Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өргөн барилаа. Засгийн газрыг төлөөлөн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр уг хуулийн төслүүдийг УИХ-ын дарга З.Энхболдод гардуулав.
Энэ хуулийг өргөн барихын өмнө тус яамнаас Монголын томоохон компаниудын төлөөлөл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад танилцуулж, санал солилцсон юм.
Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага
2012 оны 3 дугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасах хандлага руу орсон бөгөөд 2013 оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 гаруй хувиар буураад байна. Гадаадын шууд хөрөнгийн дотоод эдийн засаг руу чиглэсэн урсгал буурахад дэлхийн эдийн засгийн байдал, дотоод дахь хууль, эрх зүйн шинэ зохицуулалт, шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн, 2010-2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэхэд нөлөөлсөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болсон нь хөрөнгө оруулалтын өсөлтийн хэмжээ буцаад байрандаа ирэхэд нөлөөлөв. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөвчлөх шаардлагатай байна.
1990 оноос хойш 2012 оны дунд үе гэхэд 14 тэрбум ам.доллар орчим гадаадын хөрөнгө оруулалт хийгдээд байна
1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2012 онд батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн зохицуулалт нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчид бизнес үйл ажиллагаа эрхлэх асуудлыг зохицуулах нэг зорилготой бөгөөд энэ асуудлыг олон улсын жишгэээр нэгдсэн нэг хуулиар зохицуулдаг байна.
Нөгөө талаас дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжсэн ямар нэг хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.2.2-т “хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлогын хүрээнд үндэсний хөрөнгө оруулагчдын эдийн засаг дахь хувь, оролцоог нэмэгдүүлэх, хамгаалах бодлого хэрэгжүүлж, бизнесээ өргөжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засгийн аюулгүй байдал, хөгжил дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх”-ээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалт оруулах саналыг дэвшүүлж байна.
Уул уурхайн салбарын огцом өсөлт ажиглагдаж байгаа энэ үед бусад салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулахгүй байх нь урт хугацаанд стратегийн чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн салбараас хамаарал багатай болгох, боловсруулах болон хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг газар нутгаар мөн төрөлжүүлж, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих хэрэгцээ, шаардлага үүсээд байна.
Энэхүү хуулийн төслөөр дараах томоохон зарчмын асуудлыг зохицуулахаар тусгана. Үүнд:
- Хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгоно.
- Хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг тогтвортой байлгах үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн 2/3 доошгүй хувийн саналаар шийдвэрлэхээр тусгана.
- Одоогийн эрх зүйн зохицуулалтад стратегийн ач холбогдол бүхий салбарт 1/эрдэс баялаг 2/банк, санхүү 3/хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байхаар тусгана. Учир нь эдгээр салбар нь тус бүр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг салбар тул төрийн зүгээс тусгай зөвшөөрөл олгохдоо хяналтаа сайжруулах боломжтой юм.
- Гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж ангилна. Хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 000 ам.долларын босгыг хэвээр хадгална. Харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар тусгана.
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгана. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгах юм.
- Түүнчлэн, олон улсын туршлагын дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчны талаар бүх талын мэдээлэл, сурталчилгааг явуулах, хөрөнгө оруулагчийг хүлээж биш, очиж авчирдаг ажлыг хэрэгжүүлэх “Хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн агентлаг”-/олон улсад нэр нь Invest Mongolia/-ийг байгуулахаар тусгах зэрэг болно.
Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг буюу 73.9% нь геологи, уул уурхайн салбарт хийгдсэн байна
Иймд дээрх хуулиар Монгол Улс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо тогтвортой байлгах, гадаад, дотоод гэж ялгалгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг тодорхойлж, уг баталгааг хуульд заасан хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид татварын орчинг тогтворжуулах гэрчилгээ олгох замаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих арга, хэлбэрийг тодорхойлох, хөрөнгө оруулагч болон төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгаж, хүнд суртлыг бууруулахыг зорив.
Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагаварын талаар
Энэ хуулийг баталснаар үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу үндэсний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварт эергээр нөлөөлж, үндэсний эдийн засгийн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадавхи нэмэгдэх бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх санхүүгийн эх үүсвэр нэмэгдэх, улс орны хэмжээний, томоохон төсөл хэрэгжих татварын таатай орчин бүрдэнэ гэж үзнэ.
Одоогийн “гэрээ байгуулах” аргачлалд суурилсан хязгаарлагдмал хүрээний зохицуулалтыг “гэрчилгээ”-нд суурилсан нийтлэг зохицуулалт болгосноор төрийн хүнд суртлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын хувьд цаг алдалгүй хөрөнгө оруулалт хийх, бүтээн байгуулалтын төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхээс гадна төрийн зүгээс тогтвортой байдлын баталгааг нийт хөрөнгө оруулагчдад өгснөөр салбар харгалзалгүй хөрөнгө оруулалт оруулах өргөн боломжийг бүрдүүлэх юм.
Манай улсад хөрөнгө оруулалтын тогтвортой, тунгалаг бөгөөд урьдчилан харах боломжтой эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн төрийн хувьд хөрөнгө оруулалтын зохицуулалтыг нэгдсэн бодлогын үндсэн дээр зохицуулах, хөрөнгө оруулалтыг бүртгэх, хянах, зохицуулах мэргэшсэн тогтолцоотой болох юм.
Түүнчлэн, хуулийн төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний дэргэд хөрөнгө оруулалтын хэрэгжүүлэгч агентлаг бий болох бөгөөд бүтцийн хувьд цомхон, төсвийн санхүүжилттэй байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан өөрчлөлт орох дагалдах хуулиуд
- Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай
- Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Аж ахуйн үйл ажиллгааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай
- Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай