2021.10.07

Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг ЭЗБХ-оос гадна өөр байнгын хороодоор хэлэлцүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Үүнийг тодруулж байгаа олон хүмүүс бий.Танилцуулган дээр 100 мянган долларын шаардлага нь анх бага хэмжээний хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр цаашид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа хөрөнгө оруулагч нарт бэрхшээл учруулж болох талтай гэсэн байна. Тааварласан юм шиг харагдаж байна. Судалгаа байгаа юу. Тааварлаж байгаа аливаа 10 зүйлийн 9 нь худлаа байдаг гэсэн үг байдаг. 50 мянган долларын хөрөнгө оруулсан бол гээд багасгахад гадны хөрөнгө оруулагчид хэдий хэмжээгээр өсөх вэ?

Монголд орж ирэх өгөөж нь ямар байх вэ? Энд 50 мянган доллар тохиромжтой юм гэсэн байна. Баримттай юм алга. Энэ асуудал аюулгүй байдлын байнгын хороо, визтэй холбоотой асуудал ХЗБХ-оор ордог. Үүнийг хөрөнгө оруулалт, эдийн засгийн талаасаа харж байгаа ч өөр байнгын хороонд бас хамааралтай зүйл явж байна.Тооцоо, судалгаа яаж гаргасан бэ? Холбогдох байгууллагуудаас ямар хариу авсан бэ? Эсвэл хууль бус манайд байгаа хүмүүсийг хууль ёсны болгох гээд байна уу? Энэ бас боломжтой манайх олон хүнийг албадан гаргадаг. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn