Цоо шинэ татвар нэмэгдвэл хөрөнгө оруулалтын хуульд оруулах уу гэдэг маргаан өрнөж байна
Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд шинэ татварыг оруулна оруулахгүй гэсэн маргаан их дэгдэж байна. Том компаниудаас оруулж ирсэн гэх дээрх заалт ажлын хэсэг дээр хасагдлаа.
Гэхдээ чуулган дээр энэ бүхэн эцэслэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн тодорхойлолтыг өөрчилж уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт ажиллах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчид хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байх заалт эргэн ирлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Гишүүдийн дунд яригдаж байгаа асуудал бол хөрөнгө оруулалтын тогтворжилтын гэрчилгээ авсан аж ахуй нэгж гэрчилгээ авсан хугацаанд шинэ нэр төрлийн татвар гарч ирэхэд тэрэнд хамрагдах тухай саналууд яригдсан. Хамгийн гол нь ойлголтын зөрүү байх шиг байна.
Энэ хууль бол дөрвөн нэр төрлийн татварыг тогтворжуулж байгаа. Цаана нь тогтворжуулаагүй үлдсэн 7-8 нэр төрлийн татвар байна тэр нь хөдлөх боломж байгаа. Яг гол шалтгаан нь Монгол улсад байхгүй цоо шинэ татвар гарч ирэх юм бол тэр нь хамаарахгүй гэдэг заалтыг хэлэлцэж байна” хэмээн хэллээ.