. Ингэснээр бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

-Яг энэ бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүд бий. Энэ хөтөлбөрүүд хэр үр дүнгээ өгч байгаа вэ?

-Засгийн газар, Монголбанк хамтарсан хөтөлбөрийг дөрвөн чиглэлд хөгжүүлж байгаа. Тэр нь бензин шатахууны үнийг тогтворжуулах, мах, гурил, барилгын салбарт. Тухайлбал, барилгын салбарт Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг орчин үеийн техник технологиор шинэчилж байна. Ингэснээр олон ажлын байр бий болгоод зогсохгүй олон барилга байгууламж баригдах боломжийг бүрдүүлж байгаа.

Бусад хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг богино хугацаанд яаралтай бий болгох ёстой. Тухайн үйлдвэрүүдэд ажиллах ажлын байруудыг олноор нь байлгаж чадвал монгол орныг гадаадаас хамааралгүйгээр хөгжүүлэх боломж бидэнд байгаа гэж үздэг.

-Эдийн засгийн уналтын энэ үед эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ямар үйл ажиллагаа эхлүүлж, арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Манай байнгын хороо өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Монгол орны эдийн засгийн засгийн өнөөгийн болоод гадаад, дотоод орчны байдал ямар байх, цаашид бид юу юун дээр анхаарах тал дээр ажлын хэсэг байгуулан, судалгааны материалуудыг бэлдүүлж дууслаа.

Асуудлыг цэгцлэх ганц гарц нь хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай батлан гаргах.

Хэрэв ээлжит бус чуулган хуралдвал хамгийн эхний хэлэлцүүлэх асуудал нь эдийн засгийн, гадаад орчны нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын чиглэл хаанаа доголдож байна, ямар арга хэмжээнүүдийг хэрхэн яаж авах вэ гэсэн иж бүрэн судалгааны материалыг бэлдээд байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай гаргах ёстой. Гурав дахь гол асуудал бол манай мөнгө олох бас нэг арга нь сайн засаглалтай компаниудыг хөгжүүлэх. Тэгэхээр компанийн тухай хуульд оруулж буй өөрчлөлтүүдийг маш хурдан хийх ёстой.