2024.01.05
Ц.Даваасүрэн :Монгол Улс ядуу хүмүүсээр дүүрэх хогийн сав биш!
УИХ-ын намрын чуулганы /2023.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр анхаарах зүйл байна. 50 мянган доллароор байр, машин худалдаж аваад Монгол Улсад байнгын оршин суух гаднын иргэдтэй болох нь. Энэ хууль дээр босго нь байхгүй. Хөрөнгө оруулалтын 4 хэлбэр байсан юм. Одоо бол маш олон төрөл болчихсон. Үүн дотор нь барилгад хөрөнгө оруулбал буюу зүгээр нэг хямдавтар байшин худалдаад авчихвал Монгол Улсад байнга оршин суух эрхтэй болж байгаа юм. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр ярьсан. Энэ заалт хэвээрээ явж байгаа юм байна. Энэ болохгүй шүү. Учир нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Манайхан хоёр хөршөө баян болчихсон л гээд байгаа. Тийм юм байхгүй. 1921 оны үед Цагаантнууд манай улсаар чөлөө орж гардаг л байсан ш дээ.
Тэрэн шиг дайны хор уршгаар ОХУ-д юу ч болж магадгүй. Хоёр том гүрний дунд оршин тогтносон үндсэнийхээ дархлааг хэрхэвч алдаж болохгүй. 1 сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулбал Монгол Улсад байнгын оршин суух эрх авч байгаа. Ингэж болохгүй. Монгол Улс ядуу хүмүүсээр дүүрсэн хогийн сав биш. Хөрөнгө оруулалтыг өөрсдийн хийж чадахгүй байгаа зүйл дээрээ, үзүүлж чадахгүй байгаа үйлчилгээ дээрээ, байхгүй технологи дээрээ авах ёстой. Түүнээс бүх салбарт хөрөнгө оруулалт авч, ажлын байраа булаалгадаг байж хэрхэвч болохгүй. Нөгөө талдаа, стратегийн салбарууд дээр гол бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт татна гэдэг ойлголт гадаад улсад байдаггүй.
Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан