2024.01.05

Ц.Мөнхцэцэг: Эдийн засгийг төрөлжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй

УИХ-ын намрын чуулганы  /2023.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, уул уурхайн баялаг, хөгжиж байгаа зэх зээл гэдгээрээ Олон улсын хөрөнгө оруулагч нарын анхаарал татсан, боломжийн эдийн засгийн бүсчлэл гэж харагдана. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт дээр дотоодын хэвлэл мэдээллийн дээрээс нь тодорхой улс төрчдийн үндсэрхэг үзэлд тулгуурласан бэрхшээл байна. Монголын хөрөнгө оруулалтын талаарх олон улсын экспертүүд, олон улсын байгууллагуудын дүгнэлтээс харахад нэлээд хэдэн зүйлүүдийг хэлсэн байдаг. Тухайлбал, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг тогтворгүй бодлоготой, гадаадын хөрөнгө оруулагч нарт эрсдэлтэй, хэргийн маргаан шийдвэрлэх процесс нь ойлгомжгүйн дээр хууль эрх зүйн орчин тогтворгүй.  Энэ сөрөг үндэслэлүүд дээр Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой татаж чадахгүй байгаа.

Тиймээс хөрөнгө оруулалтын тухай хуулийг сайтар ярилцаж, дэмжих шаардлагатай байна. Хэдийгээр манай улсын хөрөнгө оруулалт уул уурхайн баялаг эзэлж байгаа ч, эдийн засгийг төрөлжүүлэх уул уурхайн бус салбарыг дэмжихийн тулд хөрөнгө оруулалтыг бүсчлэн салбараар нь дэмжих нь зүйтэй болов уу. Мөн олон улсын экспертүүд болон европын худалдааны танхим зэрэг байгууллагуудаас хэд хэдэн судалгаа хийсэн. Үүн дээр, олон нийтийн дунд, тодорхой улс төрчдийн өдөөн хатгалтын үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт эрсдэлтэй. Хөрөнгө оруулалтын шууд болон шууд бус бүрэн тооцсон мэдээлэл байдаггүй гэхчлэн сөрөг байдлыг хэлсэн байдаг. Иргэд болон тодорхой улс төрчдийн дунд хөөсрөл тэр дундаа байгалийн баялагт тулгуурласан үндсэрхэг популизмыг ч эдийн засагчид болон эрдэмтэд нэрлэж байгаа.

Үүний уршгаар бид бүхэн хөрөнгө оруулалтыг тогтвортой барьж чадахгүй байна. Одоо энэ байдлаа засах хэрэгтэй байна. Тиймээс олон нийтийн дунд хөрөнгө оруулалтын талаар тодорхой цэгцтэй мэдээлэл өгөх, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтыг шууд ба шууд бус аргаар ашгийг нь хэрхэн тооцох талаар ямар мэдээлэл, сурталчилгааны ажлууд хийгдэх вэ. Мөн хөрөнгө оруулагчдад тулгарсан маргааныг шийдвэрлэх, маргаан шийдвэрлэх олон улсын арбитрын журам орууллаа гэж байна. Тиймээс энэ тал дээр ямар шинэлэг зохицуулалт орсон талаар мэдээлэл өгнө үү.

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан